/2022.02.10/ “Бээжин-2022” олимпын наадмын үеэр ажил хэргийн уулзалт ярилцлагууд өрнөсөөр байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 8-нд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд бэлтгэх дэд хорооны дарга Ким Кьюн-Сунтэй уулзаж ярилцлаа.
Уулзалтын үеэр талууд Монголын өвлийн спортын хөгжлийн талаар санал солилцов. Улмаар 2024 оны залуучуудын өвлийн олимпын жилд нэг сарын хугацаатай, 2-3 удаагийн давтамжтайгаар монгол тамирчдыг Ганвонд бэлтгэл хийлгэх талаар тохиролцов. Залуучуудын өвлийн олимпод оролцох боломжтой тэшүүр, цана, биатлон, кёрлинг, бобслей зэрэг төрлийн тамирчдыг тус бэлтгэлд хамруулахаар эхний байдлаар тохироод байна.
БНСУ-ын хойд хэсэгт орших Ганвон аймаг нь 2020 онд Швейцарын Лозаннд болсон ОУОХ-ны 135-р чуулганаар залуучуудын өвлийн IV олимпыг зохион байгуулах эрх авсан. Өмнөх гурван олимп 2012 онд Инсбрук, 2016 онд Лиллехаммер, 2020 онд Лозаннд зохиогдож байв.
Эх сурвалж: МҮОХ