Автомат жолоодлоготой машины тоо хоёр жилийн дараа 8 саяд хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомат жолоодлоготой машины тоо хоёр жилийн дараа 8 саяд хүрнэ

/2022.5.13/ Судлаачид 2025 он гэхэд 8 сая бүрэн автомат болон хагас автомат жолоодлоготой машин бидэнтэй зэрэгцэн зам дээр давхилдах болно гэж таамаглаж байна. Гэхдээ автомат жолоодлого буюу жолоочийг дэмжих технологи нь 6 түвшинд хуваагддаг ажээ.

Society of Automotive Engineers байгууллага эдгээр түвшинг 0 (бүрэн гар жолоодлоготой)-ээс 5 (бүрэн автомат) хүртэл нь тодорхойлсныг бид хүргэж байна. Ташрамд дурдахад, АНУ-ын Тээврийн яам энэ ангиллыг мөн баримталдаг.

0 түвшин (автоматжуулалт хийгдээгүй)
Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын ихэнх нь энэ түвшинд хамаарна. Хэдийгээр жолоочид туслах зарим нэг механизм автомашинд нь суулгасан байсан ч жолоодлогын процессыг хүн бүрэн удирдаж байдаг. Энд дурдсан жолоочид туслах механизм гэдэгт ослын үеийн тоормозны системийг жишээ болгон оролцуулж болох ч энэ нь автоматжуулалт гэсэн ангилалд хамаарах боломжгүй юм.

1-р түвшин (жолоочийн туслах)
Энэ бол автоматжуулалтын хамгийн доод түвшин юм. Энэ түвшинд хамаарах автомашинуудад Cruise control буюу манайхны нэрлэж заншсанаар хурд баригч, эсвэл жолооны хүрдний хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэх системүүд суулгаж өгсөн байдаг. Adaptive cruise control буюу хурд барих явцдаа урдах машинаа мэдэрч, зай барин дагаж явах нь 1-р түвшиний автоматжуулалтад хамаарна. Энэ үед жолоочийн үйлдэл нь хүрдээ залах, тоормозлох зэргээр багасч ирдэг.

2-р түвшин (хэсэгчилсэн автомат жолоодлого)
Энэ түвшинд хамаарах автомашинууд нь advanced driver assistance системтэй байдгаараа ялгаатай. Энэ үед автомашин хурд нэмэх/хасах болон жолооны хүрдийг залах үүргийг өөртөө авдаг. Гэхдээ энэ төрлийн автомашиныг өөрийгөө бүрэн жолооддог гэж үздэггүйн учир нь жолооч хүссэн үедээ жолоог өөртөө шилжүүлэн авах боломжтойд оршдог. Tesla Autopilot болон Cadillac (General Motors)-ын Super Cruise технологиуд нь 2-р түвшний автоматжуулалт юм.

3-р түвшин (Нөхцөлт автоматжуулалт)
Хоёрдугаар түвшинээс гуравдугаар түвшин рүү шилжихэд энгийн хэрэглэгчид нэг их ялгаа мэдэгдэхгүй байж болох ч ашиглаж буй технологийн дэвшил талаасаа бол нилээн том ялгаатай. Учир нь 3-р түвшиний автоматжуулалтын үед автомашинууд мэдээлэлд тулгуурласан шийдвэрүүдийг өөрсдөө гаргаж байдаг ба эдгээрийн нэг нь бага хурдаар зорчиж буй автомашины хажуугаар ямар хүрдтай гүйцэж түрүүлэхээ шйидэх гэх мэт юм. Гэвч мөн 2-р түвшиний адил жолоочийн оролцоо зайлшгүй шаардах учир автомат жолоодлого үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байх үед жолооч жолоодлогыг өөртөө авахын тулд өндөр сонор сэрэмжтэй явах хэрэгтэй болдог.

2016 онд Audi (Volkswagen групп) компанийн нэрийн хуудас болсон А8 седаныг дэлхийн хамгийн анхны 3-р түвшиний автомат жолоодлоготой машин болно гэж зарлаж байв. Тэд ч хэлсэндээ хүрч A8 2019 загвар нь тус мэдэгдлээс хойш 2 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр ирсэн байдаг. Ингэхдээ Traffic Jam Pilot буюу орчиноо мэдрэх лидар скайнераар тоноглогдсон байв.

Гэвч тухайн үеийн АНУ-ын мужуудад мөрдөгдөж байсан автомат жолоодлогын талаарх эрх зүйн орчиноос хамаараад эдгээр төрлийн автомашиныг зарим мужуудад жолоодож хөдөлгөөнд оролцох нь хориотой байсан билээ. Тиймээс тус автомашиныг АНУ руу 2-р түвшиний эд ангиудтайгаар экспортолж байжээ.

4-р түвшин (Өндөр түвшиний автоматжуулалт)
3 болон 4-р түвшиний автоматжуулалтын хамгийн гол ялгаа нь хүний оролцоо шаардах зэрэглэл нь юм. Өөрөөр хэлбэл, 3-р түвшиний автомат жолоодлогын үед систем ямар нэгэн байдлаар доголдоход хүн оролцохоос өөр аргагүй болдог бол 4-р түвшиний автомат жолоодлогын систем аль болох хүн оролцуулахгүйгээр өөрөө шийдвэр гаргаж, жолоодлогыг хийхээр бүтээгдсэн байдаг. Гэхдээ л жолооч хүссэн үедээ жолоодлогыг өөртөө шилжүүлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, 4-р түвшиний автомашинууд өөрсдийгөө жолоодож чадах боловч хууль эрх зүйн хязгаарлалт болоод дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалан зөвхөн тодорхой газарзүйн байршилуудад л хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ төрлийн технологийг анх хэрэглэж эхэлсэн жишээнүүдээс дурдвал:

  • Францын NAVYA компани АНУ-ын зах зээлд зориулан бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой такси болон дунд оврын автобусуудыг үйлдвэрлэсэн.
  • Alphabet компанийн Waymo үйлчилгээ Аризона мужид жолоочгүй, автомат жолоодлоготой такси үйлчилгээ эхлүүлж, нэг жилийн дотор 16 сая километр зай туулж, хөдөлгөөнд оролцсон.
  • Канад улсын автомашины эд анги үйлдвэрлэгч Magna компани 4-р түвшиний автомашинуудыг хотын зам болон орон нутгийн хурдны зам дээр ашиглах боломжийг бүрдүүлсэн MAX4 нэртэй технологи хөгжүүлсэн ба такси дуудлагын Lyft компанитай хамтран автомашинуудыг нь автомат жолоодлогод шилжүүлсэн эхэлсэн.
  • Volvo болон Baidu компаниуд Хятадын зах зээлд робот такси үйлчилгээ нэвтрүүлэх стратегийн түншлэл байгуулж, үүндээ 4-р түвшиний автоматжуулалт ашиглах болсон гэх зэрэг жишээнүүд юм.

5-р түвшин буюу бүрэн автоматжуулалт
Энэ түвшиний автомат жолоодлоготой автомашинд жолоочийн хэрэгцээ огт үгүй болсон. Тиймээс энэ төрлийн автомашинуудад жолооны хүрд болон хааз, тоормозны гишгүүр ч байхгүй. Мөн geofencing хязгаарлалтанд баригдахгүй учир туршлагатай жолооч шиг л өөрийгөө удирдаж, салаа замуудаар орж гарна гэсэн үг.

Эх сурвалж: https://www.synopsys.com/automotive/autonomous-driving-levels.html

У.Хүрэлсүх: Ирэх таван жилд ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ хийцгээе        
У.Хүрэлсүх: Ирэх таван жилд ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ хийцгээе        
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.