Г.Ёндон: “Петрочайна Дачин тамсаг” компанитай гэрээг өөрчлөх хэлэлцээ хийгдэж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: “Петрочайна Дачин тамсаг” компанитай гэрээг өөрчлөх хэлэлцээ хийгдэж байгаа

/2022.5.17/ Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.

ГЭРЭЭНДЭЭ МАНАЙ УЛС ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ ГЭЭД ЗААЧИХСАН БАЙДАГ,
ГЭХДЭЭ...

-БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэн харах асуудал дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон. Энэ ажлын хэсгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм ажлын хэсгийг хэд хэдэн яам агентлагийн оролцоотой байгуулах зайлшгүй шаардлага байгаа. Өнөөдөр Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцож “Петрочайна Дачин тамсаг” компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгнө. Манай УУХҮЯ-аас өнгөрөгч баасан гарагт мөн Ерөнхий сайд болон Шадар сайд, яамдын сайд нар оролцсон хуралдаанд онлайнаар танилцуулга хийж, хэлэлцсэн.

-Энэ компанитай холбоотой асуудал байнга сөхөгдөж байдаг. Яагаад ер нь манай улсад татвар төлдөггүй газрын тос боловсруулах гадны компани ажиллаж байдаг юм бэ?
-Эхлээд бид өнгөрснийг сайн санах хэрэгтэй байна. Манай улсын газрын тосны хайгуулын үйл ажиллагаа 1969 оноос хойш хорь гаруй жил бүрмөсөн зогссон байсан. Тухайн үед Дорнод аймаг, Тамсагийн хөндийд газрын тосны нөөц байгаа эсэхийг ч мэдэхгүй, тодорхойгүй байлаа. Манай улс 1991 онд Газрын тосны анхны хуулийг баталсан. Ингээд газрын тос хайх ажлыг зохион байгуулах боломжит хэд хэдэн хувилбарыг туршиж үзсэн.

Эхлээд 100 хувь өөрсдийн хөрөнгөөр газрын тосны улсын үйлдвэртэй болохоор “Галба” нэртэй үйлдвэр байгуулсан түүхтэй. Энэ тохиолдолд Монгол Улс хайгуул хийх, өрөмдөх гээд бүх үйл ажиллагааг өөрсдөө хариуцах байсан. Нэг км хайгуулын цооног өрөмдөх өртөг нь 2-4 сая доллар болдог. Тиймээс энэ өртөг өндөртэй үйл ажиллагааг манай улс санхүүжүүлж чадаагүй.

Геофизикийн ажил багахан хийж байгаад үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Үүний дараа өөр нэг хувилбар туршсан. Тэр нь гэрээгээр хамтарсан компани байгуулж, Монголын тал 50%, гэрээлэгч тал 50% -ийн хөрөнгө оруулахаар тохирсон. Гэтэл гэрээлэгч тал мөнгөө гаргаад байдаг, манай тал чаддаггүй. Ингээд энэ аргыг бас больсон. Ингээд эцэст нь бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан.

Харин “Петрочайна Дачин тамсаг” компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1993 онд Америкийн “Снайдер Ойл” компанитай байгуулж байсан. Энэ гэрээнд манай улс “Тосонгийн талбайд газрын тосны нөөц ашигласны төлбөр, рояалти авахгүй, нийгмийн даатгал болон орлогын албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг.

Америкийн компанитай байгуулсан энэ гэрээг 2005 онд “Петрочайна Дачин тамсаг” компани хувьцааг нь худалдан авах замаар өөр дээрээ шилжүүлж авсан юм. Харин Тамсагийн талбайд рояалти авч эхэлсэн шалтгаан нь энэ гэрээний дараа нь байгуулсан байдаг.

-Манай улсын хувьд газрын тос олборлохоор нэлээд оролдлого хийсэн л юм байна. Гэхдээ яагаад татвар авахгүй зэрэг заалтууд оруулсан юм бол?
-Түрүүн хэлсэнчлэн эхлээд ямар нэгэн байдлаар энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах, хайгуулын ажлыг газар дээр нь эхлүүлэх, газрын тосны нөөцтэй үгүйгээ мэдэх гэх мэт том эрх ашгийн төлөө зарим зүйл дээр буулт хийж байсан болов уу. Манай улс хүний нөөц, техник технологи дэд бүтцийн хөгжил сул байсан л даа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлог нь Монгол Улс мөнгө огт гаргахгүй, ямар ч эрсдэл үүрэхгүй. Гэрээлэгч тал л 100 хувь хөрөнгө оруулна. Хэдийгээр маш их хөрөнгө оруулсан ч газрын тосны нөөцийг олж чадахгүй бол эрсдлээ мөн өөрөө үүрнэ.

Өнөөдрийг хүртэл “Петрочайна Дачин тамсаг” нийт 4 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хэрвээ тос олж, түүнийгээ олборлох юм бол өртөг зардлыг нь олборлосон тосны 40%-иар л нөхдөг. Энэ гэрээ бол тухайн үеийн Монгол Улсын нөхцөлд хамгийн тохиромжтой, ямар нэгэн эрсдэл үүрэхгүй гэрээ гэж би үздэг.

-Бид Оюутолгойн гэрээнд маш олон удаа өөрчлөлт оруулсан байдаг шүү дээ. Түүн шиг 2005 онд “Петрочайна Дачин тамсаг”-т шилжүүлсэн гэрээнд өөрчлөлт оруулж болохгүй гэж үү?
-Манай улс 2014 онд Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга, 2012 онд Татварын багц хуулийг баталсан. Үүний дараагаас манай улсын Засгийн газар “Татвар авч эхэлье” гэдэг саналыг тавьж эхэлсэн. Гэвч хоёр талын байр суурь маргаантай байдаг.

“Петрочайна Дачин тамсаг” компанийн зүгээс “Бидний шилжүүлж авсан гэрээн дээр орлогын бүх төрлийн татвараас чөлөөлнө гэж заасан байсан тул бид хөрөнгө оруулалт оруулсан” гэдэг. Яах аргагүй л гэрээн дээрээ татваргүй байна гээд заачихсан.

Монголын байр суурь бол “Олон улсын гэрээ хуулийн дээр байдаг. Харин энэ гэрээ бол олон улсын гэрээ биш. Тиймээс засвар оруулж, заалтуудыг өөрчлөх боломжтой” гэсэн л байр суурьтай. Хятадын талын байр суурь бас Иргэний хуулийн 5.2 гэдэг заалтыг дурддаг. Уг заалтад, шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэсэн заалт байдаг.

-Гэхдээ ямар нэгэн хэлэлцээ хийгдэх үү?
-Хэлэлцээ хийгдэж байгаа. Энэ бол Засгийн газрын түвшинд ярих ёстой асуудал. Газрын тосны хууль 2014 оны батлагдсаны дараа “Бүтээгдэхүүн хуваах бүх гэрээг шинэчлэн батал” гэдэг үүрэг өгсөн байдаг. Үүний дараа бүтээгдэхүүн хуваах 9 гэрээг өөрчилсөн. Дараа нь байгуулсан шинэ гэрээнүүдийг шинэ хуулийн дагуу хийсэн. Харин олборлолт явагдаж байгаа “Петрочайна Дачин тамсаг” компанийн Тосон, Тамсаг гэсэн хоёр талбай болон Доншин компанийн 97 гэдэг талбайн Бүтээгдэхүүүн хуваах гэрээний үндсэн нөхцөл байдал нь дээрх маргаантай. “Хуулийг буцааж хэрэглэхгүй, бид татварыг төлөхгүй гэж анхнаасаа гэрээ байгуулсны үндсэн дээр хөрөнгө оруулсан” гэдэг л байр суурьтай. Гэхдээ хэлэлцээ хийгдэж байна.

-Хэр нааштай шийдэгдэх бол, Та юу гэж бодож байна?
-Монгол Улс хөрөнгө оруулалтыг татна, хөхиүлэн дэмжинэ гэсэн бодлоготой. Тиймээс оруулж ирсэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Тухайн үед татвар төлөхгүй гэж тохирсон учир нөгөө компаниуд нь хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь үнэн. Нөгөө талаасаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын аж ахйн нэгжүүд Монгол Улсын хууль эрхзүйн орчин, түүний өөрчлөлт шинэчлэлтийг дагаж мөрдөж байх ёстой. Хоёр талын эрх ашгийг хамгаалсан боломжит хувилбар дээр энэ асуудлыг зайлшгүй шийдэх л ёстой.

-"Петрочанай Дачин тамсаг"-ийн хоёр талбай болон Доншин компанийн олборлолт хэр байна?
-Компанидаа бол ашигтай хэмжээнд хараахан хүрээгүй. Учир нь тухайн компани өнөөдрийг хүртэл нийт 4 шахам тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж дээр хэлсэн. Одоогоор хөрөнгө оруулалтынхаа талыг ч олж аваагүй байгаа юм билээ. Олборлосон тосны 40 хувиар өртөг нөхөөд, үлдсэн 60 хувийг Монгол Улсын Засгийн газар, тухайн хөрөнгө оруулагч хоёр хувааж авдаг. Монгол Улс 2021 оныг дуустал 2.0 их наяд гаруй төгрөгийг уг бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдээс төсөвт төвлөрүүлсэн байдаг.

-Тэгэхээр манай улс олборлож байгаа тосноос яг юу авдаг юм бэ?
-Манай улс Тосонгийн талбайгаас олборлож байгаа нийт тосны 24 хувийг, Тамсагийн талбайгаас 27,5 хувийг авдаг. Энэ нь сүүлийн 3-4 жилийн дунджаар 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт өгсөн байна.

НҮҮРСНИЙ МЕТАН ХИЙН НӨӨЦИЙГ ОДОО ХЭЛЭХЭД ЭРТЭДНЭ

-Нүүрсний метан хийн нөөц манай улсад маш их бий гэдэг мэдээлэл саяхан гарсан. Манайх хэдийнээс энэ хийг ашиглах боломжтой байх вэ?
-Нүүрсний метан хийн хайгуулын ажил Эрдэнэс тавантолгойн орд, Өмнөговь дахь хэд хэдэн орд дээр хийгдэж байна. Австралийн компанитай “Метангаз ресурс” гэх хамтарсан компани байгуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар хайгуулын ажил хийж байна. Нөөцийн хувьд одоо хэлэхэд эрт. Гэхдээ нүүрсний метан хийг олборлох нь мэдээж зөв.

ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЗОГСООВОЛ СӨРӨГ ҮР ДАГАВАР НЬ
10-20 ЖИЛИЙН ДАРАА ГАРДАГ

-Хайгуулын үйл ажиллагааг 3 дахин нэмэгдүүлнэ гэж та мэдэгдсэн. Ер нь компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаж, эрсдлээ үүрээд хайгуул хийе гэж байхад түүнийг бүхэлд нь “задгай” тавьж болдоггүй юу?
-Сүүлийн арваад жил манай улсын геологи хайгуулын ажил “гүн нойрондоо автсан”. Учир нь геологи хайгуулын ажлыг дөрвөн жил бүрмөсөн зогсоож, дараа нь хязгаарласан. Сүүлийн таван жилийн хугацаанд жилд дунджаар 50 зөвшөөрөл л олгосон байдаг. Энэ бол маш хангалтгүй тоо. Геологи хайгуулын ажлыг хийх компаниуд хөрөнгөө гаргаж, эрсдлээ үүрдэг. Ер нь маш их эрсдэлтэй салбар. Тэгэхээр Монгол Улсын хувьд хайгуулыг хийлгэх ёстой. Яагаад гэвэл эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай.

Дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн нэгдсэн орлогын ¼-ийг уул уурхай, эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Ойрын 20-30 жилдээ уул уурхай монголын эдийн засгийн өнгийг тодорхойлох нь ойлгомжтой болж байна. Дэлхийн уул уурхайн чиг хандлагыг бас харах ёстой.

Нэг талаасаа манай улсын эдийн засагт маш чухал үүрэгтэй нүүрсний хэрэглээ дэлхий дахинд аажимдаа буурах чиг хандлагатай байна. Дэлхий ногоон эдийн засаг, ногоон эрчим хүч рүү явж байна. Манай хөрш Хятад улс хүртэл 2030 оноос нүүрсний хэрэглээгээ бууруулна гэдгээ зарлачихлаа. Тэгэхээр нүүрсний хэрэглээ буурах нь ойлгомжтой.

Нөгөө талаас, манай улсын гол ашигт малтмалын нэг болох зэсийн хэрэглээ өсөх хандлагатай. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин гээд ногоон дэлхийн концепцтой холбоотойгоор метал ашигт малтмалын хэрэглээ өсөх нь тодорхой болсон. 2050 онд зэсийн хэрэглээ 2-3 дахин, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэнэ. Хотжилт их хэмжээгээр явагдах хэрээр гангийг хэрэглээ өснө.

Гэтэл бидэнд өнөөдрийн байдлаар Цагаан суварга, Хармагтай гээд гайгүй зэсийн орд цөөхөн байна. Тэгэхээр бид дэлхийд эрэлт нь өндөр болж байгаа метал ашигт малтмалын эрэл хайгуулд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн геологи хайгуулын ажил гадаадын шууд хөрөнгө оруулалтыг оруулж ирдэг.

-Гадаадын хөрөнгө оруулалтад ч нааштай нөлөөтэй байх?
-Геологи хайгуулын ажлын лиценз 3 жилээр сунгагдаж, нийт 12 жил ажиллах боломжтой. Гаднаас хөрөнгө оруулаад ороод ирчихсэн компани 12 жил ажиллах боломжтой гэсэн үг. Хэрэв орд нээчихвэл цаашдаа ч ажиллана.

Тиймээс өнөөдөр геологи хайгуулын ажлыг жилд 50 байгааг 300-400 болгоё гэж байгаа юм. Үүний гол зорилго нь дараагийн Оюутолгой, дараагийн Эрдэнэтийг дараагийн том ордуудыг нээж гаргах цаг болсон. Монгол Улс геологийн арвин нөөц боломжтой гэдгийг Дэлхийн банк судалгаагаар гаргачихсан. Тэгэхээр ийм ордууд гарч ирэх боломжтой.

Хайгуулын ажлын өөр нэг онцлог нь байгаль дэлхийд сөрөг нөлөө бараг байдаггүй. Зарим газар суваг ухдаг ч буцаагаад л булчихна. “Бид өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад танай сум, аймгийн чинь газрын хэвлийд ямар баялаг байгааг үзээд, геологи хайгуулыг нь хийгээд өгье” гээд мөнгөө халааслаад ирж байхад нь ажлыг нь хийлгэчих ёстой юм. Геологийн ажил гэдэг уул уурхайн ажлаасаа 20-30 жилээр түрүүлж явж байх ёстой. Яагаад гэвэл геологийн нэг орд олсноос хойш ашиглалтад оруулах хүртэлх хугацаа нь томоохон ордуудад 10 болон түүнээс дээш жил байдаг. Тэгэхээр бид хайгуулын ажлыг зогсоох юм бол сөрөг үр дагавар нь 10-20 жилийн дараа гардаг буюу ашиглах ордгүй болчихно гэсэн үг.

ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖИЙН ХУУЛЬ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАТЛАГДАНА
ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

-Эрдэс баялгийн биржийн асуудал ямар үе шатанд явж байна?
-Биржийн тухай хуулиа УИХ-д өргөн бариад, хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгүүд явагдаад “Хэлэлцэх нь зүйтэй” гэсэн шийд гарсан. Одоо Байнгын хорооноос гарсан ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хаврын чуулганд амжаад батлагдана гэдэг хүлээлттэй.

-Байнгын идэвхтэй үйл ажиллагааг нь хангах боломжтой юу. Зорилтот зах зээл нь?
-Биржийн үйл ажиллагаа нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд байна. Уул уурхайн хувьд зарагдах бүтээгдэхүүн нь бэлэн. Манай улс жилд 7-8 тэрбум долларыг эрдэс баялгийн салбарын экспортоос олж байна. Үйлдвэрлэгч нар аж ахуйн нэгжүүд буюу хуулийн этгээдүүд нь бэлэн. Худалдан авагч нар нь байна. Зорилтот зах зээл маань Хятад.

Манай улсын хувьд алтны тодорхой хувь нь Швейцари руу, жоншны тодорхой хувь нь ОХУ руу гардаг бол бусад бүтээгдэхүүн нь үндсэндээ Хятад руу гарч байна. Тэгэхээр худалдан авагч маань манай бүтээгдэхүүнийг маш сайн мэддэг.

Бид энэ бүгдийг цэгц замбараатай, шударга, ил тод, нээлттэй болгож, олон нийтийн хяналтанд оруулъя гэж байгаа юм.

ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ОЛБОРЛОЛТ 2023 ОНЫ ЗУРГААДУГААР
САРААС ЭХЭЛНЭ

-Олборлох үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт хэр урагштай явж байгаа бол?
-Эрдэнэтэд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах гэж байна, Оюутолгойд мөн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулагдана. Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт ширэм үйлдвэрлэх гангийн үйлдвэрлэл явуулж байна. Дорноговь аймаг, Алтанширээтэд газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Дээрээс нь Тавантолгойд нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил эхэлсэн. Эдгээр боловсруулах үйлдвэрүүд ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээж байж эдийн засаг тэлэх ёстой юм.

-Оюутолгойн гүний уурхайн олборлолт хэдийнээс эхлэх вэ?
-Оюутолгойн гүний уурхай хүдэр олборлоход чиглэсэн анхны тэсэлгээг өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн. Өмнөх тэсэлгээнүүд нь хүдэр олборлох бэлтгэл ажиллагаа буюу далд уурхайн малталтуудыг бий болгох бэлтгэл ажлуудын тэсэлгээ байсан.

Энэ оны найм, есдүгээр сард олборлолтын эхний хүдрүүд гарч эхэлнэ. 2023 оны эхний хагас жилээс буюу зургаадугаар сараас тогтвортой олборлолт эхэлнэ.

Гүний уурхайн хүдэр нь ил уурхайн хүдрээс 3 дахин их агуулгатай байдаг. 2028 оноос далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, хоногт 95 мянган тонн хүдэр гаргах боломжтой болно.

УУХҮЯ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙСНЭЭР ШАТАХУУНЫ ҮНИЙГ БАРЬЖ ЧАДСАН

-Та гуравдугаар сарын эхээр ОХУ-д айлчлахдаа шатахууны үнийг буулгах хэлэлцээр хийсэн үү?
-Тухайн үед хөнгөлөлтийн талаар санал тавьж, оросын тал “Бид судалж үзье” гэдэг хариуг өгсөн. Дараа нь буюу дөрөвдүгээр сарын 8-нд шатахууны үнийн талаар УУХҮЯ дахин санал тавьж, хэлэлцээр хийж, амжилтад хүрснээр АИ92-ын үнийг өнөөгийн байгаа үнэнээс өсгөхгүй барих шийдэлд хүрсэн. Тэгээгүй бол литр тутамдаа АИ92 шатахуун 800-1000 төгрөгөөр нэмэгдэхээр байсан. Саяхан манай дэд сайд болон бусад төлөөлөгч нар явсан. Энэ үед дизель түлшний үнийг бууруулах талаар хүсэлт тавьсан ч одоохондоо хариу өгөөгүй байна.

-Оросоос худалдан авагч цөөрч байгаа юм чинь манай улсад бага үнээр өгөх боломжтой биш үү?
-Худалдан авагчид цөөрч, үйлдвэрлэл багасахаар зардал нь буюу нэгж үнэ дээрх өртөг нь өсдөг. Тэгэхээр Роснефтийн хувьд хамгийн амархан арга нь ашиггүй ажиллаж байгаа боловсруулах үйлдвэрүүдээ зогсооно. Түүхий тосоо бол Энэтхэг, Хятадад хямдруулж өгч байна. Цооногоо хаахгүйн тулд гарч байгаа тосоо хямдхан нийлүүлэхээс өөр аргагүй. Бүтээгдэхүүн дээрээ бол тийм хямдхан өгөөд байгаа зүйл байхгүй. Гэхдээ бидний зүгээс хямд тос худалдаж авах бүхий л талын боломжит хувилбарыг эрэлхийлж байна.

-Шатахууны үнийг бууруулсан хэлэлцээрийн дуусах хугацаа зургаадугаар сар. Тэр үед?
-Дахиад л хэлэлцээ эхэлнэ.

-Өнгөрөгч аравдугаар сард шатахууны үнийг чөлөөлсөн нь ер нь хэр зөв алхам байсан гэж Та боддог вэ?
-Шатахууны үнийн хувьд АИ92 бензиний үнийг үе шаттайгаар чөлөөлөх эхний алхмыг л хийсэн. Бусад АИ95, АИ98, дизель түлшний үнийг аль 2018 онд чөлөөлчихсөн шүү дээ. Тиймээс өнгөрөгч аравдугаар сард авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол маш зөв байсан. Moving average буюу зургаан сарын хөдөлгөөнт дунджаар зах зээл рүү шилжсэн. Огцом ороогүй. Тэгвэл иргэдэд маш хүндээр тусах байсан. Тийм учраас дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөөд байхад манай улсын хувьд тийм их өсөхгүй байгаа хэрэг. Энэ нь гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд алдагдалтай байсан боловч чөлөөт зах зээл рүүгээ явж багйаа гэдэг талаасаа тэд дэмжиж, хүлээцтэй хандаж байсан. Иргэдийн хувьд ээлтэй сонголт байсан. Аажим аажмаар бүр чөлөөлөх нь зүйтэй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

ФОТО СУРВАЛЖИЛГА: Улсын тэргүүний сум Төв аймгийн “АЛТАНБУЛАГ“
ФОТО СУРВАЛЖИЛГА: Улсын тэргүүний сум Төв аймгийн “АЛТАНБУЛАГ“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.