Асуудал дагуулсан Холбооны эрхзүйн байдлын тухай маргаан ид өрнөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асуудал дагуулсан Холбооны эрхзүйн байдлын тухай маргаан ид өрнөж байна

/2022.1.10/ МАН-ын бүлэг өнөөдөр маргаан дагуулаад байгаа хоёр хуулийн төслийг татах эсэх асуудлаар хуралдаж байна.

Энэ нь Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл болон Сангийн тухай хуулийн төсөл.

Хуулийн төслийг буцаан татна, татахгүй гэдэг маргаан Засгийн газрын ордонд бүлгийн хуралдаан дээр ид өрнөж байна. Энэ асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлэг чуулганаас тав хоногийн завсарлага аваад байгаа. Харин өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан асуудалд нухацтай хандаж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүдтэй хаалттай уулзалт зохион байгуулсан юм.

Иргэний нийгмийн байгууллагууд Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл дээр сөрөг байр суурьтай байгаа талаар бид мэдээлсэн. Транспаренси интернэшнл байгууллагын зөвлөх Д.Тэгшбаяр:

-Иргэний нийгмийн байгууллагын эрхийг хуулиар хязгаарлах нь авлигын төсөөллийн индекст сөргөөр нөлөөлнө хэмээж байна.

Мөн хуулийн төслийг концепцийн хувьд өөрчилсөн атлаа иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг явуулаагүй, санал аваагүй хэмээн шүүмжилсэн. Гэсэн атлаа бидний нэрийг барьж, чуулганы танхимд санал өгсөн мэтээр мэдээлж байгаа нь худал мэдээлэл хэмээв.

Тэгвэл УИХ дээр сөрөг байр суурьтай байгаа цөөхөн гишүүний нэг болох Б.Энхбаяр:

-Төрийн бус байгууллагуудаар дамжуулж мөнгө угаах, төсвийн мөнгийг авлигадах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хавтгайрсан нь нууц биш. Энийг шилэн болгоё гэхээр иргэний нийгмийг нухчин дарах гэж байна гэж шүүмжилж байна. Төр нь ч, иргэний нийгэм нь ч шилэн байя хэмээн маргаан өрнүүлж байна.

Харин үүн дээр иргэний нийгмийн байгууллагууд “Санхүүжилтийг ил болгох шаардлагатай гэдгийг бид хэдийнээ шаардаж байгаа. Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд гаднаас төсөв авахаас өөр ямар ч аргагүй. Яам, тамгын газраас төсөл хөтөлбөрт олгогдож байгаа мөнгө нь намын харьяалалтай байгууллагуудад ногддог. Тиймээс гадны хөтөлбөр авахаас өөр аргагүй нөхцөлд хүрдэг. Мөнгө угаадаг болон хэвийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа ялгаж салгамаар байна.

Хуулийн төслөөр удирдлага, хяналт, төсөв рүү нь төр хэт орж байгаа нь иргэний нийгмийн байгууллагыг хараа хяналтдаа байлгах, хүссэн үедээ өөрсдийн үзэмжээр хөдөлгөх хэлбэр.

Мөн нийтэд тустай үйл ажиллагаанд хандив өгөхдөө сан үүсгэж санхүүжүүлэхээр тусгасан байна. Энэ нь одоогийн ямар ч асуудлыг шийдэхгүй, иргэдийн сайн дурын санаачлагыг татвараас чөлөөлөх ч нөхцөлгүй, ямар ч дэмжлэггүй зохиомол юм оруулж ирж байна. Сан үүсгээд, хэнд мөнгөө өгөх вэ гэдгээ шийдээд суух юм бол энэ нь буцаад ашиг сонирхлын зөрчил рүү орно” хэмээн эсэргүүцэж байна.

Төрийн бус байгууллагуудын хувьд санхүүгийн тайланг улирал тутамд гаргадаг. Энийг ил болгохыг үүрэгчилсэн хуулийн заалт байхгүй. Тиймээс ийм заалтыг хуулиар шийдэх нь зөв гэдэгтэй иргэний нийгмийн байгууллагууд санал нэгдэж байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагат 2016 онд Үндэсний эрсдлийн үнэлгээ гэж гаргаж өгсөн байдаг. Энэ үнэлгээг Тагнуулын ерөнхий газар гаргасан бөгөөд үнэлгээнд “Төрийн бус байгууллага нь мөнгө угаах өндөр эрсдэлтэй” гэж тодорхойлсон байна. Харин ФАТФ-аас яг ямар үйл ажиллагаа нь мөнгө угааж байгаа талаарх нарийн тодорхойлолт хүссэн гурван удаагийн захидал хүлээн авсан ч одоог хүртэл хариу өгөөгүй, тайлбарлаж чадахгүй байгаа ажээ. 2016 оноос хойш хэд хэдэн удаа гарсан байх шаардлагатай Үндэсний эрсдэлийн үнэлгээ одоог хүртэл гараагүй нь өнөөдрийн маргааны үндсэн шалтгаан байж болох юм. Зүй нь ХЗДХЯ, Монголбанк, ТЕГ уг тайланг гаргахдаа эрсдэл, эрсдэлийн түвшингээ тодорхойлж түүнд тохирох арга хэмжээ авч дээрх хуульдаа зохицуулж болох байжээ.

Х.Нямбаатар: Замын-Үүдэд мэргэжлийн жолооч нар ажиллуулахаар боллоо, уучлаарай тээвэрчид ээ
Х.Нямбаатар: Замын-Үүдэд мэргэжлийн жолооч нар ажиллуулахаар боллоо, уучлаарай тээвэрчид ээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.