Цахим шуудан илгээх: Cc болон Bcc нь ямар ялгаатай вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим шуудан илгээх: Cc болон Bcc нь ямар ялгаатай вэ

/2022.06.06/: Интернэт бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон цагаас эхлэн цахим шуудангаар албан болон хувийн захидлуудыг өдөр тутамдаа илгээх шаардлага гардаг.

Харин цахим шууданг илгээхэд бичих хаягны дээр Сс болон Всс гэсэн тэмдэглэгээ байдаг. Тэгвэл энэ нь чухам яах зориулалттай болон хоорондоо ямар ялгаатай вэ гэдгийг та бүрэндээ хүргэе.

Цахим шуудангийн “Cc” хаяг

“Сс” нь товчхондоо Carbon copy гэсэн үгний товчлол юм. Энэ нь цахим шуудан үүсэхээс хавьгүй өмнө бий болсон ойлголт бөгөөд хэрэв та санаж байгаа бол олон жилийн өмнө бичиг баримтуудыг хуулбарлахдаа бидний нэрлэж заншсанаар “хорын цаас”-ыг эх хуудас, хуулбар хоёрын завсар хавчуулан баримтын хуулбар үүсгэдэг байсан билээ. Энэ үед хорын цаас ашиглан үүсгэсэн хоёр дахь хуулбарыг Carbon copy гэж нэрлэдэг байжээ. Хожим цахим шуудан үүсч бий болоход энэ ойлголтыг шууд авч хэрэглэсэн байдаг.

Ямар ч цахим шуудан бичиж эхлэхэд илгээх хаягийн хэсэгт ‘To’, ‘Cc’, ‘Bcc’ гэсэн талбарууд гарч ирдэг. ‘Cc’ талбарт бичигдсэн цахим хаяг руу захидал хүлээн авагчид очиж байгаатай яг ижил цахим шуудангийн хуулбар очдог гэсэн үг бөгөөд нэг онцлог нь ‘Сс’ талбарт бичигдсэн цахим хаягийг бусад цахим шуудан хүлээн авагчид бүгд харах боломжтой байдаг.

“Bcc” хаяг ямар учиртай вэ?

Ерөнхийдөө бол Bcc нь Cc хаягтай тун төстэй. Ганц ялгаа нь Bcc бол Blind carbon copy гэсэн үгний товчлол ба энэ талбарт бичигдсэн хаягнууд руу мөн л эх захидлын хуулбар тэр чигтээ очдог. Cc хаягнаас ялгаатай нь Bcc талбарт бичигдсэн цахим хаяг нь цахим шуудангийн бусад хүлээн авагчдад харагдахгүй, нууцлагдсан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, Bcc хаягаар цахим шуудан хүлээн авсан хүн тэрхүү захидал өөрөөс нь өөр хэн хэнд илгээгдсэнийг мэдэх боломжгүй гэсэн үг юм. Зарим тохиолдолд цахим шуудан илгээж буй хувь хүн, албан байгууллагын ажилтны алдаа, хайнга байдлаас шалтгаалан, байгууллага, хувь хүмүүсийн цахим хаяг, тэдэн рүү илгээсэн шуудан, тэдний бичсэн хариу захидал зэрэг нь бусдад задрахад хүрдэг бөгөөд энэ нь Bcc хаягийн талбарт зохих хаягийг бичиж илгээгээгүйтэй холбоотой байдаг.

Ямар тохиолдолд Cc болон Bcc талбаруудыг ашиглах вэ?

Сс хаягийн талбарыг дараах тохиолдолд түгээмэл ашигладаг:

  • Сс хаягт бичигдсэн хүлээн авагч нь захидлын үндсэн хүлээн авагч биш бөгөөд, зарим тохиолдолд хариу бичих ч шаардлагагүй, зөвхөн мэдээллийн шинж чанартайгаар захидал хүлээн авагч болох үед
  • Бизнесийн орчинд цахим шуудан илгээхдээ хүлээн авагчийн дээд албан тушаалтан, дарга, захирлыг Сс талбарт дурдах нь түгээмэл тохиолддог. Энэ нь ихэнхидээ тухайн ажилтан руу шуудан илгээхдээ дарга, захирал чинь энэ шууданг бас давхар хүлээн авч байгааг сануулах, ажилтны өгсөн хариу, гаргаж буй хандлагыг дээд удирдлагад нь “мэдээлэх”, ямартай ч өөрийн зүгээс зохих хариулт өгч байгаагаа удирдлагад нь мэдэгдэх гэх зэрэг зорилго агуулсан байх нь бий.
  • Зарим тохиолдолд тухайн захидал хүлээн авагчийн дарга, захирлыг Сс талбарт дурдан, мэйл илгээх нь тухайн ажилтанд шахалт үзүүлэх зорилготой үйлдэл ч болдог.

Bcc хаягийн талбарыг харин дараах тохиолдлуудад ашигладаг:

  • Захидлыг өөр бусад хүмүүс мөн хүлээн авч байгааг захидлын үндсэн хүлээн авагчид мэдэгдэх хүсэлгүй байх үед
  • Олон хүнд нэгэн зэрэг мэдээлэл, хариулт өгөх зорилготой боловч хүлээн авагч нар нь өөрсдийн цахим шуудангийн хаягаа бусдад мэдэгдэх хүсэлгүй байгаа бол хэрэглэдэг. Ихэнхидээ энэ хүлээн авагчийн хувийн цахим шуудангийн хаяг руу илгээх үед авдаг арга хэмжээ юм.
  • Сурталчилгаа мэдээллийн зорилгоор цахим шуудан бөөндөж илгээх үед.

Польш улс “Тэрбум мод“ санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Польш улс “Тэрбум мод“ санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.