/2022.05.20/: Шри Ланка улс сүүлийн 70 гаруй жилд тохиолдож байгаагүй санхүүгийн хямралтай нүүр тулж, түүхэндээ анх удаа өр, төлбөрөө төлж чадахгүйд хүрлээ.
Өчигдөр дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэлийн хоёр агентлаг Шри Ланка улсыг дефолт зарласан гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын Төв банкны ерөнхийлөгч ч үүнтэй санал нэгдэж байна.
Зээлдүүлэгчид гадаад улсуудад төлөх өр төлбөрөө бүхэлд нь эсвэл заримыг нь төлж чадахгүй болсон тохиолдолд дефолт зарладаг байна.
Энэ нь хөрөнгө оруулагчдын өмнө улс орны нэр хүндийг унагаж, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, хөрөнгө оруулалт татах болон зээл тусламж авахад хүндрэл учруулж, улмаар мөнгөн тэмдэгт болон эдийн засагтаа итгэх итгэлийг улам алдагдуулж болзошгүй байдалд хүргэдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл Бүгд найрамдах Венесуэл улс юм.
Пүрэв гарагт тус улсыг үнэхээр дефолтод орсон эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад Төв банкны ерөнхийлөгч Нандалал Веэрасингхэ хэлэхдээ "Бидний байр суурь маш тодорхой, зээлдэгчид зээлийн гэрээндээ бүтцийн өөрчлөлтөд орох хүртэл бид төлж чадахгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх дефолт гэж нэрлэж болно" гэв.
Тус улс ийнхүү дампуурлаа зарласан нь эдийн засаг, одоо нүүрлээд байгаа цар тахал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэгт хүндээр тусаж байна. Валютын хомсдол, инфляцийн өсөлт нь эм, шатахуун болон бусад хэрэгцээт зүйлийн хомсдолд хүргэж энэ нь цаашид даамжирсаар байна.
Сүүлийн долоо хоногт хямрал улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Готабая Ражапакса болон түүний гэр бүлийн эсрэг томоохон жагсаалууд болж зарим тохиолдолд хүчирхийлэл үйлдэгдэж байгаа аж.
Тус улс Олон улсын валютын сангаас (ОУВС) тусламж авах талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд гадаад зээлдүүлэгчидтэй өрийн гэрээгээ дахин хэлэлцэх шаардлага тулгараад байна.
Пүрэв гарагийн орой ОУВС-гийн төлөөлөгч хэлэхдээ, боломжит зээлийн хөтөлбөрийн талаарх одоогийн хэлэлцээ мягмар гарагт дуусах төлөвтэй байна.
Шри Ланкийн засгийн газар энэ оны зээлүүд болон хүүгийн төлбөрийг төлөхөд нийт 4 тэрбум ам.доллар шаардлагатай аж.
Ноён Верасингхе мөн Шри Ланкад хэдийнээ тэнгэрт хадсан инфляцийн түвшин цаашид бүр ч өсөх магадлалтайг анхааруулав.
"Инфляци 30 орчим хувьтай байгаа нь ойлгомжтой. Ингээд ч зогсохгүй дараагийн хоёр сард үндсэн инфляци 40 орчим хувь болно" гэж тэр хэлэв.
Эх сурвалж: CNN