/2022.03.09/: Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский барууныхны арга хэмжээ авахгүй байна гэж үзэн бухимдаж байгаа илэрхийлээд холбоотнуудаа хохирогчдын өмнө хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.
“Энгийн иргэдийн үхэлд Оросууд буруутай ч барууныхан оффисдоо 13 хоногийн турш зайлшгүй шаардлагатай шийдвэрийг баталж чадаагүй, манай хотуудыг оросын бөмбөг, пуужингаас аварч чадаагүй хүмүүс хариуцлага хүлээх болно” гэж Зеленский мягмар гаригт хэлснийг Kiyev Independent сонин иш татав.
Хоёрдугаар сарын 24-нд Орос улс бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойш Украины хэд хэдэн хот, агаарын цэргийн баазыг бөмбөгдөж, баллистик пуужингаар харваж байна.
Москва хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн кампанит ажлаа "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэж, өмнө нь Москвагийн эрхшээл буюу ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, харин одоо барууны орнууд руу хандаж Европын холбооны болон НАТО-г гишүүн болохыг эрэлхийлж буй Украиныг эзлэх төлөвлөгөөгүй гэж мэдэгдэв.
ОХУ-ын довтолгооноос урьдчилан сэргийлэхийн тулд Украины нутаг дэвсгэрт нислэгийг хориглох бүс тогтоохыг Зеленский барууны гүрнүүдээс удаа дараа хүссэн байна.
"Бид өдөр бүр хэлдэг: Украины агаарын бүсийг хаа. Оросын бүх пуужингууд, байлдааны нисэх онгоцууд болон бүх террористууд ойрхон байна" гэж Зеленский ням гарагт хэлэв.
"Хэрэв та нар энэ арга хэмжээг авахгүй бол, бидэнд өөрсдийгөө хамгаалах онгоц өгөхгүй байгааг хараад та нар биднийг маш удаанаар үхээсэй хэмээн хүсч байна гэсэн дүнгэлт хийхэд хүргэж байна."
Украины агаарын цэргийн флот нь Зөвлөлтийн үеийн хуучирсан МиГ-29, Сухой-27 онгоцууд, агаарын тулаан болон хуурай замын цэргүүдэд туслах, газрын байг устгахад илүү хүнд Сухой-25 тийрэлтэт онгоцуудаас бүрддэг гэж Олон улсын хүрээлэнгийн Цэргийн тэнцвэрт байдлын үнэлгээ, Стратегийн судалгаанд (IISS) дурджээ.
Эдгээр нь Украины нисгэгчид нэмэлт сургалтгүйгээр шууд нисч чадах цорын ганц онгоцууд бөгөөд НАТО болон Европын бусад холбоотон шууд оролцох хүсэл эрмэлзэлгүй байгаа бөгөөд хамтран байлдсан хэмээн Москвад тооцогдох эрсдэлтэй юм.
НАТО Украины нислэгийн хориглох бүс байгуулах хүсэлтийг няцаасан нь Оросын бөмбөгдөлтөнд ногоон гэрэл асааж өгсөн гэж Зеленский хатуу шүүмжлэв.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг Брюссельд болсон эвслийн 30 гишүүн орны яаралтай хуралдааны дараа бямба гарагт шийдвэрээ зарлав. Тэрээр Украинд агаарын хилээ Оросын пуужин, байлдааны нисэх онгоцноос хамгаалахад нь туслахын тулд НАТО-гийн хүчин Оросын нисэх онгоцыг сөнөөх шаардлагатай болох бөгөөд үүний үр дүнд Европт "өөр олон орныг хамарсан бүрэн хэмжээний дайн" гарч болзошгүй гэж хэлэв.
"Бид энэ мөргөлдөөний нэг хэсэг биш" гэж тэр нэмж хэлэв.
Байдены засаг захиргаа ч ийм алхам хийхгүй гэж мэдэгдэв.
Одоогоор хоёр сая гаруй хүн дүрвэсэн дайнд АНУ шууд оролцвол байдал хурцадна гэж албаны хүмүүс болон шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: Aljazeera