-БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ НЬ-
/2023.5.15/ Хүүхэд бүрийг тэдний ялгаатай шинж байдал, нийгмийн гарал үүсэл эсвэл чадвараас нь үл хамааран боловсролд тэгш хамруулан сургах аливаа улс орны боловсролын салбарын тэргүүний зорилт юм.
Боловсролд тэгш хамруулан сургах нь боловсролын салбарын урт хугацааны бодлого, түүний хэрэгжилт бөгөөд боловсролын хүртээмж, оролцоо, сургалтын үр дүнгийн ялгаатай болон тэгш бус хандлага, ялгаварлан гадуурхалт, хязгаарлагдмал байдлын бүх хэлбэрийг шийдвэрлэхэд бүх оролцогч талууд өөрөөр хэлбэл салбар дундаа тасралтгүй хамтран ажиллах үйл явц юм.
Боловсролд тэгш хамруулан сургах нь ямар ач холбогдолтой талаарх цуврал контентыг та бүхэнд хүргэж эхэлье. Эдгээр нь бүгд бодит амьдралын түүх бөгөөд эдгээрээс та бүхэн ч жишээ аван ажиллах бүрэн боломжтой билээ.
УВС АЙМГИЙН ЗҮҮНГОВЬ СУМ: Хүүхэд хамгааллын
багийнхан хүүтэй учирсан нь
Увс аймгийн Зүүнговь сумын Насан туршийн боловсролын багш Д.Цээмаа, бага боловсролын багш Т.Анхбаяр:
Увс аймгийн Зүүнговь сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Энхмэнд тэргүүтэй хүүхэд хамгааллын багийнхан ажил үүргээ гүйцэтгэн хөдөөгийн малчин айлуудаар явж байв. Энэ үед Баяннуур багийн малчин айлд нэгэн хүү сургуульд хамрагдаагүй өвөө, эмээ дээрээ байхтай таарчээ.
Тэр хүүгийн аав ээж нь салж, ээж хүүгээ дагуулан хот явсан боловч ээж нь архины хамааралтай болжээ. Ээжийнх нь эцэг эх хүүг өвлийн хүйтэнд хөл нүцгэн гадаа хөөж гарган шийтгэх зэргээр үл хайхардаг байсан тул аав нь өөр дээрээ авснаар нутагтаа өвөө эмээ дээрээ ирсэн байна.
Хүү хөдөө ирээд ч амьдрал хэцүү, ах дүү нарынхаа малыг хариулж явдаг байв. Хүү хотод байхдаа доороосоо байнга даарснаас үүдэлтэй “царцангишил” гэдэг өвчтэй болж өөрийн мэдэлгүй хаа байгаа газраа хувцсандаа бие засдаг болсон байна. Мөн уруул сэтэрхий, нийгэм эдийн засгийн статус доогуур, “хэцүү” буюу “аавын цээж” хэнхэгдүү яриатай хүүхэд байв.
Хүүгийн сайн тал нь их сэргэлэн, юм сурахдаа хурдан, зураг зурах дуртай.
Сумын Засаг дарга Б. Эрдэнэ-Очир их анхаарч ажилласан. Нийгмийн бодлогын мэргэжилтэн энэ байдлыг сумын насан туршийн боловсролын төвийн багш Д.Цээмаад мэдэгдэн сургуульд хамруулах арга хэмжээ авч хамтран ажиллаж эхэлсэн.
Хүүг шууд сургуульд бүртгэн сургахад бэрхшээл тулгарсан. Хотод байхдаа 3-р анги хүртэл 2-3 сургууль дамжсан, бага зэрэг уншина, бичнэ, бага зэрэг нэмж хасна, хүрдээ сайн мэдэхгүй байв. Түүнээс хойш сургуулиас гарч орсоор 14 нас хүрчээ. Сургууль завсардаагүй бол 9-р ангид сурах байв..
Мөн өвөө, эмээ нь малчин, хөдөө амьдардаг, хүүгийн өвчнөөс шалтгаалж дотуур байранд оруулах боломжгүй байв. Иймд насан туршийн боловсролын төвд сургах болж, хүүхэд хамгааллын баг санаачлан сумын төвд бүрэн тавилгатай иж бүрэн шинэ гэрийг шийдэж өгсөн.
Энэ ажилд сум даяараа тусалсан. Тухайлбал, эмнэлгийн ажилтнууд хандив цуглуулан зурагт антентай нь авч өгөх зэргээр нэг өдрийн дотор гэр бэлэн болж, эмээ нь хүүтэй сумын төвд амьдрах болсон.
Тэгш хамруулан сургах ажлыг насан туршийн боловсролын төвийн багш Д.Цээмаа хариуцан бусад оролцогч талууд болох сумын ЗДТГ, Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ), хүүхэд хамгааллын баг, эмнэлэгтэй хамтран ажилласан. Багш Д.Цээмаа тухайн хүүхэдтэй ажиллах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж хариуцах эзэн, цаг хугацааг тусгаж сумын Засаг даргаар батлуулсан юм.
Хүүгийн эрүүл мэндийн асуудлыг эмнэлэгт хариуцуулан сар бүр эмнэлэгт хэвтүүлж уламжлалт эмчилгээг хийлгэх болсон. Долоо хоногт 3-4 удаа орондоо бие засдаг байсан нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний үр дүнд бараг эдгэрсэн, гам барихгүй даарч хөрөх, ядрах зэрэгт сэдэрнэ.
Мөн нийгмийн халамжийн хэлтэс хүүхдийн мөнгө авдаггүй байсныг авдаг болгож, группт хамруулан асаргааны мөнгийг нь хүртэл шийдэв. Хүүхэд хамгааллын баг гэрийн эргэлтийг хуваарийн дагуу хийж ажилласан.
Гэвч асуудал бэрхшээл багагүй байлаа. Хүүг хотоос ирэхэд 2, 3 жил хонь хариулуулсан, энэ үедээ даарч хөрснөөс өвчин нь их сэдэрсэн байв. Аавын талын ах дүү нар нь сургуульд сургахад их дургүйцэж "Хонь хариулах хүнгүй боллоо, энэ одоо юугаа сурдаг юм, ирж хонио хариул" гэх зэргээр аашилж, сургуулиар яадаг юм гэсэн хандлага гаргана.
Боловсролын асуудлыг бага ангийн 2 багшид хариуцуулж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гарган танхимын сургалтын аргаар ажилласан. Хүүхдийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан амжилттай суралцахад гарааны үнэлгээ авч сургалтын агуулгын залгамж холбоо, ТДХ-ийн арга зүйгээр сургалт зохион байгуулж бодит үзүүлэн, хэрчмэл үзүүлэнг ашиглав.
Энэ бүхний үр дүнд хүү бага ангийн математик, монгол хэлний онолын мэдлэгтэй болсон. Аливаа зүйлд хандах хандлага өөрчлөгдөж, эмх цэгцтэй байдалд сурсан. Сурах сонирхол, идэвх, оролцоо нэмэгдэж, аливаа зүйлийн талаар эргэцүүлэн дүгнэлт гаргах чадвартай болсон.
Хөгжмийн сонсгол, ой тогтоолт сайн учир гитарын ганцаарчилсан дугуйлан хичээллүүлж сургасан, гарын ур дүйтэй тул баримтын шавраар бүтээл хийлгэх зэрэг ур чадвар дээр үндэслэн сургалтууд зохион байгуулав. Удалгүй хүү өөрөө сурна гэсэн тэмүүлэлтэй болсон. Ангийнхан нь хамтран ажилладаг болж, хүү ч өөрөө хүүхдүүдтэй их сайн харилцаатай, хамт хичээлдээ явдаг, найзалдаг болж нийгэмшихүйн хөгжил сайн болсон билээ.