- ҮЗЭЛ БОДОЛ -
Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус ажиллагааны талаар сэтгүүлч С.Будрагчаа олон нийтэд дэлгэн харуулсан.
Үүнээс улбаалан Ж.Соронзон захирал “сайн, муу” гэх маргаан нийгэмд дэгдэв.
Өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны яамны гадаа тус сургуулийн эцэг, эхчүүдийн жагсаал ч боллоо. Гуравдугаар сургуулийн сургалтын арга барил, төгсөгчдийн амжилт, эцэг, эхчүүдийн байр суурь зэргээс харвал Ж.Соронзон захирал үнэхээр мундаг захирал ажээ.
Өнөөдрийг хүртэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан бүлх залгисан мэт энэ асуудалд дуугүй сууна. Харин дэд сайд Г.Ганбаяр “Хууль хяналтын байгууллага асуудлыг шалгаж байгаа тул яам элдэв хариу өгөх боломжгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.
Боловсролын яам, Энх-Амгалан сайд аа, танай яамны харъяа Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой хүргэх нэг санал байна.
Хатуу дэг журмаар суралцуулж, хүүхдүүдэд сахилга баттай, үнэхээр сайн сургаж чаддаг арга барилыг нь хотын захын сургуульд хэрэгжүүлье. Үүний тулд Ж.Соронзонг хотын захын аль нэгэн сургуулийн захирлаар ажиллуулъя. Тэрээр өөрийн арга барилаа бусад сургуулиудад зааж, түгээж, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудтай хуваалцах нь зөв зүйтэй юм.
Улсын сургуулийн захирлыг орон нутгийн удирдлагаас нь томилдог. Харин Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн хувьд сургууль нь Удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг солих, томилох асуудлыг шийддэг. Тэгвэл энэ удаад тэд ч бас “өөр захирал”-ын нүүр үзэж, ажиллаг л дээ.
Гуравдугаар сургууль нь хөндлөнгийн хяналт шалгалтын системийг бүрэн нэвтрүүлсэн. Ингэснээр анги даасан багшийн үнэлгээг өөр бусад ангийн багш нь шалгах, сурагчдыг “худал” дүгнэх боломжийг үгүй хийсэн байна. Мөн хүүхдүүд нь өндөр сахилга баттай. Элсэлтийн ерөнхий шалгалтаар өндөр үнэлгээг авдаг.
Ийм сайхан туршлагыг яагаад өөр сургуульд хэрэгжүүлж болохгүй гэж? Энэ арвин туршлагыг нэг сургуульд дангаараа гуч гаруй жил хэрэгжүүлнэ гэдэг шударга бус.
ЖИЧ: Энд дарж Гуравдугаар сургуулийн шилэн данстай танилцана уу.