3 километрийн наад, цаадахын ялгаа буюу “БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3 километрийн наад, цаадахын ялгаа буюу “БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ”

Сурах орчин, сургалтын арга барил нь таалагдаагүй тул эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургууль руу шилжүүлдэг болох талаар бид сурвалжилсан. Эцэг эхчүүдээс хариулт сонссон энэ сурвалжлагын үргэлжлэл болгож хүүхдийн сурч боловсрох орчин үнэхээр тэгш бус байгаа эсэхийг сурвалжиллаа.

Энэ хүрээнд БЗД-ийн 102, 33 дугаар сургуулийн орчныг үзлээ. 102 дугаар сургууль нь гэр хороололд, 33 дугаар сургууль нь орон сууцны хороолол дунд байршдаг.

ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД БАЙРШИХ 102 ДУГААР СУРГУУЛЬ

Ингээд бид БЗД-ийн 2-р хороо буюу Дарь эхийн дунд буудалд байршилтай 102 дугаар сургуулийн орчинтой танилцлаа. Гаднаас нь ажиглахад, сургуулийн хашааны эсрэг талд 2-3 авто засвар байрладаг. Автобусны буудлаасаа холгүй байв.

Нийт сурагчийн тоо: 1500

Бага анги

725

Дунд, ахлах анги

775

Нийт багшийн тоо: 75

Бага ангийн багш

19

Дунд, ахлах ангийн багш

56

Нэг багшид ногдох сурагч

Бага анги

38

Дунд, ахлах анги

14

Нийт компьютерийн тоо: 55

Суурин компьютер

15

Зөөврийн компьютер

40

Нэг компьютерт ногдох сурагчийн тоо

22

ЭЕШ-ын дундаж оноо

473

Спорт заал

Байгаа

Гадаа тоглох спорт талбай

Байхгүй

102-р сургуулийн Мэдээлэл зүйн кабинет
Мэдээлэл зүйн кабинет

Мэдээлэл зүйн кабинет хоёр байдаг бөгөөд, 18 суурин компьютер, 40 зөөврийн компьютер /нөүтбүүк/ байдаг гэв. Үүнээс 20 зөөврийн компьютерийг сурагчид ашигладаг, харин үлдсэн 20-ийг нь яаралтай нөхцөлд багш нар ашиглах зориулалттай байдаг талаар хэллээ.

Ингээд бодвол нэг компьютерт ногдох хүүхдийн тоо 22 болж байна. Улсын сургуулийн хувьд зургаадугаар ангиас эхлэн мэдээлэл зүйн хичээл үзэж эхэлдэг. Энэ сургуулийн дунд болон ахлах ангийн 775 сурагч 18 компьютер, 20 зөөврийн компьютер ашигладаг гэсэн үг.

Г.ГҮНБАТ: БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТЭГШ ХАМРАН СУРГАХ ГЭЭЧ ЗҮЙЛ АЛДАГДААД, ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Бид тус сургуулийн дунд ангийн менежер Г.Гүнбаттай уулзаж ярилцлаа.

-Анги дүүргэлтийн хувьд хэтрэлттэй байгаа юу, хэвийн байдаг уу?
-Яг нормын дагуу байдаг. Нэг ангид ногдох хүүхдийн тоо 25-30, хамгийн ихдээ 35-38 буюу харьцангуй бага байдаг учраас сурах таатай орчинг бүрдүүлдэг гэж бодож байна.

-Эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургууль руу шилжүүлдэг шалтгааныг юу гэж боддог вэ?
-Хотын төв, хотын зах гээд юу нь мэдэгдэхгүй зааг гарчхаад байгаа юм. Боловсролын салбарт тэгш хамран сургах гээч зүйл алдагдаад, хүүхдийн эрх зөрчигдөж байна. Манай сургуулийн хувьд хотын хөл хөдөлгөөнөөс алслагдмал гэхээргүй, сансрын тойргоос хоёр л буудлын зайтай. Хотын захын сургууль гэх албан ёсны тодорхойлолтгүй тул ингэж нэрлэж боломгүй.

Сургалтын хөтөлбөр яг л адил стандартыг барьдаг. Зах зээлийн нийгмээс өмнөх үеэс эхлэн боловсролын тогтолцоо нь буруу байсаар ирсэн. Нэгдүгээр сургуулийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай, 23 дугаар сургуулийг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэж хэв шинжээр нь ялгаж дөвийлгөдөг.

Манай сургуулийн хувьд англи, орос хэлний, математикийн гүнзгий сургалт ч байдаг. Ууган сургуулиудад боловсролын яам давуу эрхийг нь өгчихсөн учраас хүмүүс хүүхдээ тэнд сургах гэж шуурч байна.

-ЭЕШ-ын дундаж оноо танай сургуульд 473 гэж байна. Дээр дурдсан сургуулиудын ЭЕШ-ын дундаж оноо өндөр байдгийг юу гэж тайлбарлах вэ?
-Би өмнө нь 24, 45 дугаар сургуульд ажиллаж байсан. Тэндхийн сурагчдын ар гэрийн амьдрал боломжийн байдаг учраас хүүхдээ нэмэлт төлбөртэй сургалтад хамруулдаг.

“Хотын захын сургуульд сурдаг” гэж нэрлэгдээд байгаа эдгээр хүүхдүүдийн ар гэрийн амьдрал төдийлөн сайн биш, зөвхөн энэ сургуульдаа л найддаг. Хичээлийн 40 минутад бүгд л адил агуулгатай хичээл үзэж байгаа. 10 дугаар ангиасаа эхлээд л өндөр төлбөртэй, ганцаарчилсан сургалтад хамрагдсан сурагчид өндөр оноо авахгүй гээд яах вэ.

-Одоо танай сургуульд хичээлийн бус цагаар давтлага өгч байгаа юу?
-Хичээл танхимаар орж эхэлсэн цагаас хойш, сонгон болон гүнзгий ангийн давтлагын хуваарийг гаргаад байна.

-Цахимаар хичээллэх үед ямар хүндрэл гардаг байсан бэ?
-Хотын төв, орон сууцанд амьдардаг хүүхдүүд гэртээ суурин интернеттэй, дата нь дуусна гэх айдасгүй хичээлээ хийдэг байх. Гэр хороололд байдаг хүүхдүүдийн хувьд утсандаа заавал дата авна, тэр болгонд эцэг эх нь мөнгө гаргах боломжгүй айл ч олон байгаа. Нийгмийн ялгаатай байдлыг байхгүй болгосон цагт тэгш боловсрол хүртэх боломжтой болно.

102 дугаар сургууль, даваа гарагт хийсэн сурагчдын үдийн цай
Ариун цэврийн өрөө
Гар угаах хэсэг
Спорт заал

ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНД БАЙРШИХ 33 ДУГААР СУРГУУЛЬ

Ингээд бид 102 дугаар сургуулиас 3.2 км зайд байрлах БЗД-ийн 33 дугаар сургууль дээр очиж, сургалтын байдлыг тодрууллаа. Энэхүү сургууль нь МУГБ Т.Дандарын нэрэмжит, ЭЕШ-ын дундаж оноогоороо дүүрэгтээ өндөр байр эзэлдэг, усан сантай зэргээр эцэг эхчүүдийн дунд ам сайтай байдаг юм.

Нийт сурагчийн тоо: 4200

Бага анги

1849

Дунд, ахлах анги

2330

Нийт багшийн тоо: 154

Бага ангийн багш

39

Дунд, ахлах ангийн багш

115

Нэг багшид ногдох сурагч

Бага анги

47

Дунд, ахлах анги

20

Нийт компьютерийн тоо: 50

Суурин компьютер

10

Зөөврийн компьютер

40

Нэг компьютерт ногдох сурагч

46

ЭЕШ-ын дундаж оноо

580

Спорт заал

Байгаа

Гадаа тоглох спорт талбай

Байгаа мөн усан сантай

Б.НАРАНЦЭЦЭГ: БАГШ Л СЭТГЭЛТЭЙ, УДИРДЛАГА НЬ БОДЛОГОТОЙ БОЛ

САЙН СУРГАЛТ ГАРНА

33 дугаар сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Б.Наранцэцэгтэй сургалтын орчны талаар ярилцлаа.

- Эцэг эхчүүд яагаад 33 дугаар сургууль руу хүүхдээ шилжүүлдэг гэж бодож байна вэ?
- Манайх шилжилт хөдөлгөөн бага авдаг. Нийт сурагчдын 40 орчим хувь нь харьяаллын бус байдаг. Тодруулбал, ар гэр энд харьяалалтай байж байгаад өөр тийшээ нүүсэн ч гэсэн шилжээгүй хүүхдүүд байдаг гэсэн үг.

33 дугаар сургуулийн хувьд хими, биологийн хичээл дээрээ илүү алдартай. МУГБ Т.Дандар зэрэг багш нараас улбаатай учраас тэр нэр хүндээ алдахгүй сургалт олгодог. Тиймээс хүүхдүүд шилжихгүй үлддэг байх. Анги дүүргэлтийн хувьд бусад сургуулиуд 60 гаруй хүүхэд нэг дор сурдаг байхад, манай сургуулийн дундаж анги дүүргэлт 45, хамгийн ихдээ 51-ээс хэтэрдэггүй.

Хүч сэлбэхийн тулд цөөн тооны хүүхдийг өөр сургуулиас шалгалт авч байж хүлээж авдаг.

- ЭЕШ-ын дундаж оноогоороо өндөр байна, энэ нь танай сургуулийг сонгох шалтгаан болдог байх
- БЗД-ийн төрийн өмчит сургууль дундаас ЭЕШ-ын оноогоороо нэгдүгээр байранд орсон. Энэ байр сууриа найман жилийн хугацаанд хадгалж байна. Тэр утгаараа сургалтын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдаг байх. ЭЕШ-ын шалгалтын оноогоороо нийслэлийн хэмжээнд нэгдүгээр байранд орсон тул 20 сая төгрөгөөр шагнуулсан.

2021 оны ЭЕШ өгсөн сурагчдын 4 нь 800 оноо авсан.

- ЭЕШ-ын өндөр оноо авч байгааг сургалтын чанартай холбоотой гэж үзэж байна уу? Сурагчид нэмэлт төлбөртэй сургалтад ч хамрагддаг байх.
- Миний бодлоор, энэ нь сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай холбоотой. Гүнзгий сургалтад хамрагдсан сурагч өөрийнхөө сонирхсон чиглэлийн дагуу хамрагдаж байгаа учраас хичээлд хандах хандлага, хариуцлага өндөр байдаг. Нэмэлт төлбөртэй сургалтад хамрагдах нь ч нөлөөлдөг байх. Мөн багш нарын оролцоо, шахалт нөлөөлдөг. Амралтын өдрүүдэд багш нар ЭЕШ-ын сорил авсан. Энэ өдрүүдэд багш нар ажилдаа ирж байгаа ч цалин нэхдэггүй, хүүхдийн төлөө гэсэн тэмүүлэлтэй байдаг.

- Эцэг эхчүүд хотын төвөөс зайтай сургуулийн чанарыг үнэлэх үнэлэмж бага байна. Үүнийг юу гэж боддог вэ?
- Сургалтын чанар гэхээсээ илүүтэй менежменттэй холбоотой болов уу.

Дотоод удирдлага, ажиллаж байгаа багш нарын бодлогын асуудал. Багшийг сайн, муу гэж ангилах нь буруу. Багш л бол багш. Тухайн багшийг яаж хөгжүүлэх нь нөгөө л менежментийн асуудал.

Гаднаасаа гоё харагдаж байгаа сургуульд гоё боловсрол эзэмшинэ гэж байхгүй. Багш л сэтгэлтэй, удирдлага нь бодлоготой бол сайн сургалт гарна гэж бодож байна.

Эцэг эхчүүд боловсролыг тухайн сургуулийн байршлаар үнэлж байгаа нь маш буруу. Хоёр эцэг эх л тухайн сургуулийн талаар сайн гээд хэлчхэд л дараагийн хүн нь дам ойлголтоор тухайн сургуулийг сайн гээд үнэлчихдэг нь дэндүү өрөөсгөл байна.

Гар угаах хэсэг
Ариун цэврийн өрөө

Спорт заал
Сурагчдын ашигладаг компьютер
Даваа гарагт өгсөн сурагчдын үдийн цай

Ердөө таван километр хүрэхгүй газарт байрладаг хоёр сургуулийн нөхцөл байдлыг хүргэлээ. Үнэн хэрэгтээ багшийн мэргэжлийг сонгоод, мэргэжлээрээ ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч нарыг гоочлох нь буруу мэт санагдав. Нийслэлд сайн сургалттай сургууль олон байгаа нь үнэн. Гэхдээ бид хотын төвийн хэдэн сургуулиа хосгүй сайн сургалттай гэж үзэн ДӨВИЙЛГӨЖ байгаа нь нууц биш. Харин үлдсэн улсын сургуулийн бүтэц, зохион байгуулалтад сайтар анхаарч ижил түвшний сэтгэл ханамж, боловсрол олгох цаг нь болсон болов уу.

Хотын захын сургууль, хотын төвийн сургуулийг сонгож эсвэл сонгохгүй байгаа шалтгаан нь нийгэмд бий болоод буй тэгш бус байдлыг хүүхдүүддээ мэдрүүлэхгүй гэж хичээх эцэг, эхчүүдийн хүсэл юм. Хотын захад төрж өсөж буй хүүхдүүд ч сайхан орчинд, сайн боловсрол эзэмших эрхтэй. Харин тэр эрхийг хангах үүрэг нь ТӨРИЙНХ юм. Тэгвэл өнөөдөр төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас эцэг эхчүүд ийнхүү хүүхдээ хэдэн цагаар зөөх асуудал үүсээд байгаа юм.

СУДАЛГАА: Иргэдийн 29,9 хувь нь цахим худалдаа хийжээ
СУДАЛГАА: Иргэдийн 29,9 хувь нь цахим худалдаа хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.