Иргэний нийгмийн байгууллагууд бол төрийн дур зоргыг хянадаг ТОМ ХҮЧ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний нийгмийн байгууллагууд бол төрийн дур зоргыг хянадаг ТОМ ХҮЧ

Иргэний нийгмийн байгууллагын талаар хүмүүс өөр өөрийн бодолтой байдаг. Бид энэ удаад дөрвөн төлөөллөөс дараах асуултуудыг асуулаа.

  • Иргэний нийгмийн байгууллагууд яагаад нийгэм, улс оронд хэрэгтэй вэ?
  • Иргэний нийгмийн байгууллагууд байхгүй нийгэм, улс орон ямар байх бол, Та төсөөллөө хэлээч?
  • Сэтгүүлч хүнийхээ хувьд иргэний нийгмийн байгууллагууд ямар байгаасай гэж Та боддог вэ?
  • Төр ямар тохиолдолд иргэнийн нийгмийн байгууллагыг хавчин гадуурхаж, тэднийг үгүй хийхийг хүсдэг вэ?

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ?

Иргэний нийгмийн байгууллага гэдэг нь холбоо, судалгааны байгууллага, олон нийтийн бүлэг, нийтлэг ашиг сонирхлын бүлэг, улс төрийн хөдөлгөөн, сонирхлын клуб гэх мэт байгууллагуудыг хэлнэ.

"Бүх нийтийн боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвслийн
ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг

Иргэний нийгмийн байгууллагууд байхгүй нийгэм, улс орон ямар байх бол, Та төсөөллөө
хэлээч?

Дарангуйлал ил гарч, асуудал бүгд дээрээс доош гэсэн загвараар шийдэгддэг болно. Төр болон түүнтэй холбогдсон хувийн хэвшлийн дарангуйлал руу амьдрал шилжин орно. Иргэд тэдгээрийн эсрэг дуу хоолойгоо хүргэхийг хүсэх ч хүч тарамдаж, зохион байгуулалтад орж чадахгүй тул ганц нэгээрээ дуугарсан иргэдийг "няц дарна". Маргиналь иргэд /Маргиналь гэдэг нь ямар нэгэн бүлгийн шинж чанар агуулж чадаагүй, саармаг шинжтэй гэсэн үг/ улам бүр дарлагдаж, нийгмийн ёроолд очно. Хэн ч тэдний төлөө дуу хоолойгоо хүргэхийг хүсэхгүй.


Сэтгүүлч хүнийхээ хувьд иргэний нийгмийн байгууллагууд
ямар байгаасай гэж Та боддог вэ?

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу

Ч.Лодойсамбуу: Ардчилалдаа ээлтэй л байгаасай. Бусдаар бол хуулийнхаа дагуу яаж ч ажиллаж болно.

Сэтгүүлч: Гэхдээ энэ улсад ардчиллын төлөө ажиллаж байгаа байгууллагууд гэвэл Иргэний нийгмийнхэн л байгаа шүү дээ?

Ч.Лодойсамбуу: Гол нь нийгмийнхээ нөхцөл байдлыг бодитой үнэлж ирээдүйг нь бодитоор төсөөлөхгүйгээр ажлууд зохион байгуулаад байхаар Иргэний нийгмийн гэдэг утгаа алдаад байгаа юм. Ардчиллын төлөө боловч үр дүн нь эсрэг байх тохиолдол маш олон.

Иргэний нийгмийн байгууллагууд нийгэм улс оронд
яагаад хэрэгтэй вэ?

Трансперенси интернэшнл” ТББ-ын хараат бус
зөвлөх Д.Тэгшбаяр

Нийгмийн гурав дахь тулгуур багана нь Иргэний нийгмийн байгууллагууд юм.

Дөрөв дэхийг нь сэтгүүл зүй гэдэг шүү дээ. Иргэний нийгмийн байгууллага олон зорилготой. Нэг зорилго нь сонгуулиар иргэд өөрсдийг нь төлөөлөх төлөөллөө сонгодог ч, албан тушаалтныг томилдог төрийг тэр бүр хянаж чадахгүй. Тиймээс аливаа чиглэлээр бүлэг болж түүгээр дамжуулан хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бий болгодог. Зөвхөн хянаад зогсохгүй төрийн хүрч ажиллаж чадахгүй олон ажлуудад дэмжлэг ч болдог.

Тиймээс төрийг хянах, түүнд дэмжлэг болох тул нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй салбар юм.

Төр ямар тохиолдолд иргэнийн нийгмийн байгууллагыг хавчин гадуурхаж,
тэднийг үгүй хийхийг хүсдэг вэ?

Хуульч Б.Пүрэвсүрэн

Юун түрүүнд, ашиг сонирхлын зөрчлийн үүднээс төр иргэний нийгмийн байгууллагууд хавчин гадуурхдаг. Тухайлбал, төр өөрийн зоргоо хэтрүүлэх хүсэл эрмэлзлэл түүхийн ямар ч цаг үед байсаар ирсэн гэж онолд дурьддаг. Харин Иргэний нийгмийн байгууллага төрийн энэхүү дур зоргот хөндлөнгийн хяналт тавьдаг. Нөгөө талаас төрийн хүрч хийж чадахгүй байгаа ажлуудыг иргэний нийгмийн байгууллагууд хийдэг тул төрийн зүгээс түүнийг үгүйсгэх, үл тоох байдал хүчтэй илэрдэг. Өөрөөр хэлбэл, хүчтэй төр гэдгээ иргэдэд батлах хүсэлд нь иргэний нийгмийн байгууллагууд саад учруулдаг тул иргэний нийгмийн байгууллагуудыг үгүйсгэж эхэлдэг. Уг ёсоороо бол төр байгаа цагт иргэний нийгэм байх нь хууль юм. Харин ардчилсан нийгмийн үед илүү батжих, хүчтэй дуу хоолой болох, илэрхийллийн олон янзын аргаар дамжин энэ нь хэрэгжих боломжтой гэж үзэж байна.

Иргэний нийгмийн байгууллагуудын талаар олон хүн өөрийн дуу хоолой, санаа бодлоо илэрхийлсэн байдаг. Тухайлбал, хэвлэл мэдээллийн салбарт шинээр сэтгүүлчээр ажиллаж буй хүмүүст зориулан видео зөвлөмжийг хүргэж буй сэтгүүлч О.Ариунбилэг "Иргэний нийгмийн байгууллагууд бол сэтгүүлчдийн нягт хамтран ажиллах учиртай, чухал эх сурвалжуудын нэг юм" хэмээжээ.

Мөн Бодлогод залуусын хяналт ТББ-ын захирал Т.Амарзаяа "Нэг л өдөр бид хөдлөх, алхах боломжгүйгээр хуулийн тушаанд орсон байх вий гэж санаа зовдог. Тиймээс төрийн дур зоргод хөндлөнгийн хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагууд улам олон болоосой" гэсэн юм.

Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ

УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.