2021 онд нийт эрчим хүчний 9 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс нийлүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2021 онд нийт эрчим хүчний 9 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс нийлүүлжээ

-Сэргээгдэх эрчим хүчний төлбөр цаашдаа нэмэгдэнэ-

/2022.03.29/: Сэргээгдэх эрчим хүчийг /СЭХ/ дэмжих төлбөр гэж таны сар бүрийн цахилгааны төлбөр дээр нэмэлтээр авдгийг та мэдэх үү? Энэ төлбөрийг төлдөггүй албан байгууллага, айл өрх байдаггүй.

Энэ талаар ЭХЗХ-ны Тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Х.Номинбилэгтэй ярилцлаа.

-Энэ төлбөрийг сар бүр төлж байгаагаа зарим хүн огт мэддэггүй юм билээ. Энэ төлбөрийг цахилгааны төлбөр дээр хэзээнээс татан авч эхэлсэн бэ?

-СЭХ-ний тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээр СЭХ-ний эх үүсвэрүүд болон ДЦС-аас үйлдвэрлэсэн бүтээгдхүүний үнийн зөрүүг гарган СЭХ-г дэмжих тарифыг тооцож эхэлсэн. Тухайлбал 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ төлбөрийг бүх хэрэглэгч төлж байна.

-Ер нь дэмжих тариф гэж юу билээ, ямар зорилготой гарч ирсэн бэ? Бид энэ төлбөрийг заавал төлөх ёстой юу гэж асуух хүн байгаа.

-Уламжлалт аргаар гарган авсан эрчим хүч, СЭХ-ний эх үүсвэрээс гаргаж авсан эрчим хүчний үнийн зөрүүг хэрэглэгчдээс татан авч байгааг дэмжих тариф гээд байгаа. Диспетчерийн үндэсний төв дэх худалдан авагчийн нэг данс руу орсон СЭХ-ийг дэмжих төлбөрийг СЭХ-нийхний дансанд нь тус төвөөс үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээгээр нь хийдэг. Тэгэхээр СЭХ-ийг төлөхгүй байх ямар ч боломжгүй.

-Тодруулбал?

-Эрдэнэтийн үйлдвэрлэсэн цахилгааныг Эрдэнэтчүүд авдаг, хэддүгээр цахилгаан станцаас үйлдвэрлэсэн цахилгааныг бид хэрэглэж байгаа бол гэх зэрэг буруу ойлголт зарим хүний дунд байдаг. Эрчим хүч маань өөрөө дамжих ганц сүлжээ. Энэ сүлжээ рүү эрчим хүч нийлүүлээд хэрэглэгч рүү дамжуулдаг. Баруун, зүүн болон төвийн бүсийн сүлжээнээс нийлүүлж байгаа болон СЭХ-ний нийлүүлж байгаа эрчим хүч ганц сүлжээнд ороод л урсаад явчихдаг.

-СЭХ-ийг дэмжих төлбөр арай илүү үнэтэй юү?

-Одоогийн байдлаар Төвийн бүсийн нэгдсэн систем буюу Сэлэнгэ, Дархан, УБ, Дорноговь, Замын-Үүд гэсэн хойноосоо урагшаа чиглэлд СЭХ-ний нийт 9 эх үүсгүүр ажиллаж байна. Эдгээр эх үүсгүүрийг 2013-2020 оны үед байгуулсан. СЭХ-ний эх үүсгүүр ашиглалтад орох бүр үнийн хувьд бага зэрэг өөрчлөлт ордог. 2017 онд дөрвөн төгрөг байж. Хоёр хөрш айл байхад хэрэглээнийхээ хэрээр бага зэргийн зөрүүтэй ч, СЭХ-ний төлбөр нь ойролцоо гарна гэсэн үг.

Ханшын зөрүүнээс шалтгаалж, СЭХ-ний болон уламжлалт аргаар гарган авч байгаа эрчим хүчний зөрүү асар их гарсан. Үүнийг СЭХ-ний тухай хуулиар 1 кВт.ц тутмын үнийг зохицуулсан. Анх 2007 онд салхин цахилгаан станцын эрчим хүчийг нийлүүлэхэд 8-9,5 ам. цент, нарных нь 15-18 ам. цент гэх зэргээр хуульчилж өгсөн. СЭХ-ний технологиуд хөгжин зардал нь буурахын хэрээр 1 кВт.ц тутмын үнэ нь буурч байгаа. 2019 онд үүнтэй холбоотойгоор УИХ-аар өөрчлөлт оруулж баталсан. Өөрчлөлтөөр Салхин цахилгаан станцын эрчим хүчийг 8.5 ам.цент хүртэл , нарны цахилгаан станцын эрчим хүчийг бүр 15-18 ам.цент байсныг 12 ам.цент хүртэл гэж бууруулж заасан заалт оруулсан байгаа. Усан цахилгаан станцын эрчим хүчийг 4.5-6 ам.цент гэж заасан.

-СЭХ-нээс гаргаж авсан эрчим хүчээ уламжлалт аргаар гаргаж авснаас яаж ялгаж тооцоод байна вэ?

-Эх үүсгэврүүд бүрт тоолуур бий. Диспетчрийн үндэсний төвөөс үүнийг тооцон гаргадаг. Тухайлбал, 2021 онд Монгол Улсын нийт хэрэгцээний 7.9 тэрбум кВт.цагийг СЭХ-нээс гарган авч. Нийт хэрэглээний есөн хувийг СЭХ-ний эх үүсвэрүүдээс нийлүүлж буй эрчим хүчээр хангасан байна.

-СЭХ-ний төслүүд энэ мөнгөө яаж зарцуулдаг вэ?

-Хэрэглэгчдээс СЭХ-ний төслүүд рүү орж ирсэн мөнгийг төслөө анх хэрэгжүүлэхэд гаргасан хөрөнгө оруулалтаа нөхдөг. Зарцуулалтынх нь тайлан судалгаа нь албан ёсны байгууллагад нь ирж, тэднийгээ хянаад явчихдаг юм.

-Анх авсан цагаасаа нийт хичнээн төгрөгийг өнөөдрийг хүртэл СЭХ-нээс төвлөрүүлсэн бэ?

-Энэ талаар лавлаад хариу хэлье. 2021 онд лав СЭХ-ийг дэмжих 130 орчим тэрбум төгрөг хэрэглэгчдээс төвлөрсөн байна.

-Нэгэнт л СЭХ-ийг дэмжих төлбөр гэж авч байгаа юм чинь энэ салбараа бид дэмжиж чадаж байгаа юу. Бас л багагүй хугацаа шүү?

-Хүлэмжийн хийг багасгах гэх зэргээр олон улсын өмнө үүрэг хүлээсний хувьд эрх, үүргээ биелүүлж байгаа гэдгээрээ энэ салбар маш том алхам хийсэн. Үнэ тарифыг хуульчилж өглөө. 2013 онд анхны СЭХ-ний төсөл ашиглалтад орсноос хойш СЭХ-ний есөн эх үүсгүүртэй болсныг харахад хөгжиж байна. СЭХ-ийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2022 оны байдлаар 24 газарт өгчээ. Бид үйл ажиллагааг нь хянаад явж байгаа. Энэ мэтчилэн эрчим хүчний салбарын хүндрэлтэй үед СЭХ маань хувь нэмрээ оруулж л байна. 2021 онд нийт эрчим хүчний 9 хувь болох 800 сая кВт.ц эрчим хүчийг нийлүүлжээ.

-СЭХ-ийг барьж байгуулахдаа та нарт төлөвлөгөө гаргаж өгдөг үү?

-Тэд өөрсдөө мөнгөө гаргаж барьдаг. Бид тэдэнд зардлаа хэр хугацаанд нөхөхийг нь тооцож гаргаж өгнө. Ийм үнэ тарифаар жилд тийм эрчим хүч үйлдвэрлэх бол тэдэн жил ажиллаад өртгөө нөхнө гэж. Хэрэглэгчдийн СЭХ-ийг дэмжихэд төлсөн мөнгөөр хөрөнгө оруулалтаа нөхөөд явж байгаа. Хэрэв өртгөө нөхчихвөл хэрэглэгч нарт ямар үнээр эрчим хүчээ нийлүүлэх вэ гэдэг дээр гэрээ хийгээд явна.

-Цаашдаа СЭХ-ний үнэ өсөх үү, буурах уу?

-Нэмэгдэнэ. Гэхдээ нэг, хоёр төгрөгөөр л нэмэгдэнэ. Жил ирэх тусам аж үйлдвэрлэл хөгжин шинэ хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсч байна.

-СЭХ-ийг хувиараа үйлдвэрлэх боломжтой биз дээ?

-Байгууллагууд өөрсдийнхөө тодорхой хувийг хангаад цаашаа нийлүүлэх боломжтой болсон. Өрх айл ч болно. Өөрсдөөсөө гадна улсад СЭХ-ээ нийлүүлэх боломжийг нь ЭХЗХ-ноос батлаад өгчихсөн. Мөн л дээр ярьсан шиг хоёр тоолуур суулгаад СЭХ-нийхээ цахилгааныг хянаад явчихна. Үүнийг суурилуулж байгаа компаниуд байгаа. Гэхдээ бүх айл СЭХ-ийг хувиараа шийднэ гэвэл сөрөг нөлөө ихтэй. Түгээх сүлжээний ачааллыг бас тооцож тааруулах ёстой болно. Түгээх сүлжээ нь дамжуулах станцад саатал үүсгэх асуудал үүснэ.

-Цаашид?

-Өртгөө нөхсөн СЭХ-ний төслүүдийн холбогдох хүмүүстэй СЭХ-нээс гаргаж авсан үнийг нь хямдруулах тал дээр хэлэлцээ хийх бодлого барьж байна. Хамгийн анхных нь 2013 онд ашиглалтад орсон. Өртгөө нөхсөн эх үүсвэр алга. Өртгөө нөхөх асуудал төсөл төслөөсөө хамаараад харилцан адилгүй байгаа болохоор тэр.

-Одоо манай улсад СЭХ-ний эх үүсвэр хэд байгаа вэ?

-Нарны зургаа, усан дөрөв, салхины гурван СЭХ-ний эх үүсвэр байна. Эдгээр нь нийт 271.2 мГв эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Өмнөх нийтлэлийг... ЭНД ДАРЖ уншина уу.

ШУУД: “Ногоон санхүүжилт“ сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна
ШУУД: “Ногоон санхүүжилт“ сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.