/2022.4.6/ Ямар төр иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хумиж, хязгаарлах оролдлого хийдэг вэ?
Цөмийн аюулын санаачилга байгууллагат зөвлөхөөр ажиллаж агсан Роберт Берлс "ОХУ дахь Иргэний нийгмийн байгууллагууд" бичвэртээ:
-Дарангуйллын дэглэмтэй улс орны хувьд иргэний нийгэм нь дайсан мэт ойлгогддог. Тиймээс ард иргэддээ хатуу хяналтыг тавьдаг. Дарангуйлагчид ард түмнээ тэдний дэглэмийг нурааж чадах бие даасан улстөрийн хүчин гэж үзэж айдаг. Даяаршсан өнөөгийн ертөнцөд иргэний нийгмийнхний гадаад харилцааг таслан, хязгаарлахыг эрмэлздэг хэмээн тодорхойлжээ.
Хэнийг хязгаарлах оролдлого хийж байна, түүнээс айж байна гэж томъёолж болох юм.
Харин хуульч Б.Пүрэвсүрэн:
-Юун түрүүнд, ашиг сонирхлын зөрчлийн үүднээс төр иргэний нийгмийн байгууллагууд хавчин гадуурхдаг. Тухайлбал, төр өөрийн зоргоо хэтрүүлэх хүсэл эрмэлзлэл түүхийн ямар ч цаг үед байсаар ирсэн гэж онолд дурьддаг. Харин Иргэний нийгмийн байгууллага төрийн энэхүү дур зоргот хөндлөнгийн хяналт тавьдаг. Нөгөө талаас төрийн хүрч хийж чадахгүй байгаа ажлуудыг иргэний нийгмийн байгууллагууд хийдэг тул төрийн зүгээс түүнийг үгүйсгэх, үл тоох байдал хүчтэй илэрдэг. Өөрөөр хэлбэл, хүчтэй төр гэдгээ иргэдэд батлах хүсэлд нь иргэний нийгмийн байгууллагууд саад учруулдаг тул иргэний нийгмийн байгууллагуудыг үгүйсгэж эхэлдэг. Уг ёсоороо бол төр байгаа цагт иргэний нийгэм байх нь хууль юм. Харин ардчилсан нийгмийн үед илүү батжих, хүчтэй дуу хоолой болох, илэрхийллийн олон янзын аргаар дамжин энэ нь хэрэгжих боломжтой гэж үзэж байна гэв.
Гэтэл манай улсад иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа хумих, хязгаарлах зорилготой хуулийн төсөл өнгөрөгч хавраас эхлэн яригдаж эхэллээ.
Энэ бол Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл юм.
Иргэний нийгмийн байгууллагууд Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл дээр сөрөг байр суурьтай байгаа талаар бид мэдээлсэн. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтад Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл ороогүй.
Тус хуулийн төслийн Дэд ажлын хэсэгт дараах төлөөллийг багтаах санал яригдаж байна.
- О.Мөнхсайхан /МУИС доктор, профессор/
- Б.Болорсайхан /Стратеги Академийн захирал/
- Г.Ундрал /Ардчиллын боловсрол төвийн захирал/
- П.Бадамрагчаа /Нээлттэй нийгэм Форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер/,
- Т.Амарзаяа /Бодлогод залуусын хяналт ТББ-ын Гүйцэтгэх захирал/
Харин УИХ дахь ажлын хэсэг нь зургаан гишүүнтэй бөгөөд Б.Баттөмөр гишүүн ахалж байгаа.
Дэд ажлын хэсгийн төлөөллийг бүрдвэл хуралдаан нь тун ойрын өдрүүдэд болох нь.
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ШҮҮМЖЛЭВ
Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл нь “Иргэний нийгмийн байгууллагын эрхийг хуулиар хязгаарлах оролдлого” хэмээн иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж байв. Мөн “Энэ хуулийн төслөөр удирдлага, хяналт, төсөв рүү нь төр хэт орж байгаа нь иргэний нийгмийн байгууллагыг хараа хяналтдаа байлгах, хүссэн үедээ өөрсдийн үзэмжээр хөдөлгөх хэлбэр” гэсэн санаа ч байлаа.
Глоб интернэшнл төвөөс “ФАТФ-ын удирдамжид уг эрсдэлийн үнэлгээ зөвхөн хөрөнгө босгон хуваарилдаг байгууллагуудад хамаатай бөгөөд нийт ашгийн төлөө бус байгууллагуудад хамаарахгүйг анхааруулсан байтал ХЗДХЯ үүнийг нийт иргэний нийгмийн байгууллагуудад хамааруулж, иргэний нийгмийн орон зайг хумих үндэслэл болгосон тул дахин хэлэлцүүлэхээр буцаалгах шаардлагатай” гэх байр суурийг мөн илэрхийлж байв.
Энэ хуулийн төслийн гол аюул нь “Мэргэжлийн холбоо, холбоо гэж ангилснаараа бусад иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хумих эрсдлийг бий болгосон юм. Түүнчлэн мэргэжлийн холбоо зөвхөн бодлого боловсруулах үйл явцад оролцохоор заасан нь засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг олон байгууллагын оролцоог хаасан зохицуулалт болсон билээ.
ЗАРИМ ТОДОРХОЙЛОЛТ:
Иргэний нийгэм нь гэр бүл, төр, зах зээлээс гадуур оршдог иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг талбар юм.
Иргэний нийгмийн орон зайг зүй бусаар хязгаарлах нь олон улсын хүний эрхийн стандартыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгааг НҮБ-ын Хүний эрхийн хороо удаа дараа онцолж ирсэн.
“Иргэний нийгэм нь хууль дээдлэх, хариуцлагатай байдлыг дэмжих, цөөнх, эмзэг бүлгийн хүмүүсийг чадавхжуулах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүний наймаатай тэмцэх, эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхжуулах, хүүхдийн эрхийг дэмжих, нийгмийн шударга ёсны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж НҮБ-ын Хүний эрхийн хорооноос тодорхойлсон байдаг.