/2023.5.9/ Хот дотор орших атлаа шувуудын жиргээ, ой модны шуугих чимээ, тунгалаг агаарыг мэдэрч амьдардаг газар бол Хадатын хөндий. Богд уулын барилгажсан хэсэг шиг уулын ар хормойд биш, энгэр ээвэр газар нар тосон оршдог энэ хөндийд Мянган айлын хауз суурин сүндэрлэж байна. Хотын төвийн хэт төвлөрлийг сааруулах бодлоготой, эрчим хүчний хэмнэлттэй, дэд бүтэц саадгүй гээд “Хадатын хөндий” төсөл нь шинэ цагийн бизнес моделийн нэг юм. “Хадатын хөндий” төслийг гүйцэтгэгч ЦОБА ХАУС компанийн бизнес хамтрагч М.Энхсайхантай ярилцлаа.
АЖИЛЛАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ХУВЬ ЭЗЭМШДЭГ
EMPLOYEE STOCK OPTION-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Та “Хадатын хөндий” төслийг удирдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Бизнесийн шинэ арга барилуудыг багагүй хэрэгжүүлсэн. Гэтэл дахиад шинэ сонинтойгоор уулзаж байна. Ямар үйл ажиллагааг нэвтрүүлэхээр зорьж байна вэ?
-Нэг хүний шийдвэрээс бүх зүйл хамаарсан хаалттай компани гэдэг маш явцуу юм. Манай ЦОБА ХАУС компани гэхэд л нийгэм, байгаль орчин гээд олон талын хамааралтай тул ганц хүнээс хамаараад яваад байж болохгүй. Тиймээс компаниа нээлттэй компани болгохоор төлөвлөж байна. Ингэхдээ компанийн ажилтнууд болон оршин суугчид маань тодорхой хэмжээгээр хувь эзэмшдэг байх шийдлийг төлөвлөсөн. Харин үүнээс өмнө санхүүгийн тайлангаа олон нийтэд ил болгохоор зорьж байна. Ер нь заавал хувьцаат компани л санхүүгийн тайлангаа ил гаргах албагүй. Компани сайн дураараа аудитын тайлангаа ил тавьж болно. “Хадатын хөндий гэдэг төсөл их хэмжээний ашиг олоод байна уу, эсвэл алдагдалтай юм уу” гэдгийг харж байж хүмүүс хөрөнгө оруулахаа шийднэ.
-Оршин суугчдадаа хувьцаагаа санал болгоно гэлээ. Яагаад заавал оршин суугчдад илүү их боломжийг олгож байна вэ?
-Оюутолгойн жишээг хэлмээр байна. Оюутолгой, TRQ компанийн хувьцаанаас хамгийн их худалдан авалт хийсэн хүмүүс нь монголчууд. Яагаад гэвэл, бид монголд байгаа учир мэдээлэлд илүү ойр байгаа давуу талаа ашигласан. Гэтэл бусад улс орны иргэдэд TRQ хувьцааны талаарх мэдээлэл хомсхон. Яг үүнтэй адил бид оршин суугчдадаа санал тавих нь зөв гэж үзэж байгаа юм. Нүдэн дээр нь барилгын ажиллагаа явагдаж байгааг харахаар барилгын чанар ямар байгааг мэднэ, мөн өөрийн амьдралын орчноо сайхан байлгахад өөрсдөө хувь нэмрээ оруулна.
-Харин ажилтнууддаа хувь эзэмшүүлэхийн давуу тал нь юу вэ. Монголд ийм жишиг бий юу?
-Ажиллаж байх хугацаандаа хувь эзэмшдэг Employee stock option гэж дэлхий дахинд нийтлэг байдаг. Ажиллаж байх хугацаандаа худалдаж аваад цалингаасаа гадна хувь эзэмшиж, ашиг авна. Гэхдээ ажлаасаа гарахдаа компанидаа хувьцаагаа худалдах ёстой. Зөвхөн компаний эзэд ашиг авах биш ажилтнуудтайгаа ч хуваалцая гэсэн бодол байгаа юм.
-Манай компаниуд IPO хийж байна гэх боловч үнэндээ жижиг хувьцаа эзэмшигчид ашгаа хүртэж чаддаггүй. Гэтэл захирлууд нь улам л том жийп унаж давхиад байх нь элбэг. Шалтгаан нь жижиг хувьцаа эзэмшигчид мэдээлэл хомс.
-Үйл ажиллагааны зардлаа өндөр гаргачихаад “Манайх ашиггүй” ажилласан гээд байдаг. Ажилтнууд, оршин суугчид маань хувьцаа эзэмшинэ гэхээр тэд мэдээлэлд илүү ойр байгаа хүмүүс учир компанийн удирдлагууд тэднийг хуурч чадахгүйд хүрнэ. Хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, компанийн удирдлагууд бүгд мэдээллийн эрх мэдлийн ижил түвшинд очно. Илэн далангүй байдлын гол илэрхийлэл бол энэ л юм. Бид 34-50 хувиа санал болгох төлөвлөгөөтэй байгаа.
-Гэхдээ танайх мянган айлын хаузаа бариад дуусчихвал хувьцаа эзэмшигчид цаашдаа юунаас ашиг олох боломжтой байх вэ?
-Энэ нь зөвхөн Хадатын Хөндий төслөөс хувьцаа авч байгаа хэлбэр биш, харин ЦОБА ХАУС компанийн хувьцаа эзэмшигч болж байна гэсэн үг. 1000 айлын хауз төсөл 40 хувьтай явж байна, мянган айлын хаузын Орон сууц, нийтийн үйлчилгээг бид өөрсдөө хариуцна. Мөн Хадатын хөндий нь томоохон төвийн хэмжээний төвлөрлийг бий болгох юм. Тиймээс Хадатын хөндийд оффис, үйлчилгээ, энтертайнмент гээд шаардлагатай бүхнийг бүтээн байгуулна. Мөн дараагийн илүү том 5000 айлын төсөл рүүгээ орно.
КОМПАНИЙН ЁС ЗҮЙ ЗӨВХӨН ИЛ ТОД БАЙДЛААР ХАНГАГДАХГҮЙ
-Компани болон бизнесийн ёс зүй гэдэг асуудлыг сүүлийн үед ихээр ярих болж. Та өөрийнхөө компанийг “Ийм учир ёс зүйтэй” гэж хэлнэ ээ гэвэл юу гэж тодорхойлох вэ?
-Манай компанийн өнгөрсөн түүх гэвэл шударга байсан. Харин ёс зүйтэй байсан уу гэвэл бас яг тийм биш. Заримдаа алдаа дутагдал гаргаж байсан, гэхдээ тэр нь санаатайгаар биш, харин хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд түүнийгээ нуухад хүрч байж. Гэтэл асуудлыг нууснаар хүндрэлийг даван туулдаггүй. Энэ нь эсрэгээрээ компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.
-Өнгөрсөн түүх нь тийм юм байж, тэгвэл одоо ямар өөрчлөлт гарав?
-Хөгжиж, урагшилж байна. Зарчимтай байна гэдэг миний гэрийн хүмүүжил. Боломжтой бол шийдээд, боломжгүй бол арга зам хайна, ярилцаж ойлголцоно, хамтарна. Хүндрэлтэй байдлыг нуух биш илэн далангүй байна гэдэг бизнест чухал. Иймээс л нээлттэй компани болохоор шийдсэн.
-Монголын компаниуд санхүүгийн тайлангаа гадаад, дотоод аль аль орчиндоо ил гаргадаггүй. Олон эрсдлийг дагуулдаг байх. Та юу гэж бодож байна?
-Нээлттэй компаниуд санхүүгийн тайлангаа ил тавьдаг. Гэхдээ би тэр тайланд нь итгэдэггүй. Тайлангаа тавьчихаар л бүх зүйл ил тод болчихлоо гэсэн үг биш. Тэр тайлан бодитой эсэх нь хамгийн чухал. Харин ил тавьдаггүй бусад компанийн хувьд хамгийн гол шалтгаан нь “Миний бизнес ашигтай гэдгийг мэдээд хүмүүс булаагаад авчихна, өрсөлдөгч болчихно” гэж айдаг болов уу. Манай хувьд гүйцэтгэл ба брэндээ бий болгочихсон учир айх зүйл байхгүй.
-Санхүүгийн тайлан бодитой эсэхийг баталгаажуулахын хувьд яах ёстой юм бэ?
-Нэр хүндтэй, хөндлөнгийн аудитын компаниар шалгуулсан байх ёстой. Гэхдээ компанийн ёс зүй зөвхөн ил тод байдлаар хангагдахгүй. Компанийн эзэд олсон ашигтаа сэтгэл ханаж сурмаар санагддаг. Олсон ашгаараа дахиад илүү их ашиг хийх гэж биш харин нийгэм, байгаль орчноо сайжруулахад яаж нэмэр болох вэ гэдэгт бүтээлчээр ханддаг байвал манай нийгэм илүү сайхан хөгжих нэг үндэс болно. Жишээ нь, компани жилд 10 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг боллоо гэж тооцъё. Гэтэл энэ жил ашиг нь өсөөд 11 тэрбум болчихжээ. 10 тэрбумийн хувьд нэмэлт 1 тэрбум төгрөг 10 хувийн л өсөлт буюу тийм ч их ялгаа үзүүлэхгүй. Харин илүү олсон нэг тэрбум төгрөгөөрөө өөр хэн нэгний амьдралыг өөрчилвөл, эсвэл бизнест нь хөрөнгө оруулвал илүү үр дүнтэй. Энэ нь буяны ажил хийхийг биш, зөв бизнест дэмжиж хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм. Боломж нь байгаа ч эдийн засгийн чадамжаасаа болоод өсөж хөгжиж чадахгүй байгаа олон бизнес байдаг. Жишээ нь, миний анхны үүсгэн байгуулсан компанид 2013 онд жолоочийн цалин 1 сая төгрөг буюу тухайн үед 800 ам.доллартай тэнцүү байсан. Энэ 800 доллар нь одоогийн 1000 доллар болох байх. Гэтэл өнөөдөр 3.5 сая төгрөгийн цалинтай жолооч байтугай барилгын инженер ч алга. Иймээс бид хамтарч хуучнаасаа илүү болох ёстой . Ингэж л хамтрахгүй бол бид үнэхээр урагшлахгүй, хөгжихгүй байна.
УР ЧАДВАРТАЙ ЦӨӨН ХҮН ИЛҮҮ БҮТЭЭМЖТЭЙ
-Ёс зүйтэй салшгүй холбоотой нэг зүйл бол ажиллах хүчин. Ажиллах хүчнийг тогтоон барина гэдэг шинэ цагийн бизнесүүдийн хувьд үнэхээр том сорилт болжээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хүмүүс ажилд орж л байдаг, гарч л байдаг. Тэд хувийн төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл компанийн захирлууд өөртэй нь насан туршдаа хамт ажиллах ёстой мэт боддог учир ажлаасаа гарах үед нь дургүйцдэг. Хэн ч өөртэй чинь насан туршдаа ажиллах “өргүй” бөгөөд ингэж бодох нь өөрөө хуучинсаг. Тиймээс юун түрүүнд тэд тогтохгүй байгаад гайхах хэрэггүй. Нөгөө талаар компани олон хүнтэй байснаараа ажил хийдүүлдэг хүний тоо нэмэгдэнэ үү гэхээс үр дүн багатай. Мөн ажлын цагийг заавал 8 байлгах нь хуучинсаг.
Манайх ажлын 7 цагтай. Хүмүүс маань түгжрэлээс өмнө ажилдаа ирж, түгжрэлээс амжиж гэртээ харьж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлнө. Намайг ЦОБА ХАУС компанид ажиллаж эхлэхэд нийт 70 орчим хүнтэй байсан. Одоо 50 орчим болсон ба оны эцэст 30 болох төлөвлөгөөтэй. Гол асуудал нь хүний ур чадвар.
Чаддаг, ур чадвартай хүмүүстэй аутсоурсингоор илүү төлөөд, бүтээгдэхүүнээ чанаржуулах нь илүү үр дүнтэй. Манай компани хаузандаа хамгийн сайн чанартай, хамгийн үнэтэй материалуудыг авдаг. Пазлхаус хаалга, Мегапластик цонх, Ану Сервис уурын зуух гээд л. Гэтэл эдгээрийг нийлүүлээд хйиж байгаа хүмүүс нь муу хийчихээр нөгөө үнэтэй материалуудыг шууд салхинд хийсгэчихэж байгаа юм.
Хэчнээн үнэтэй хаалга авсан ч угсарч байгаа хүн нь завсар зайтай хийчихвэл тэр хаалга, сайн хаалга биш. Харин хаалга нь тийм үнэтэй биш ч түүнийг угсарч байгаа хүн нь туршлагатай, сайн хийдэг хүн бол өнөө үнэтэй муу угсарсан хаалганаас илүү болно.
Манай “Хадат-2” төслийн зарим оршин суугчдаас ирсэн гомдлын учир нь ердөө энэ л байсан. Материалаар “зодсон хэдий ч хийж байгаа компаниудтайгаа уялдаа холбоог нь хангаж чадаагүй нь бидний буруу. Ковидын хэцүү жилүүд таарсан хэдий ч гэсэн. Тиймээс одоо компаниудтайгаа хамтраад засаж байна. Мөн энэ алдаануудаа ахин давтахгүйн тулд Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв болон бусад аутсоурсинг газруудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлсэн. Мөн HUAWEI компанитай хамтарч нарны эх үүсвэр ашиглахыг туршиж байна.
МОНГОЛД АНХНЫ МЯНГАН АЙЛЫН СУУЦЫГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА МААНЬ АЛДАА, ОНООНЫ ХАМТААР ТҮҮХЭН ТУРШЛАГА БОЛЖ ҮЛДЭНЭ
-“Хадатын хөндий” байгаль орчиндоо яаж хувь нэмэр оруулсан бэ?
-Манайх “Хадатын хөндий”-г барьж байгуулахдаа орчныхоо ойжуулалтыг нэмж 50 га-д хийхээр төлөвлөж, эхний 5 га-г нь бүрэн ойжуулаад байна. Ер нь яаж ч бодсон тэр хавийнхаа байгалийг онгоноор нь хадгалах, ой моджуулах, зүлэгжүүлэх зэрэг нь эргээд манай бизнест эерэг нөлөөтэй. Манай үнэ цэнийг улам бүр өсгөж байдаг. Тиймээс байгаль орчиндоо ээлтэй байх нь манайд тал бүрийн ашигтай.
-Танайх 1 хувийн зээлийг хауз худалдан авагч нартаа санал болгож байгаа гэсэн. Энэ ямар учиртай вэ?
-“Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц” буюу манайхаас хауз худалдаж авч байгаа хүнд Хас банкнаас сард 1 хувийн хүүтэй 200 сая төгрөг хүртэл зээл олгоно гэсэн үг. Ердийн хаузанд ийм зээл олгохгүй, манайх бол эрчим хүчний хэмнэлттэй хауз учир өгч байгаа юм. Манай компани Барилгын эрчим хүч, хэмнэлтийн төвтэй хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө авч хаузаа илүү сайжруулсан. Эрчим хүчний хэмнэлтийн үнэлгээ нь В болсон. Энэ мэтээр бизнесүүд бол Их сургуулиуд, судалгаа, мэргэжлийн байгууллагынхантай хамтран ажилламаар юм билээ. Шинжлэх ухаан манай улсад хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь шинжлэх ухаан-бизнесийн хоршил ажиллахгүй байна. Мөн манайх хаузаа модоор барьдаг нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй учир мөн үнэлэмж нь нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа.
Хадат-4 хувьд яг нэг жилийн өмнө 195 сая төгрөг үнэтэй эхлэснээс хойш 50% борлуулагдаад үнийн 35% өсөлттэй 264 сая төгрөг болоод байна. Хадат-2 төсөл маань ч эзэмшлийн хашаатай болж шинэчлэгдсэн. Бид энэ жилээс эхлээд нийлүүлэлтээ багасгаж жилд 72 хаузнаас дээш борлуулахыг зогсоосон.
-Хауз худалдан авагчдын хувьд зээл нь тийм таатай нөхцөлтэй байх нь. Тэгвэл нөгөө талаасаа барилгын компаниуд банкнаас зээл авч байж ажлаа явуулдаг. Эргээд асуудалд орох нь ч элбэг. Энэ тал дээр?
-Хадатын хөндий төслийг анх эхэлж байхад манай компани банкнаас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэж авахын тулд тухайн үед төслөө 20 тэрбум төгрөгөөр үнэлүүлж барьцаалсан. Тухайн үед байшин баригдаагүй суурийг нь үнэлж байсан, одоо хаузууд баригдаад зах зээлийн үнэлгээ нь 3 дахин өссөн. Худалдан авагчид маань мэдээж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахыг хүснэ. Ингээд бид зээл авсан банкандаа “Бид танайхаас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад, төлсөөр 8 тэрбум үлдсэн. Манай барьцаа хөрөнгийн үнэ жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс цөөн хэдэн хаузны гэрчилгээг гаргаад өгөөч” гэхээр “Үгүй, бүх зээлээ төлж байж ав” гэдэг.
Манай зээлнээс 6 дахин их хэмжээний хөрөнгийг маань буюу 110 хаузыг барьцаалчихсан атлаа ингэж хэт давуу байдал гаргаж байгаа юм. Ийм асуудал барилгын бүх компанид учирч байна. Худалдан авагчид барилгын компаниудыг л луйварчин гэж үздэг. Гэтэл манай банкууд уян хатан ажиллаж огт чаддаггүй.
Банкууд бизнесийн үйл ажиллагаатай уялдаж барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх эсвэл үнэлгээг нь өөрчилдөг байх ёстой юм. Дэлхий дахинд ийм л байдаг. Манай банкууд үйл ажиллагаагаа сайжруулахыг цаг үе шаардаад байна.
-Банк үнэхээр үйл ажиллагаагаа сайжруулж чадахгүй, нийгэмдээ ээлтэй байж чадахгүй бол түүнийг өөрөөр орлуулах арга байна уу?
-Банк нь бизнес эрхлэгчид болон үйлчлэгчид зээл өгч, хоёр талаас хүүгийн ашиг хүртчихэж байгаа юм. Мэдээж эрсдлийг үүрч байгаа хэдий ч голд нь бул хар чулуу шиг ямар ч уян хатан үйл ажиллагаагүй сууж байгаа нь орчин цагт тохиромжгүй. Иймээс хөрөнгө оруулалтын сан бол хамгийн зөв шийдэл болно гэж бодож байна. Би хувьдаа 2 төрлийн хөрөнгө оруулагч байдаг гэж боддог. Эхнийх нь, амьдрах гэр болгон худалдан авч байгаа хөрөнгө оруулагч ба хэдэн жилийн дараа үнэ нь өсөх нь гарцаагүй гэсэн сэдлээр худалдан авч байгаа тухайн бүтээгдхүүндээ хөрөнгө оруулагч, хоёр дах нь Компанид хөрөнгө оруулж байгаа хүмүүс тухайн бүтээгдэхүүнээс биш үйл ажиллагаанаас нь ашиг хүртэх зорилготой байдаг.
Банканд 12 хувийн хүүтэйгээр мөнгөө хадгалуулах уу, ЦОБА ХАУС компанид хөрөнгө оруулаад 12 хувийн хүү аваад, нэмээд ашиг хүртэхээр хөрөнгө оруулах уу гэдэг нь тухайн хүний өөрийн сонголт юм.
-Та компанийнхаа цаашдын тав, арван жилээ яаж харж байна?
-Намайг ороход 15 тэрбум төгрөгийн зээлтэй байсан бол 9 тэрбум үлдсэн. Бусад өглөгүүд ч дуусч байна. Энэ оны эцэс гэхэд 5 тэрбум төгрөгийн зээл үлдэх болов уу. Өмнөх жилд Инвескор Капитал ҮЦК-тай хамтран авсан 6.6 тэрбумын эрхтэй бондынхоо төлбөрийг ч хугацаанаас наана хийчих санаатай. Бид 1000 айлын суурин эхлүүлсэн туршлага дээрээ үндэслэж 5000 айлын суурин байгуулах төлөвлөгөөтэй. Монголд хамгийн анхны мянган айлын сууцыг бий болгож байгаа маань алдаа, онооны хамтаар түүхэн туршлага болж үлдэнэ.
Бидний зорилго ашиг олно гэхээсээ илүү олон хүнийг ийм сайхан орчинд, хаузанд амьдруулах хүсэлтэй. Үүний тулд үнээ бууруулж илүү олон айлуудыг хамруулах шаардлагатай байгаа юм. ЗАРДЛАА хэмнэж, ШИНЭ ТЕХНОЛОГИ ашиглаж л үүнийг хийж чадна. Хамгийн гол нь зээлийн хүүг бууруулах.
Одоо бидний хувьд жилийн 16,8 хувийн хүүтэй зээлтэй байгаа нь манай үнийн 10 хувьд нөлөөлж байгаа. Хэрэв үүнийг өөрчилж чадвал төдий хэрээр манай хэрэглэгчдэд ашигтай тусна. Болдог бол 150 сая төгрөгөөр л нэг хаузаа борлуулмаар байгаа юм. Би банкны зээлийг буруу гэж хэлээгүй ЗӨВ ХАМТРАХ гэдэг л санаа. Банк ба Бизнес зоосны 2 тал шүү дээ. Цаашид бид үйл ажиллагаагаа зөвхөн Монголд хязгаарлахгүй.
Манай залуус мянган хауз барьсан барууны технологийн туршлагаа Австралид ашиглах, мөн нэмж стандарт туршлагаа сайжруулан, буцаагаад Монголдоо буцаан нутагшуулах амбиц байна. Яагаад Оюу-Толгойн залуус явж болж байхад барилгынхан болохгүй гэж.
-Ямар ч тохиолдолд эх орондоо л нутагшуулах гээд байна, тийм үү?
-Бид нэг зүйлийг маш сайн санаж явах хэрэгтэй. Эх орноосоо хулгай хийсэн хүн, түүнийгээ бусад улс руу худалдсан хүн хамгийн адгийн гэдэг. Монголын баялаг, монголын мөнгө монголдоо л эргэлдэх ёстой.
Харин гаднаас туршлага, стандарт нутагшуулдаг, гадаадад бизнес эрхэлж олсон мөнгөө эх орондоо авчирдаг байх нь бидний туйлын зорилго байх ёстой юм.
Түүнээс эндээ бизнес эрхэлж, монголчуудаасаа ашиг олчихоод, гадагшаа гаргаж зарж үрнэ гэдэг бол хамгийн муухай зүйл. Энийг бид бүгдээрээ ухамсартаа маш сайн ойлгон хүлээж авч, үргэлж санаж явбал их сайн байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Төсгөлд нь хэлэхэд, манай компанийн зорилго, төлөвлөгөө таны ч гэсэн үзэл бодолтой адил байгаа бол хөрөнгө оруулж хамтран ажиллах хүмүүсийг бид урьж байна.