2021.08.04
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57кг жингийн барилдаан өнөөдөр болж байгаа билээ.
Энэ төрөлд манай улсыг төлөөлөн барилдаж байгаа 20 настай залуу тамирчин Болдсайханы Хонгорзул Франц улсын хашир туршлагатай, Европын аваргын хүрэл медальт Матилда Ривиеретэй барилдаж маш шаргуу зүтгэсний үндсэнд 7:5 оноогоор ялсан амжилт үзүүлсэн.
Улмаар Хонгорзул дараагийн шөвгийн наймын төлөөх барилдаанд Япон улсын бөх Рисако Кавайтай барилдах даалгавартай болсон юм.
Өрсөлдөгчийн хувьд 1994 онд төрсөн 27 настай олимп, дэлхийн аварга туршлагатай бөх юм. Ялсан бөх шөвгийн дөрвийн төлөө барилдах эрхийг авна.
Тоглолтын эхний үе эхэлж, нэг минут 40 секундын дараа манай тамирчин торгуулийн 30секунд авч, өрсөлдөгч маань нэг оноо авлаа. Үүгээр нэгдүгээр үе өндөрлөж 1:0 оноогоор манай тамирчин ялагдаж явсан юм.
Хоёрдугаар үе эхэллээ.
40 секундын дотор өрсөлдөгч Хонгорзулыг давуулснаар хоёр оноо авч манай тамирчин ялагдаж эхэллээ.
Манай тамирчин өрсөлдөгчөө сугадах гэж оролдож цаг алдаж байна.
Тоглолт дуусахад нэг минут үлдэхэд Рисако ахин хоёр оноо авч 5:0 оноогоор ялагдаж байлаа.
Ийнхүү сүүлийн 10 секундэд өрсөлдөгч ахин хоёр оноо авч манай тамирчин 7:0 оноогоор ялагдлаа.