Д.Тэгшбаяр: ФАТФ “Авлигын ялыг чангал” гэсэн манайх эсрэгээр нь СУЛРУУЛСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тэгшбаяр: ФАТФ “Авлигын ялыг чангал” гэсэн манайх эсрэгээр нь СУЛРУУЛСАН

НУ-ын Брукинс институтын зөвлөх, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын мэргэжилтэн Д.Тэгшбаяр

-ФАТФ нь Монгол Улсад зарим мэргэжилтнүүдтэй нууцлалын гэрээ байгуулж хамтран
ажиллаж мэдээллээ авдаг-

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, санхүүжүүлэхээс сэргийлэх бодлого боловсруулж, дэлгэрүүлэх үүрэг бүхий хараат бус байгууллага юм. ФАТФ- ын 40 зөвлөмжийг олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт гэж хүлээн зөвшөөрдөг.

ФАТФ-аас 2019 онд Монгол, Зимбабве, Исланд улсуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын СААРАЛ жагсаалтад оруулж байжээ. Манай улс 2020 оны хурлаар саарал жагсаалтаас гарч байсан.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд ФАТФ стандартын хэрэгжилт улс орнуудад ямар байгааг үнэлсэн тайлан нийтлэгдлээ. Нийт улс орны 76 орчим хувь нь зөвлөмжийг харьцангуй сайн хэрэгжүүлж байна гэж үзсэн байна. Улмаар 5 дахь удаагийн Харилцан үнэлгээг улс орнуудад эхлүүлэхээр болсноо зарлажээ.

Манай улс яах бол? Саарал жагсаалт биднээс хэр хол байгаа бол? Энэ талаар бид АНУ-ын Брукинс институтын зөвлөх, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын мэргэжилтэн Д.Тэгшбаяртай ярилцлаа.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ ХООРОНДОО ЗӨРДӨГ, БАРИМТ ДУТУУ ЗЭРГЭЭС
БОЛЖ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН

-ФАТФ-ын талаар товч тайлбарлахгүй юу?
-ФАТФ бол санхүүгийн гэмт хэрэг, терроризмтой тэмцэгч вотчдог /хоточ нохой/ юм. Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутагт харъяалагддаг тул энэ бүс нутгийн байгууллага манай улсыг хянадаг. Харилцан үнэлгээг тогтмол хугацаанд хийдэг бөгөөд сүүлийнх нь 2016 оны өвөл хийгдэн 2017 онд Монгол Улсын Засгийн газар саарал жагсаалтад орох анхааруулга авсан. Шалтгаан нь тогтмол хугацаанд тайлан мэдээлэл гаргаж өгөөгүй, өгсөн зөвлөмжийг хангалттай хэрэгжүүлээгүй.

2019 онд энэ алдаагаа засаагүй учраас саарал жагсаалтад албан ёсоор орсныг санаж буй биз ээ. Түүнээс хойш манай улс нийт 3 удаагийн тайлан мэдээг ФАТФ-т гаргаж өгсөн. Сүүлийн үнэлгээ баталгаажуулалтаар тодорхой хэмжээний ахиц гарсан гэж үзээд, 2020 онд саарал жагсаалтаас гаргасан.

Гэвч энэ үетэй давхцаад Европын холбооны “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй” буюу бидний хэлж заншсанаар өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын хар жагсаалтад орсон байсан ба мөн 2020 онд гарч байлаа. Засгийн газар 2022 оны хоёрдугаар сард ФАТФ руу явцын тайлангаа явуулсан байх үүрэгтэй. Энэ тайланг Монголбанк явуулсан уу, үгүй юу гэдэг мэдээлэл одоогоор алга. 2023 онд манай Засгийн газар ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн үнэлгээг хамгаалах ажил хийгдэх ёстой. Гэхдээ энэ хоёрдугаар сард өгсөн тайлан мэдээлэл дээр үндэслэж дараагийн шатны Харилцан үнэлгээг хэзээ хийх вэ гэдгийг ФАТФ шийднэ.

Одоогийн байдлаар манай улс гурван зөвлөмж “хэсэгчилсэн биелэлттэй” буюу сайнгүй, шууд хэрэгжилтийн 11 арга хэмжээний 2 нь л дундаж үнэлгээтэй, бусад нь бага үнэлгээтэй байна. Шууд хэрэгжилтэд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө битүүмжлэх үйл явц харьцангуй дээр үнэлгээ авсан.

Олон улсын байгууллагуудтай шууд харилцаж, улсынхаа хөрөнгийг буцаан авах тал дээр түлхүү анхаарч ажилласан гэж үнэлэгдсэн.

-Манай улс саарал жагсаалтад ордог шалтгаан ер нь юу юм бол оо. Манай улсад мөнгө угаах, терроризмтой тэмцэх зэрэг гэмт хэргүүд гардаг гэсэн үг үү?
-
Монгол Улс саарал жагсаалтаас гарсан боловч одоо хүртэл ФАТФ гэдэг байгууллагын хяналтад байгаа. “Саарал жагсаалтаас хурдан гарсан” гээд баярлаад байдаг боловч энэ жагсаалтад орохгүйгээр, урьдчилан сэргийлэх боломж байсан гэдгийг бид мартаж болохгүй. Тэгж чадаагүй учраас саарал жагсаалтаас гарахын тулд тодорхой үүрэг амлалт л илүү өгсөн, түүнээс яг хэрэгжилт нь хангагдчихсан юм биш. Хэрэгжилт дээрээ бодитоор хэрхэн хийж байгаагаа нотолж харуулах, баримтжуулах асуудал үлдсэн гэсэн үг.

Манай төрийн байгууллагуудын баримт мэдээлэл дутуу, байгаа баримт мэдээлэл нь хоорондоо зөрдөг, мэдээллээ солилцдоггүй, тус тусдаа дардаг зэрэг дата мэдээлэл дутуу байсан нь ФАТФ-ын саарал жагсаалтад орох үндсэн шалтгаан болсон.

Хэргийн мэдээллийн тоо авах гэхээр байдаггүй, эсвэл өгсөн тоо баримт нь байгууллагуудаас зөрүүтэй гарсан. Тухайн шат хүртэл ямар арга хэмжээ авсан гэдгээ нотолж чаддаггүй. Ер нь аливаа үйл ажиллагааг баримтжуулах гэдэг бол олон улсад хэрэгждэг хамгийн наад захын зарчим. Энэ зарчим дээр манай төрийн байгууллагууд унаж байна. Түүнээс эрхзүйн хувьд бусад оронтой харьцуулахад ахиц гаргасан.

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГЫГ ТАВЬСАН

-Энэ удаагийн буюу 5 дахь удаагийн Харилцан үнэлгээ ямар онцлогтой, манай улс юуг түлхүү анхаарах ёстой вэ?
-ФАТФ-ын тав дахь шатны харилцан үнэлгээ албан ёсоор эхэлж байна. Харилцан үнэлгээг хийх хугацаа нь 10-12 жил байдаг бол энэ удаагийн харилцан үнэлгээний онцлог нь эдийн засаг, нийгэмд том том өөрчлөлтүүд орж, дижитал ертөнц цахим хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор үнэлгээг зургаан жилд “шахаж” хийхээр болсон. ФАТФ-ын 5 дахь шатны харилцан үнэлгээг гаргахын тулд өмнөх 4 дэх шатны харилцан үнэлгээний тайлан нь бүрэн дуусаагүй хэд хэдэн улс байгааг гүйцээж байж эхлэнэ. Одоогоор улс орнуудын хуваарь бүрэн гүйцэт гараагүй. Энэ үнэлгээг хэрхэн хийх вэ гэдэг зарчмыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд гаргасан сайд нарын мэдэгдэлдээ албан ёсоор зарлачихсан.

ФАТФ-ын 40 зөвлөмж, 11 шууд хэрэгжүүлэлтийн арга хэмжээ байдаг. Эдгээр 40 зөвлөмжөө ФАТФ тэр бүр өөрчлөөд байдаггүй.

Гэхдээ 2020 онд 15 дугаар зөвлөмж буюу виртуал хөрөнгөтэй холбоотой зөвлөмжийн агуулга, 2022 оны гуравдугаар сард 24 дүгээр зөвлөмж буюу эцсийн өмчлөгчийн талаарх зөвлөмжийг өөрчиллөө. Гэхдээ энэ дотроос зарим асуудлыг сайд нар онцолсон байна.

Тухайлбал, санхүүгийн систем рүү бохир мөнгийг оруулахгүйн тулд бид мөнгөн гүйлгээг хянах шаардлагатай. Үүнийг дагаад аливаа хуулийн этгээдийн цаадах эцсийн өмчлөгчийн мэдээллийг due diligence буюу илүү нарийвчлан баталгаажуулах, бүрэн гүйцэт дата сан бүрдүүлсэн байх шаардлагыг ФАТФ тавьсан.

-Эцсийн өмчлөгчийг бүрэн тодорхойлж чадахгүй байхын хор холбогдол нь юу вэ?
-Олон асуудал дагуулна. Түүний нэг нь хэнтэй харилцаа тогтоож байгаагаа мэдэхгүй бизнесийн харилцаанд орж, гэрээ хэлэлцээр хийчихдэг. Тиймээс ФАТФ-ын шинэчилсэн зөвлөмжид, төрийн байгууллагын худалдан авалт, ханган нийлүүлэлт, тендер, гэрээ хэлэлцээ хийхээр орж байгаа хуулийн этгээдийн цаадах эцсийн өмчлөгчийг мэдэхээс гадна магадлан баталгаажуулалт хийх шаардлагатай гэдэг зөвлөмж орсон. Эцсийн өмчлөгч нь улстөрд нөлөө бүхий этгээд байна уу, өмнө нь хэрэг маргаанд орж байсан уу, ялангуяа авлига хээл хахууль, мөнгө угаах зэрэг санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан уу гэдгийг баталгаажуулах, мөн явцын хяналт хийх шаардлагатай болсон.

-Эцсийн өмчлөгчийг нь мэдэхгүйгээр санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой хуулийн этгээдтэй харилцаанд орсон тохиолдолд манай төрийн байгууллагад байгаа болов уу?
-Тийм тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, терроризмтой тэмцэхтэй холбоотой ФАТФ- ын харилцан үнэлгээний явцад манайд гарсан асуудал бол аливаа этгээд терроризмыг санхүүжүүлж байгаа эсэхийг хяналт шалгалт хийсэн гэх баримт нотолгоо манай Засгийн газарт байгаагүй. Аливаа зүйл дээр ямар ч асуудал гарахгүй, тоо баримт байхгүй байхаар бид тухайн асуудлыг огт байхгүй мэтээр эндүүрдэг. Олон улсын зарчим бол асуудал гараагүй байсан ч асуудал гарахгүй байх хүртэлх шатны бүх мэдээлэл баримт нь нотлогдож байх ёстой байдаг. Байгаа эсэхийг шалгасан үйл ажиллагаа нь нотлогдох ёстой. Ингэж нотлогдож чадаагүй учир дутагдалтай гэж үзэх шалтгаан болсон.

ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ ОЙЛГОДОГГҮЙГЭЭС УНАХ МАГАДЛАЛТАЙ

-Тав дахь удаагийн үнэлгээнд эцсийн эзэмшигчийн мэдээллийн санг бүрдүүлэх асуудалд бид анхаарах юм байна. Өөр?
-Монгол Улсын унаж болзошгүй, анхаарал татаж байгаа өөр нэг асуудал нь эрсдэлийн үнэлгээ юм. Бид одоогоор гурван зөвлөмжид хагас биелэлттэй явж байна.

Эхнийх нь эрсдлийн үнэлгээгээ боловсронгуй болгож чадаагүй буюу эрсдлээ зөв үнэлж чадахгүй байна, хоёрдугаарт ашгийн бус байгууллага гэдгийг бид ангилж ч чадахгүй байна. Гуравдугаарт, виртуал хөрөнгийн зохицуулалт сул байна.

Эрсдэлийн хувьд аль нь илүү, аль нь бага эрсдэлтэй вэ, илүү эрсдэлтэй байгууллагуудад нь ямар хяналт хийх вэ, үйл ажиллагаа тодорхой байх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Ашгийн бус байгууллагыг зохицуулж, хэрэгжүүлэх Засгийн газраас арга хэмжээ авах гээд бүр том асуудал үүсгээд байх шиг байна. ФАТФ-ын Зөвлөмжийг буруу ойлголттой хэрэгжүүлсээр байна.

-Холбоо сангийн тухай хуулийн төсөл боловсруулсан?
-Гэхдээ ФАТФ “зохицуул” гэж хэлсэн нь “Танай улс эрсдэлээ өөрсдөө тодорхойл оо, түүнийхээ дагуу авах арга хэмжээгээ гаргачих аа” л гэсэн. Түүнээс хууль гаргаад өгчихөөр ФАТФ-ын зөвлөмжийг биелчүүлчихлээ гэж андуурч болохгүй.

Ер нь хууль гаргаад, энэ байгууллагуудын үйл ажиллагаанд төрөөс оролц гэсэн нэг ширхэг ч өгүүлбэр байхгүй. Харин ашгийн бус байгууллагын ангиллаасаа эхлэх хэрэгтэй. Бүх зүйлийг энгийнээсээ л засна гэдгийг ойлгомоор байна.

Ашгийн бус байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгийгээ л тодорхой болго. Хуулийн этгээдийн бүртгэлийн маягтыг харвал 22 төрлийн байгууллага энэ хүрээнд багтсан, гэтэл хуулинд заасан нь түүнээс цөөн. Асуудлаа өөрсдөө ойлгоогүй учир тодорхой болгож чадаагүй, ФАТФ-т тайлбарлахдаа бүрэн гүйцэт тайлбарлаж чаддаггүй.

Ашгийн бус гэдэг ангилал дотор нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хүртэл “давхиж яваа”. Мөнгө хүүлдэг байгууллагууд шүү дээ. Шашны байгууллагууд байна. Бэлэн мөнгөөр үйлчилгээ нь эргэлддэг. Гэтэл буяны байгууллага биш ашгийн байгууллага гэдэг тодорхойлолтод орчихсон. Тэгэхээр тодорхойлолтоосоо л зохицуулалтаа эхлэх ёстой.

Виртуаль хөрөнгийн тухай “Шинэ технологи” гэдэг зөвлөмж 2019 онд өөрчлөгдөж бид сүүлийн шатны үнэлгээн дээр дийлэнх нь биелэлттэй байсан боловч буурч “хэсэгчилсэн биелэлттэй” гэдэг үнэлгээ рүү орсон. Энийгээ яаж шийдэх вэ гэж бодож байгаад манай улс бас л хуулийн төсөл боловсруулж, баталсан. Гэтэл дахиад л виртулаь хөрөнгө гэж юуг хэлэх вэ гэдгээ тодорхойлоогүй. Ийм энгийн асуудлаа ч тодорхойлоогүй хуулийн төслөө баталчихаж байгаа юм.

КРИПТО ВАЛЮТ ВИРТУАЛЬ ХӨРӨНГӨ БИШ ГЭЭД БАЙХАД
МАНАЙХАН ОЙЛГОДОГГҮЙ ЭЭ

-Тухайлбал, юуг тодорхойлж болох вэ. Виртуаль хөрөнгийн тухай манай хуулийн гол агуулга нь коины зах зээл рүү төвлөрсөн санагдсан?
-Ковидын хоёр жилтэй холбоотой дэлхий нийтээр цахимжилт 32 хувиар нэмэгдсэн. Төрийн болон хувийн хэвшлийн нийт үйлчилгээ цахимжиж, цаашдаа улам өсөхөөр харагдаж байна. Ковидын нөхцөл байдал давтагдахгүй гэх арга байхгүй.

Зөвхөн ковид гэлтгүй дайны нөхцөл байдлаас ч юм уу, ер нь ямар нэгэн байдлаар хөл хорионд дахин орвол иргэдийг ямар тохиолдолд цахим иргэн гэж хүлээн зөвшөөрөх юм бэ гэдэг асуудал манай улсад нээлттэй хэвээр үлдсэн.

Саяхан батлагдсан “Виртуаль хөрөнгийн тухай хууль”-д коинтой холбоотой асуудлыг л голчилсон. Коин бол нэг төрлийн залилан мэхлэх, их хэмжээний мөнгийг иргэдээс татан төвлөрүүлж, хэсэгхэн бүлэг хүмүүс өөрсдөдөө давуу байдал үүсгэж байгаа зүйл. Үүнийг зохицуулах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ өдөр тутам иргэдтэй харьцдаг банк санхүүгийн байгууллагынхаа үйл ажиллагаанаас л эхлэх ёстой. Одоо бол банкны үйлчилгээг харилцагч биеэр очиж авах ёстой. Гэтэл үүнийг цахимд яаж шилжүүлэх юм. Энэ мэтээр энгийн тодорхойлолт, эхний алхмаасаа эхлэхгүй бол дахиад л асуудал үүснэ. Олон улсад хамгийн энгийнээсээ л эхэлж байна.

Би онлайнаар өөрийнхөө царайг, үнэмлэхээ зургаар аваад онлайнаар явуулах нь миний биеийн виртуаль байцаалт болох юм уу. Онлайнаар лайв хийгээд банкны теллертэй холбогдвол виртуалиар тодорхойлсон болох уу гэх мэт.

-Виртуаль хөрөнгийн тухай хуульд криптог бас хамтатгасан санагдана?
-ФАТФ-аас крипто валют бол виртуаль хөрөнгө биш ээ гээд зөвлөөд байдаг, манайхан ойлгодоггүй ээ. Олон улсад крипто валют виртуаль хөрөнгөнд тооцогддоггүй. Гэтэл бид шинэ хуульдаа тооцчихсон. Дахиад л асуудал үүснэ. Хэрэв виртуаль хөрөнгө гэж крипто валютыг үзэж байгаа юм бол ямар эрсдэлтэй гэж үзэх вэ, магадлан баталгаажуулалт яаж хийх юм, мөнгөний эх үүсвэрийг яаж нотлуулах вэ, харилцагчаа хэрхэн таньж мэдэх вэ гэдэг асуудлыг түлхүү тавина гэсэн үг. Гэтэл эдгээрийг манайхан огт тооцоогүй л биз дээ?

ОЛОН УЛСЫН ТАЙЛАНГУУДАД ХАЙНГА ХАНДВАЛ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРЧ,
ВАЛЮТЫН ХОМСДОЛД ОРДОГ

-Ер нь ямар салбар санхүүгийн хоригт орох эрсдэл өндөртэйд тооцогддог юм бэ?
-Тухайн улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой, зохицуулагч байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг салбарыг ФАТФ удирдамждаа эрсдэлтэйд тооц гэж зөвлөдөг.

Эрсдлийн үнэлгээгээр төсвөөс том дүнтэй хөрөнгө мөнгө эргэлддэг санхүүгийн салбар, ДНБ-ий 23 хувь эзэлдэг уул уурхайн салбар, дараа нь хөдөө аж ахуй, барилга гэх мэт эзлэхүүнээр нь хармаар байна. Ер нь тусгай зөвшөөрөл олгодог, төрийн байгууллагатай тогтмол харилцдаг бол түүнийг эрсдэлтэй гэж үздэг.

Энэ эрсдэлтэй салбарын эцсийн эзэмшигчийг яаж тогтоох вэ, магадлан баталгаажуулалт хийсэн мэдээлэл, нотолгоо баримт чинь хаана байна л гэж ФАТФ шаардана даа.

-ФАТФ бол зөвлөмж гаргадаг л байгууллага. Тэгээд зөвлөмжийг нь дагахгүй байлаа гээд юу л болов гэж бодож болох уу?
-Яг үнэндээ ФАТФ гэдэг байгууллага, зөвлөмжийг бүрэн гүйцэд ойлгоод хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага байгаа гэдэгт би эргэлзэж байна. Ер нь бүгд л “Хүрээд ирэхэд нь шаардсан мэдээллийг нь гаргаж өгөөд л болчихно” гэж бодоод байх шиг, үгүй л дээ. Бүх тайланд хэрэгжилтийг үнэлдэг. Хэрэгжилтийг үнэлэх процесс нь манай улсад доголдолтой явагдаж байгаа нь олон улсын бүх тайланд илэрдэг.

Жил бүр гаргадаг дэлхийн банкны тайлан, АНУ-ын ЭСЯ-наас гаргадаг хөрөнгө оруулалтын мэдэгдэл, ОУ-ын Валютын сангийн тайлан, Хөрөнгө оруулагчдын асуудлыг үнэлсэн мэдээлэл дээр, 9 эх сурвалжаар үнэлдэг Авлигын индексийн бүх үнэлгээнд манай улс “асуудалтай”.

Хэрэв бид ФАТФ-ын зөвлөмжийг шалдар булдар хэрэгжүүлэх юм бол, бусад үнэлгээн дээр яг л адил үр дүн гарна. Нэг тайлангийн хэрэгжилтийг дутуу хагас гаргахад бусад тайлангийн үнэлгээ ч дагаад л буурна. Авлигын төсөөллийн индекс тааруухан гарвал хөрөнгө оруулалтын орчиндоо шууд нөлөө үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын орчинд нөлөө үзүүлэхийн хамгийн сөрөг үр дагавар нь Moody’s, Стандарт энд пүүр, Фитч рэйтинг, Зээлжих зэрэглэлийн үнэлгээ автоматаар буурна. Хөрөнгө оруулалт тааруу болвол валютын хомсдолд орно. Валютын хомсдолд орвол юу болдог билээ дээ?

-Тайлангууд бүгд уялдаатай байдаг байх нь ээ?
-Олон улсын байгууллагуудын бүх үнэлгээ хоорондоо уялдаатай. ФАТФ гэдэг байгууллагын удирдлагууд нь G20-ын сангийн сайд болон Төв банкны захирлууд. Авлигын төсөөллийн индекс байна. Авлигын индексийг гаргадаг байгууллагуудад мөн л G20-иос удирдах зөвлөлд нь байдаг, санхүүжилтийг өгдөг. Тиймээс хөрөнгө оруулалтаа үр дүнтэй байлгахын тулд харилцан уялдаатай байлгахыг хүсдэг.

ФАТФ өнгөрсөн 2017 онд “Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялын хэмжээ нь бага байна, үүнийгээ нэм” гэдэг зөвлөмжийг өгсөн.

Манай улс 2010 он хүртэл бүх гүйлгээ бэлэн мөнгөөр явсан байдаг. Гэтэл 2017 он хүртэл мөнгө угаах гэмт хэргээр гуравхан хүнийг анхан шатны шүүхээр яллажээ. Дөнгөж 2010 оноос л банк санхүүгийн байгууллага нь бага зэрэг сайжирчээ. Гэхдээ цахимаар санхүүгийн гүйлгээ явууллаа гээд банк өөрөө бүх эрсдлийг даах боломжгүй. Тиймээс зохицуулагч улс нь эрсдлийн үнэлгээг гаргаж, зохицуулах үйл ажиллагааг хий, хийснээ нотол гээд байгаа юм. Мөн баримт нотолгоо чинь дутуу байна гэсэн.

ФАТФ НЬ МОНГОЛ УЛСАД ЗАРИМ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ НУУЦЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ,
ХАМТРАН АЖИЛЛАДАГ

-Гэхдээ манай улс авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй холбоотой ялын заалтаа огт чангаруулаагүй?
-Түүгээр ч барахгүй албан тушаалын гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан. Зохион байгуулалттай үйлдсэн авлигын хэргийн ялын хэмжээг бууруулсан. Ийм л нөхцөл байдалтай байна.

ФАТФ-ын 2017 онд өгсөн зөвлөмж бол авлигыг таслан зогсоох арга хэмжээ авахыг манайхаас шаардаад байна гэсэн үг. Бусад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст сануулга болгох, шинээр төрийн байгууллага руу орж байгаа хүмүүст анхааруулга болгох зорилгоор. Төрийн албан хаагч татварын мөнгөөр цалинждаг тул авлига, албан тушаалын хэрэгт огт орох ёсгүй.

Энэ бол олон улсын зарчим. Хувийн хэвшилд авлига албан тушаал байвал хариуцлагыг нь онооно. Харин төрийн албанд байсан бол ялыг нь өгч хариуцлагыг нь ноогдуулдаг байх ёстой гэж үздэг. Хариуцлагыг нь ноогдуулж байгаа жишээ хангалтгүй байна.

-Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч, тэр дагуудаа хяналт тавьж ажилладаг гэж ойлгоод байгаа?
-Жил бүр 43 мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ гаргадаг. Мөн 5 мянган хүн байнга солигдож байна. Ингээд нийт 48 мянган хүний ХОМ-ийг гаргадаг.

Эдгээрээс АТГ өөрийн бүх хүчин чадлаар ажиллаад ердөө 500 орчим хүнийг л шалгах боломжтой. Үлдсэн 42500-г нь тэгсгээд л орхиж байгаа юм.

Үүнийг нь ФАТФ “Муу байна, болохгүй” гэж хэлээгүй л дээ. Гэхдээ шалгах, хяналт тавих үйл ажиллагаанд хийж чадах бүхнээ шавхсан уу гэдгээ л харуулчих гэдэг. 48 мянгаас 500-г нь шалгасан байж болно. Гэтэл тэдгээрээс ямар зөрчил илрүүлсэн юм бэ? АТГ жилийн тайланг харвал ихэвчлэн “Хугацаа хоцорсон, баримт мэдээлэл дутуу мэдээлсэн” гэж л захиргааны хариуцлага оногдлуулсан байдаг. Хэрвээ АТГ хүчин чадал нь хүрдэггүй юм бол AI/artificial intellegence/ программаар л шийдэх ёстой.

-Ямар өөрчлөлтүүдийг бид хийвэл зохистой вэ?
-Эрүүгийн хуульд ХЗДХЯ-аас өөрчлөлт оруулаад Засгийн газарт өргөн барьсан гэж дуулсан. Ямар өөрчлөлт оруулсан юм бүү мэд. Олон улсын байгууллагуудын тасралтгүй анхааруулаад байгаа асуудлыг төсөлд тусгаагүй гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Авлигын эсрэг хууль, Нийтийн албаны ашиг сонирхолтой тэмцэх тухай хууль зэрэг хуулиуд дээр цаг үеийн шаардлагаар, дэлхий нийтийн чиг хандлагаа дагаж, тодорхой хэмжээний өөрчлөлтүүд зайлшгүй орох ёстой. Тухайлбал, төрийн албанаас гарчихсан хүний нөлөө тухайн байгууллагадаа үлддэг. Зарим албан тушаалд хоёр жилийн revolving-door буюу нөлөөлөл буцаж үйлчлэх хугацаа тавьсан нь хангалтгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Монгол Улсын эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг, хамгийн том дүнтэй худалдан авалт, ханган нийлүүлэлт хийдэг компанийн ТУЗ-ын гишүүн болоод суучихдаг. Нэр нөлөө, тэр хүний оролцоо, ашиг сонирхол байгаа эсэхийг үгүйсгэхгүй гэхдээ бид нотолж чадаагүй.

Нэг байгууллагад ажиллаж байхдаа ямар нэгэн байгууллагын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргачихаад, хоёр жилийн дараа албан тушаалаа өгч шийдвэр гаргаж өгсөн байгууллагынхаа удирдах албан тушаал, ТУЗ-д орчихдог. Энийг олон улсад бүрмөсөн хорьсон. Манайх бол хувийн компанийн асуудал гэж үздэг. Гэтэл энэ нь бусад компаниудад буруу үлгэр дуурайлал болдог. Төрийн алба хашиж байгаад болиход ХАСХОМ гаргахаа ч больдог. Бид яаж хянах вэ. Бид олон улсын сайн жишгийг харах ёстой. Гэхдээ шууд хуулж болохгүй.

-Монгол Улсыг төлөөлж ямар байгууллага ФАТФ-т мэдээлэл гаргаж өгдөг вэ?
-Сангийн яам, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар гардаж Үндсэний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн бусад бүх байгууллагууд оролцдог. Өнгөрсөн хугацаанд Монголбанк түлхүү оролцоотой явсан. Санхүүгийн мэдээллийн алба нь хариуцаж ажилладаг байх. Энэ зөвлөлд багтаагүй ч бусад байгууллага шаардлагатай мэдээллийг нь гаргаж өгнө.

-Мэдээллүүд нь хоорондоо зөрдөг гэхээр эдгээр байгууллагууд тайлангаа сайтар тавьж чаддаггүй гэсэн үг байж болох уу?
-Үл хөдлөх хөрөнгийн салбар бол харьцангуй зохицуулалттай салбар байтал 2016 оны харилцан үнэлгээгээр энэ салбарт Санхүүгийн зохицуулах хорооноос ямар үнэлгээ, хэзээ хийсэн, хангалттай хийгддэг үү, ямар мэдээлэл шаарддаг вэ гэхээр ямар ч үнэлгээ хийгдээгүй байсан. Ганцхан үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хийсэн үү гэдгийг л шалгасан байдаг. Төрийн байгууллагын удирдлага нь солигдохоор мэргэжилтнүүд нь мэргэшиж байснаа солигдчихдог. Сүүлийн хэдэн жил арай гайгүй байна.

Түүнчлэн бид олон улсын байгууллагатай харилцаж сурсан туршлага төрийн албан хаагчдад бага байна.

ФАТФ-ын мэргэжилтнүүд Монгол Улсын хууль тогтоомж нь зөвлөмжид яаж нийцэж байгааг хэрхэн хянадаг юм бэ?
-ФАТФ нь Монгол Улсад зарим мэргэжилтнүүдтэй нууцлалын гэрээ байгуулж хамтран ажиллаж мэдээллээ авдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг сунгалаа
Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг сунгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.