Шатахууны үнийн асуудлаар оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэг явагдаж өндөрлөлөө.
Талуудын байр суурийг сонссоны дараа уулзалт хэлэлцүүлгийг хааж АМГТГ-ын дарга Ц.Хэрлэн зарим ААН-үүд өнөөдөр шатахууны үнээ 100 төгрөгөөр буулгахаа мэдэгдсэн гэлээ.
Мөн тэрбээр, "Монгол улс газрын тос олборлоод 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт нийт 2.3 их наяд төгрөгийн орлого оруулсан байна.
Шатахууны үнэд хяналт тавина гэдэг нь аль болох иргэдийн нуруунд ачаалал үүсгэлгүйгээр хамгийн бага түвшинд байлгахаар ажилладаг. Өнгөрсөн хоёр хоногт үүсээд буй нөхцөл байдал дээр ажилласан. Шатахууны жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр буулгах талаар ярилцсан. Өчигдөр зарим ААН шатахууны жижиглэнгийн үнийг 50 төгрөгөөр буулгасан" гэлээ.
Засгийн газар болон ААН-үүдийн илэрхийлсэн байр сууринаас дүгнэхэд цаашид шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах, үнэ барих ямар нэгэн бодлого төрөөс баримтлахгүй байж магадгүй байна. Дашрамд дурдахад 2021 оноос өмнөх жилүүдэд төрөөс татаас өгөх журмаар үнийн өсөлтийг хязгаарлаж ирсэн юм.