Иргэний нийгэм хэрсүү байхгүй бол...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний нийгэм хэрсүү байхгүй бол...

/2022.5.13/ Нэгэн зүйл:

Төр иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон зүйл байхгүй.

Энэ мэт ойлголтын зөрүү байгаа учраас ажлын хэсэг байгуулж, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж хэлэлцсэний үндсэн дээр хаврын чуулганаар уг хуулийг төслийг хэлэлцэхээр болоод байна.


Энэ бол Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хэвлэлд өгсөн ярилцлага. Түүний хэлснээр төр иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон агуулга Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд үнэхээр тусгагдаагүй гэж үү?

Шалгацгаая.

Холбооны эрхзүйн байдлын тухай хуульд тусгасан дээрх заалтуудын талаар хуулийн төслийг санаачлагчид огт дурсахгүй байгаа юм. Харин “гаднаас санхүүждэг, татвараа төлдөггүй” гэх мэтээр энд тэнд ярилцлага өгч харагдана.

Хуулийн төсөлд тусгагдсан дээрх зохицуулалтыг “Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудыг салбарт хувааж, тус бүрээс нь нэг хүн сонгон нэг малгай дор оруулаад түүнийгээ Зөвлөл хэмээн нэрийдэж, улмаар шууд удирдлаган дороо оруулахаар зүтгэж байна” гэж тун бүдүүн баараг байдлаар тодорхойлж болох юм.

ЯАГААД?

Иргэний нийгмийн байгууллага бол Засгийн газар, улстөрийн институц, гэр бүл, зах зээл зэргээс хараат бусаар, өөрийгөө удирдах байдлаар үйл ажиллагаа явуулдаг нэг ба түүнээс олон иргэдийн нэгдлийг хэлдэг. Энэ нь төрийн бус байгууллага, холбоо, шашны байгууллагууд гээд олон төрөлтэй байдаг.

Гэтэл Засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой иргэний нийгмийг “зөвлөл” нэрийн дор халаасандаа багтаах оролдлого хийх нь төрийн зүгээс үйлдэж буй балмад хэрэг юм.

Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын тоонд төрийн зүгээс ихээхэн анхаарал тавьж, "Удирдах зөвлөлийн хурлаа тогтмол хийж, санхүүгийн тайлангаа нарийвчлан өг" гэж төрийн байгууллага, аж ахуйн нэгжтэй адил хэмжээний шаардлагыг хууль тогтоогчид тавих нь ч утгагүй. Төрийн бус байгууллагууд дөнгөж хөлөө олж, хөгжилд тэмүүлж байгаа энэ үед дээрх шаардлага нь иргэний нийгмийн байгууллагыг үгүй хийх оролдлого ч гэж хэлж болохоор.

ФАТФ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ХУУЛЬЧЛАН ЗАХИР ГЭСЭН ҮҮ?

“Манай улсын ОУ-ын байгууллагууд саарал жагсаалтад оруулсан. Таван шаардлага тавьсны нэг нь төрийн бус байгууллагын хуулийг шинэчлэх юм. Энэ хуулийг дэмжихгүй бол эргээд саарал жагсаалтад орно” гэж Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлсэн.

“Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-ын өмнө бид 2022 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн байх хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн орчин боловсронгуй болгох зэрэг үүрэг хүлээсэн” гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мөн ярьсан.

Дээрх ярианаас харвал ФАТФ манай улсад “Иргэний нийгмийн байгууллагуудаа хуульчлан захираад, халааслаад ав” гэсэн зөвлөмж өгсөн мэт харагдана. Үнэхээр тэгсэн гэж үү?

Энэ талаар “Ашгийн бус байгууллагыг зохицуулж, хэрэгжүүлэх Засгийн газраас арга хэмжээ авах гээд бүр том асуудал үүсгээд байх шиг байна. ФАТФ-ын Зөвлөмжийг буруу ойлголттой хэрэгжүүлсээр байна” гэж АНУ-ын Брукинс институтын зөвлөх, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын мэргэжилтэн Д.Тэгшбаяр өгүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, ФАТФ-ын зөвлөмжийг буруу ойлгож, буруугаар хэрэгжүүлэх гэж зориод байгаа нь харагдана.

Ингэхээр, төр хуулиар дамжуулан иргэний нийгмийн үйл ажиллагаанд оролцох оролдлогоо "Төрөөс зохицуулалт хэрэгтэй", "ФАТФ биднийг ингэж зохицуул гэсэн" гэсэн хуурамч мэдээллүүдээр халхавч хийж байгаа юм.

Иргэний нийгэм хүчтэй байгаа улсад төр сахилга баттай, иргэдийн дуу хоолой шийдвэр гаргагч нарт хүрч, нийгмийн асуудлаа хамтран шийдэж чаддаг. Шийдвэр гаргагч нар иргэний нийгмийн дуу хоолойг хааж боох оролдлого бүрт ИРГЭНИЙ НИЙГЭМ хэрсүү агаад соргог байх шаардлагатай цаг үе иржээ.

Автомат жолоодлоготой машины тоо хоёр жилийн дараа 8 саяд хүрнэ
Автомат жолоодлоготой машины тоо хоёр жилийн дараа 8 саяд хүрнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.