/2021.08.05/
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзах үеэрээ том мөнгөн дэвсгэрт гаргах ажлыг судлахыг даалгасан билээ. Тэгвэл энэ асуудалд эдийн засагчид ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:Том дэвсгэрт гаргавал мөнгөний ханш унана
УИХ-ын дарга Монгол банкны удирдлагад үүрэг өглөө гэх юм. УИХ-ын дарга төв банкны удирдлагыг дуудаж үүрэг өгч болохгүй. Төв банкны бодлого, ажил бие даасан байх ёстой. Засаглал маань хаашаа яваад байна вэ гэсэн эмзэглэл, болгоомжлол төрж байна. Эдийн засаг талаасаа том мөнгөн дэвсгэрт гарах сайн зүйл биш. Том мөнгөн дэвсгэрт аливаа зүйлийн үнэлэмжид дам утгаараа шууд нөлөөлдөг талтай. Тийм учраас өнөөдрийн нөхцөл байдалд, юмны үнэ өсөх магадлалтай ийм цагт том мөнгөн дэвсгэрт гаргаж, одоогийн хэцүү байдлаа хөөрөгдөх шаардлага байхгүй. Мөнгөн дэвсгэртийн тоо томорно гэдэг чинь мөнгөний ханш уналт эхэлж байгаагийн л тод илрэл. 50,100 мянгатын дэвсгэртийг эдийн засгийн ийм нөхцөлд гаргах шаардлага байхгүй.
Эдийн засагч Н.Энхбаяр:Мөнгө нь цаас болсон улсуудын араас явах гээд байна
Том мөнгөн дэвсгэрт гаргаж буй улс орнуудыг харахаар эдийн засаг нь суларсан, инфляци нь дийлдэхээ болсон байдаг. Эдийн засгийн шинжээчид, хөрөнгө оруулагчид том мөнгөн дэвсгэрт гаргах шийдвэрийг “Энэ улсын эдийн засаг тааруухан болжээ” л гэж харна. Миний хувьд УИХ-ын даргын төв банкны удирдлагад өгсөн үүргийг эдийн засгийн агуулгатай гэж харахгүй байна. Улстөрийн зорилго л байгаа болов уу. УИХ-ын дарга нь том мөнгө хэвлэх агуулгатай үүрэг өгч болохгүй. Ямар дэвсгэрт хэвлэх нь төв банкны бүрэн эрх. Судалгаа тооцоолол гаргаж байж шийдэх учиртай асуудал. УИХ-д падлий ч байхгүй. Манай УИХ харьяа байгууллагаа өөрийнх нь удирдлага дор байдаг агентлаг гэж ойлгодог.
УИХ-ын дарга нь төв банкаа агентлаг гэж ойлгоод үүрэг даалгавар өгөөд сууж таарахгүй. Тэр тусмаа шинээр дэвсгэрт гаргах нь төв банкны яг мэргэжлийн хүмүүсийнх нь хийдэг ажил. Өнөө жил болж буй үйл явдлаа л тунхаглаж байгаагийн шинж байх. 100 жил гэх мэт агуулгатай юм л гаргах гээд байх шиг. Том мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг нь инфляци өссөн гэдгийг л баталгаажуулж байгаа дохио. Статистик, төв банкин дээр гардаг барааны үнэ өссөөр яваа гэдгийг албан ёсоор баталгаажуулж байгаа хэрэг. Венесуэл гэх мэт мөнгө нь цаас болж байгаа улсуудын араас явж байна.
Африк, Латин Америкийн буюу эдийн засаг нь буруу замаар яваа орнууд л том дүнтэй валютыг хамгийн их хэрэглэдэг. Европоос Албани л хямралынхаа үед том дэвсгэрт хэрэглэсэн байх. Тавь, зуун мянгатын дэвсгэрт гарлаа гэхэд бидний гар дээр ирэхгүй. Томчууд, газрын наймаа хийдэг улсын нь өөр зуураа хэрэглэдэг төлбөрийн хэрэгсэл болох байх.
Санхүүч Г.Батжаргал:Хэрэглээгүй учраас том мөнгөн дэвсгэрт гаргах шаардлагагүй
Мөнгөний хувьд солилцоо, хадгаламж, хэмжих нэгж гэсэн гурван үүрэгтэй. Солилцооны хэрэгсэл талаас нь харахаар цаасан мөнгө үндсэндээ алга болчихлоо л доо. М2-ын бэлэн мөнгөний үлдэгдлийг харсан юм. 3.3 хувьтай л байна. Ер нь жил өнгөрөх тусам хэмжээ нь буурсаар ирсэн. Технологид суурилсан мөнгөний хэлбэрүүд гараад ирчихсэн ийм үед шинэ төрлийн мөнгө хэвлэх зөв зүйл биш. Зардал их гарахаас өөр үр дүнгүй. Шинэ мөнгө хэвлэхээр хөдөө орон нутаг, банкуудаар тараахаас эхлээд өчнөөн зардал гарна.
Хятад нэг хэсэг юанийн том дэвсгэрт гаргах гэж байгаад больсон. Одоо Хятадын төв банк цахим юань гаргана гэж ярьж байгаа. Европын өндөр хөгжилтэй улсуудын тухайд 500-тын евро албан ёсны гүйлгээнд нь байгаа ч хэрэглээнээс бараг хасчихсан. 500-тын еврогоор дэлгүүрээс худалдан авалт хийх гэхээр шалгаж, байцааж, зарим нь шууд авахгүй гэсэн хариу хэлдэг. Олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнууд том дэвсгэртийг сайнаар хардаггүй. Овор хэмжээ багатай гэдэг утгаараа том мөнгөн дэвсгэрт авлига цэцэглэхэд нөлөөлдөг гэж үздэг. Эдийн засгийн агуулга талаасаа хэрэглээ байхгүй нь хамгийн том сул тал гэж би харж байна.