-Афганистаны Ерөнхийлөгч эх орноо орхин зугатлаа-
/2021.8.16/ Талибанчууд ганц үлдээд байсан Афганистаны нийслэл Кабулыг эзлэн авчээ. Тэд Ерөнхийлөгчийн ордныг булаан авснаар Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноо орхин зугтахад хүрэв.
Улс орнуудын ЭСЯ-дын ажилтнууд тус улсыг орхин гарч байгаа бөгөөд өчигдөр АНУ-ын ЭСЯ-ныхан буцсан юм.
Харин ОХУ одоогоор ЭСЯ-аа татан буулгаагүй байна. “Манай ЭСЯ-ныхан ямар ч асуудалгүйгээр, тайван үйл ажиллагаагаа явуулж байна” гэж Афганистан дахь Ерөнхийлөгч Путины тусгай төлөөлөгч Замир Кабулов Риа Новости агентлагт ням гарагт мэдээлжээ.
Түүнчлэн Афганистан дахь ОХУ-ын Элчин сайд Дмитри Жирнов Талибаны төлөөлөгчидтэй уулзаж, Оросын дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлын талаар санал солилцох төлөвлөгөөтэй байгаа талаар тус ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Риа Новостид мэдээлсэн байна.
АФГАНИСТАНЫ ТУХАЙ ТОВЧХОН
Афганистан нь уулаар хүрээлэгдсэн, Төв болон Өмнөд азид оршдог. Зүүн болон өмнөд хэсгээрээ Пакистан, баруун талаараа Иран, хойд хэсгээрээ Туркменестан, Узбекстан, Тажикстантай хиллэдэг. Нийслэл нь Кабул. 38 сая гаруй хүн амтай улс юм.
Эх сурвалж: CNN