-Нүцгэн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлэн заналхийлж, бэлгийн харьцаанд ордог байсан нь тогтоогджээ-/2022.04.07/ ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар 11182 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг бүртгэжээ. Нийт бүртгэгдсэн 2148 хэргийн буюу 19,2 хувийг хулгайн хэрэг эзэлсэн нь өмнөх оныхоос 2,6 хувиар өсчээ. Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 23.3 хувьтай байгаа аж.
Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн оныхоос мөн өсчээ. Малын хулгайн гэмт хэрэг эхний гурван сарын байдлаар 355 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 44,9 хувиар өсч, илрүүлэлт нь 31,3 хувьтай байгаа үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар буурсан байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ оны эхний улиралд хулгайлах гэмт хэрэг ихээр гардаг Дундговь, Дорнод, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай зэрэг аймагт гарсан хэргүүдэд дүн шинжилгээ хийжээ.
Ингэхдээ 2021 оны долдугаар сараас хойш дээрх аймгуудад оршин суух айлуудын гэрт нэвтэрч, олон тооны шашны эд зүйл, мөнгөн хазаар, ташуур, эмээл зэргийг хулгайлсан таван этгээдийг илрүүлж, яллагдагчаар татсан байна.
Хэргийг шалгах явцдаа прокурорын зөвшөөрөлтэйгөөр 68 эд зүйлийг хураан авч, 30 эд зүйлийн хохирогчийг тогтоон хохирогчид хүлээлгэн өгчээ. Одоогоор 38 эд зүйлийн хохирогч нь тогтоогдоогүй байгаа аж.
Мөн малын хулгайтай тэмцэх чиглэлээр ийм төрлийн гэмт хэрэг ихээр гардаг Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт ажиллан бусдын малыг хулгайлдаг байсан хоёр бүлэг этгээдийг илрүүлсэн байна.
Мал төллөн төлийн дуу цангинасан энэ цаг үед малчид малаа байнгын хариулга, маллагаатай байлгаж, малын зүсэл бүртгэл хийх, фото зургаар баримтжуулах, байршил тогтоогч суулгах зэргээр хөршийн холбоо, бүлгийн холбоог сайтар ашиглан цагдаагийн байгууллагатай байнга харилцах холбоотой ажиллах шаардлагатай байгааг мэдээлсэн. Харин сүүлийн үед илэрч байгаа гэмт хэргүүдээс харахад, тухайн орон нутагт явж буй сэжигтэй тээврийн хэрэгслийн талаар малчдаас цагдаагийн байгууллагад мэдээлэх нь нэмэгдсэнийг сайшааж байв.
Тээврийн хэрэгслээр малаа хариулах нь хурдан түргэн байх боловч тухайн орчинд байгаа сэжигтэй өөр машинуудыг ажиглах боломжгүй болгодог гэнэ. Тиймээс малаа уламжлалт аргаараа буюу морь унах, дурандаж орчноо ажиглах зэргээр хариулах нь тухайн орон нутагт гарах малын хулгайн гэмт хэргийн сэжигтэй зүйлсийг ажиглах, түүнээс сэргийлэх боломж бүрдэнэ гэлээ.
Цахим орчинд 2015-2021 онд хүүхдийн эсрэг хийсэн гэмт хэрэг 101 удаа бүртгэгджээ. Хохирогчийг эрхшээлдээ оруулах гэх зэрэг гэмт хэргийн бусад үйлдэл бүртгэгдэн шалгагдаж байгаа аж. Тухайлбал, иргэн А нь 2020 онд фэйсбүүкт хуурамч хаяг үүсгэн бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээн улмаар бага насны 84 охинтой танилцаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлжээ. Тэр гэмт хэргээ тухайн охидыг айлган сүрдүүлж, ятгах болон гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, дүрс бүхий бичлэгийг нь хийлгүүлдэг байжээ. Улмаар нүцгэн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан нь тогтоогджээ. Өөрөө хохирогч болж байгаагаа мэддэггүйгээс ийм төрлийн гэмт хэрэг нуугдмал орчинд байгааг мэдээллийнхээ үед онцолсон. Эцэг, эхчүүд ч хүүхэддээ хяналт тавьж чаддаггүйн улмаас хүүхдүүд хохирогч болж байгаа аж. Иймд хувийнхаа нууцад хамаарах зураг болон мэдээллээ гэмт хэрэгнүүдийн гарт оруулахгүй байхыг анхааруулж, ийм тохиолдол гарвал холбогдох цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч байхыг сануулав.
Гэмт хэргийн хувьд ч улсын хэмжээнд 174 дээрэмдэх гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт гарчээ. Ирүүлэлт нь ч 17.8 хувиар буурсан байна. Ялангуяа өсвөр насныхан дээрэм хийх гэмт хэрэг ихээр үйлдэх болжээ. Тухайлбал, СХД-ийн нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэн цахилгаан шатанд гар утсаа дээрэмдүүлж зодуулсан байна. Шалгалтаар дээрэмдсэн этгээд нь өсвөр насны дөрвөн иргэн болохыг илрүүлжээ.