Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн далд авъяасыг илрүүлсэн нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн далд авъяасыг илрүүлсэн нь

Энэхүү зураг нь өөр сургуулийн зураг бөгөөд доорх нийтлэлд хамааралгүй болно.

/2023.5.25/ Тэгш хамруулан сургахын үр ашиг, нэг ч хүүхдийг ардаа орхихгүй байхын сайхны талаар бид цувралаар хүргэж байгаа билээ.

Хөвсгөл аймагт аутизмтай хүүхдийг энгийн сургуульд суралцуулан амжилт олсон талаар, Увс аймгийн Зүүнговь сумынхан нэгэн хүүг хэрхэн аварсан талаар өмнө өгүүлсэн.

Тэгвэл энэ удаад Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн багш О.Болор-Эрдэнэ хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн гэр бүлийнхэнтэй хамтран ажилласнаар яаж амжилтад хүрсэн талаарх захидлыг хүргэж байна.

Багш О.Болор-Эрдэнэ:

Би Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуульд багшилдаг. Одоо 9-р анги даан ажиллаж байна. Манай ангид 14 настай, хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүү суралцдаг.

Энэ хүүхэд маань сонсгол сул, хараа маш муу, хэл ярианы бэрхшээлтэй. Эмчийн оношилгоогоор нүдний хараа нэлээн муу, бага зэрэг доргиход нүдний судас тасрах, хараагүй болох магадлалтай гэсэн. Хэл ярианы хувьд ярьж чаддаггүй ээрээд алга болчихдог, тийм учраас мэдэхгүй хүмүүс яриаг нь гүйцэд сонсож чаддаггүй, төвөгшөөгөөд орхидог, ойлгодоггүй байсан.

Энэ ангидаа 9 жилийн турш суралцаж байгаа. Би ангиа 6-р ангиас нь дааж авсан. Өнгөрсөн хугацаанд ангиа дааснаас хойш 3 жил болж байгаа боловч ковидын хөл хорио зэргээс болж ангитайгаа үндсэндээ 1 жилийн хугацаанд л ажиллаж байна.

Эхэндээ ангийнхаа энэ хүүг дэмжих, туслах арга ухаанаа олохгүй дотроо бодоод л явсан. Хүүхдээ судалж мэдэхгүй, ойлголтгүй байсан учраас бас хугацаа алдсан байгаа юм.

Тэгээд манай сургуульд хэрэгжиж байгаа Японы хүүхдийг ивээх сан (ЯХИС)-гийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь 2” төслийн хүрээнд өнгөрсөн хавар багш нарт зохион байгуулсан сургалтад оролцсоноор хүүхдийн хөгжлийн ялгаатай хэрэгцээнд тохируулан хичээлээ зохион байгуулах ойлголттой болж, сургалтандаа хэрэглэгдэхүүн бэлтгэн ашиглаж эхэлсэн.

Энэ төсөл манай сургуульд 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Сургалтын менежер Б.Ариунбилэг сургууль дээрээ хариуцан ажиллаж, тусалж дэмждэг. Ангийнхаа 33 сурагчид нэг адилхан хөтөлбөрөөр сургалт хийх биш тухайн хүүхдэд тохирсон аргаар хичээлээ явуулахаар төлөвлөдөг болсон.

Энэ хүү маань багшийн яриаг сайн сонсохгүй, сайн харж чадахгүй хавсарсан бэрхшээлээсээ шалтгаалаад хичээлийн их хоцрогдолтой. Багш нар тэр бүр тоогоод байхгүй, хамгийн урд хэнд ч гэм хоргүй сууж л байдаг нэгэн.

Дээрх сургалтад хамрагдсанаар хүүхдийнхээ ялгаатай, онцлог байдалд тохируулж түүнд хичээлийн хэрэглэгдэхүүн ашигладаг болсон. Өөрөөр хэлбэл, сонсгол, хараа муу учраас багшийн самбарт бичиж тайлбарлаж байгаа хичээлийн 20-30 хувийг л ойлгодог, бичиж тэмдэглэж чаддаггүй. Тийм болохоор би монгол бичгийн хичээл дээр зөвхөн түүнд зориулж өөрөө бариад хараад унших, хараад бичих хэрэглэгдэхүүн бэлтгэж ажиллуулж байна.

"За, миний хүү энэ цаг дээр үүнийг бичээд уншаад галиглачих" гэхээр ер алдахгүй, жирийтэл нь зөв бичдэг. Бусад сурагчдаас хоцрогдолтой, одоогоор үсгээ үзээд явж байгаа. Гэхдээ энэ хэрэглэгдэхүүнийг ашигласнаас хойш монгол бичгийн үсгүүдээ маш сайн бичиж, сурч байна.

Дэвтэртээ алдаагүй зөв бичиж байнга онц авч, таван хошуугаар урамшуулал авсан байгаа. Ангийнханд нь бас дэвтрийг нь үзүүлж магтан урамшуулдаг. Бүх үсгээ үзээд дуусчихвал ангийнхаа түвшинд нэг нэг шатаар дөхөөд л байгаа гэсэн үг.

Тэгэхээр хүүхдийнхээ хэрэгцээтэй, ялгаатай, онцлог байдалд нь тохируулаад хэрэглэгдэхүүн бэлтгэж ашиглавал их хурдан, сайн бичдэг юм байна. Хүүхэд өөрөө ч урамтай, зоригтой чадаад байдаг. Хэдийгээр хоцорч байгаа ч гэсэн хичээлийн 40 минутанд юу хийгээгүй зүгээр суугаагүй, өөрийн хэмжээнд хийх зүйлээ хийгээд сурч байна. Бусад хүүдүүдтэй адилхан үнэлэх боломжгүй цчраас ахицаар нь үнэлж байна.

Ээжтэй нь 1 удаа утсаар нэлээн удаан ярилцсан. Тэгэхэд ээж

"Багш аа, манай хүүд нэг нууц авъяас байдаг юм. Тэр нь Рокит Бэй, Биг Жи зэрэг дуучдын үглэдэг дууг маш сайн сонсдог, дуулж сурсан, дуулахдаа хэмнэлээ мэдрээд ер алдахгүй, огт ээрч гацахгүйгээр үглэдэг гэсэн.

Үүнийг сонсоод би хүүд "Ангидаа багш нь чамайг зарлаад, чи дуугаа дуулаад ангийнхандаа нэг авъяасаа үзүүлье" гэсэн чинь зөвшөөрөөд дуулсан. Тэгсэн ангийнхан нь 9 жил хамт сурч байж тэр авъяасыг нь огт мэдээгүй байсан.

Ангийнхан нь сонсчихоод алга ташаад дахиулаад, ямар мундаг юм бэ гэхэд нь бид 2 урамшаад дараа нь СӨУЗ-ийн сурагчдад дуулж өгсөн. Тэгсэн ерөөсөө ичихгүй, тэгье багшаа дуулъя л гэдэг, их мундаг.

Өнгөрсөн жилээс би өөрөө ЯХИС-ийн төслийнхөө СӨУБ-ын чиглүүлэгч багшаар ажиллаж байгаа учраас тусгай хэрэгцээтэй сурагчаа дэмжээд өөртөө итгэх итгэлийг нь сайжруулахын тулд ноднин хавар СӨУЗ-д оруулсан. СӨУЗ-д орсноор олон найзтай болж, ангийн хүүхдүүд ч сайн ханддаг болсон. Аль болох олон үйл ажиллагаанд оролцуулж, нийгмийн харилцаанд оруулахыг хичээдэг. Ажиглаад байхад сайн чанарууд их байдаг. Түүнийг нь олж харж, нээгээд байвал сайн чанарууд гарч ирээд л байдаг. Үүнийг анзаарч дэмжээд урам өгөөд суралцахад нь дэмжлэг болдог.

Одоо өөртөө итгэх итгэл маш их нэмэгдсэн. "Би их ганцаарддаг байсан, та нар намайг ийм өөртөө итгэх итгэлтэй болгосон" гэж ангийнхандаа хэлдэг. "Багш аа, би ангидаа 9 жил сурсан ч ангийнхныхаа өмнө хэзээ ч дуулж, ингэж баярлаж байгаагүй" гэж ярьдаг. Дуулах авъяасыг нь мэдсэнээс хойш ангийнхан болон бусад хүүхдүүд их эерэг ханддаг болсон.

Багш бид тухайн хүүхдийнхээ бэрхшээлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх юм бол ойлголт, хандлага өөрчлөгдөөд хүүхдээ судалж, түүнд тохируулан хичээлээ зохион байгуулбал хүүхдэд эерэг өөрчлөлт их гардаг юм байна.

Ийм мэдлэг, мэдээллийг бид аливаа төсөл хөтөлбөрийн явцад л авч байна. Багш мэдээлэл аваад арга зүйд суралцаад явах их чухал санагддаг. Цаашид бусад бүх хичээлийнх нь багш нарыг ч тэгш хамруулах арга зүйд суралцах, миний хэрэглэсэн энэ тохирсон хэрэглэгдэхүүнийг тухайн хүүхдэд ашиглавал илүү эерэг өөрчлөлт гарах боломжтой гэдгийг ойлгуулна гэж бодож байна.

Эх сурвалж: "Бүх нийт-Боловсролын төлөө" Иргэний нийгмийн Үндэсний эвсэл

Монгол гэр шатаж нэг том хүн, нэг хүүхэд өртөж амиа алджээ
Монгол гэр шатаж нэг том хүн, нэг хүүхэд өртөж амиа алджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.