Тэгш хамруулан сургахын давуу талын талаарх цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт Увс аймгийн Зүүнговь сумынхан нэгэн хүүг аварсан тухай мэдээлсэн, харин хоёрдугаарт Хөвсгөл аймгийн аутизмтай хүүхдүүдийг хэрхэн энгийн сургууль, цэцэрлэгт хамруулснаар эерэг үр дүн авчирж байгаа талаар өгүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад бид сонсголын бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд хамруулсны дараа хүүгийн ээж ямар сэтгэгдэлтэй болсон талаар хүргэж байна.
Ээж Н.Дэлгэрмаа: Хүүхдэд дэмжлэг л хэрэгтэй юм байна
Хүү маань 15 настай, 9-р ангид суралцдаг. Сонсголын бэрхшээлтэй буюу сонсголгүй. Ерөнхий боловсролын сургуульд 4 дэх жилдээ суралцаж байна. Анх 2 настайдаа 186-р цэцэрлэгт сонсголгүй багшаар хичээл заалган суралцаж, 1-2-р ангидаа 29-р тусгай сургуульд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын хос хэлний төслийн ангид орж суралцаж байсан юм.
БШУЯ-наас 2019 онд “Тэгш хамруулан сургах журам” гарсантай холбоотой Дохионы Хэлний Орчуулагчдын Холбоо (ДХОХ)-ноос хүүгээ ердийн сургуульд сургаж турших санал тавьсан. Хичээлд нь дохионы хэлний орчуулагчтай оруулна гэсэн учраас хүүдээ сайн тайлбарлаж өгч саналыг нь асуусан. Ингээд 5-р анги төгсөөд хүү маань зөвшөөрсөн учраас 16-р сургуулийг сонгон 6-р ангиасаа суралцаж эхэлсэн.
Гэрийнхээ ойролцоо, харъяаллын сургуулиа сонгож болох байсан ч тус сургуульд өмнө нь Жайка Олон улсын байгууллага (ОУБ)-аас тэгш хамруулан сургах боловсролын төсөл хэрэгжиж байсан учир удирдлага, багш нарын хандлага сайн байх гэж бодсон. Сургуулийн захиралд хүүгээ тус сургуульд сургах санал тавихад зөвшөөрсөнд нь их баярласан.
Хүүгээ ангийн хүүхдүүдэд нь сонсголгүй гэж танилцуулаагүй боловч хүүхдүүд ер нь дургүйцдэггүй юм байна лээ. Гол нь хүү маань сонсохгүй учир харилцах учраа олохгүй байснаас анх бэрхшээлтэй байсан. Одоо бол ангидаа найзуудтай болсон. Хүүхдүүд дохионы хэлний орчуулагчаар нь дамжуулж их харилцдаг. Орчуулагч ирээгүй үед ангийнхан нь хичээлийг нь бичиж өгөх зэргээр тусалдаг, гадуурхдаггүй.
Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооноос 4 дэх жилдээ орчуулагчаар хангаад явж байна. Мөн хичээл дээрээ орчуулагчийнхаа дохихыг хараад хичээлээ бичиж тэмдэглэж амждаггүй байсан учраас Жайка ОУБ-ын төслөөр 1 жилийн хугацаанд тэмдэглэл хөтлөгчийг туршиж ажиллуулсан. Тэмдэглэл хөтлөгч нь багшийн яриаг товчилж бичээд чатаар явуулдаг байсан.
Тэмдэглэлээ хуулахдаа багшийнхаа ярьсаныг санаж, хичээлээ сайн ойлгож авахад дөхөмтэй байсан. Одоо сургуульд санхүүжилт байхгүй гээд тэмдэглэл хөтлөгчгүй байгаа. Мөн сургуульд дохионы орчуулагчийн орон тоо, цалин байхгүй учраас энэ тал дээр дэмжлэг авч чадахгүй байна.
Анх 16-р сургуульд орж 1 жил туршсаны дараа хүүхэд өөрөө "Би цаашдаа сурч чадах юм байна. Хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуульд суралцах боломжтой юм байна" гэж ярьсанд нь ээжийн хувьд их урамшсан.
Гол нь хүүхэд сурах боломжтой, дэмжлэг л их хэрэгтэй юм байна. Хүү маань багаасаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан учир суулгаж сургах, анхаарлыг нь төвлөрүүлэх тал дээр анхаарч ширээний теннис, шатрын дугуйланд сургаж байсан нь ердийн сургуульд түүртэлгүй суралцахад нь сайнаар нөлөөлсөн гэж боддог.
Мөн багш нарт нь сонсголгүй хүүхдийн онцлогийн талаар тайлбарлаж өгч байвал багшийн зүгээс хүүхдийг ойлгож харилцах, онцлогт нь тохируулж хичээлээ заахад нь дөхөмтэй санагдсан. Жишээлбэл, англи хэлний багшид нь сонсохгүй байгаа учраас үгээ сайн цээжлэхгүй байгаа талаар хэлж өгсөн. Монгол хэлээ ч гэсэн тэр бүр утгыг нь ойлгохгүй талууд байдаг.
Сонсголгүйн боловсрол ТББ өнгөрсөн жил ангийн хүүхдүүд болон хичээл ордог багш нарт анхан шатны дохионы сургалтууд орсон. Сургууль дэмжиж өрөө тахимаар хангаж өгч байв. Тус ТББ ковидын үед теле хичээлийг орчуулж нэмэлтээр монгол хэлний хөгжүүлэх сургалтыг орж байсан юм.
Манай хүү багш дэвтэр дээр нь улаан балаар засаж үнэлгээ өгөхөд их дуртай байдаг. Багш нар сурсан мэдсэнийг нь үнэлэхдээ хичээлийн ирц, оролцоог нь илүү их анхаардаг юм шиг санагддаг. Хүү маань ердийн сургуульд сурснаар бусад сонсголгүй хүүхдүүдийг бодвол эрт биеэ дааж, өөртөө итгэлтэй, хичээл зүтгэлтэй болж тэгш эрхтэй гэдгээ ойлгож, нийгэмд өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэж боддог болсон.
Хүүхдээ боловсролд тэгш хамруулахад их олон талын оролцоо, дэмжлэг чухал юм байна гэж боддог. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ төлөө хууль эрх зүйн мэдлэг сайтай, мэдээлэл авах сувгуудтай хамтарч, үйл ажиллагаанд оролцож байх нь их чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах талаар төрийн байгууллагууд хууль, дүрэм, журам батлан гаргаж байгаа ч бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Харин энэ ажилд төрийн бус болон олон улсын байгууллагууд илүү санаачилгатай оролцон ажиллаж байна.
Энэ хугацаанд санхүүгийн хувьд хүндрэлтэй ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд биднийг үргэлж дэмжиж тусалж ажиллаж байгаа ДХОХ, Сонсголгүйн боловсрол ТББ болон бусад байгууллага, хүмүүст талархаж явдаг.
Эх сурвалж: Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл