/2023.06.03/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Колорадо мужид болсон АНУ-ын Агаарын цэргийн академийн төгсөлтийн арга хэмжээнд диплом гардуулах үеэрээ бүдэрч унажээ.
АНУ-ын хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох 80 настай ноён Байденыг эргэж босоход нь хүмүүс тусалсан бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй байна.
Уг арга хэмжээнд Байден төгсөж буй 921 сонсогч тус бүртэй гар барихаар цаг хагасын турш зогсож байв.
Цагаан ордны хэвлэлийн алба ноён Байден тайзан дээр явж байхдаа элстэй шуудайнд бүдэрсэн гэж мэдээлж байсан юм.
Харин ерөнхийлөгч тэр орой Цагаан ордонд буцаж ирээд сэтгүүлчдэд "Намайг элсээр дарж алах шахсан" хэмээн хошигножээ.
Эх сурвалж: ВВС