М.Дагва: Оюутолгойг ашиглах, эс ашиглах яриа ТҮҮХ болон үлдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Дагва: Оюутолгойг ашиглах, эс ашиглах яриа ТҮҮХ болон үлдлээ

/2022.1.25/ Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох, хөндлөн малтлагын ажил эхэлж байна. Энэ нь гүний уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж буй түүхэн өдөр гэсэн үг. Энэ талаар бид эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Цувралаар орох ярилцлагын эхэнд эдийн засагч Р.Амаржаргалаас тодруулга авсан бол энэ удаад ШУТИС-ийн багш М.Дагваас авсан тодруулгыг хүргэж байна.

-Оюутолгойн огтлох малталтаа эхлүүлж албан ёсоор гүний уурхайн үйл ажиллагаа эхэллээ. Үүний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Босоо ам 1-ийг 2004 онд анх нэвтэрч эхэлснээс хойш бараг 20 жилийн дараа далд уурхайн олборлолт эхэлж байна. Энэ олон жилийн турш үргэлжилсэн судалгаа, тооцоо, барилга, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг үзэж, замд таарсан саад бэршээлүүдийг даван гарч чадсан нь гайхалтай. Энэ завшааныг ашиглаад Оюу Толгой төсөлд хувь нэмрээ оруулсан дотоод, гадаад бүх хүмүүсд хувиасаа баяр хүргэж, амжилт хүсье.

Далд уурхай ийнхүү олборлолтоо эхлүүлснээр Оюу Толгой хэмээх энэхүү уул уурхайн мега төсөл зах зээл дээрх ямар ч савлагааг тэсэн, урт хугацаанд амжилттай ажиллах нөхцөл маш өндөр хувьтайгаар баталгаажиж байна. Үүний ач холбогдол, нөлөөг маш олон талаас нь харж болно. Далд уурхай ашиглалтанд орсноор Оюу Толгойг ашиглах, эс ашиглах тухай сэдэв өнгөрсөн 20 жилтэй хамт түүх болон үлдэж, Оюу Толгой тойрсон кластерийн талаархи сэдэв ирэх 20 жилийн гол сэдвүүдийн нэг болж хувирна. Ханбогд сум гэхэд өнөөдөр Монгол Улс дахь хамгийн олон компанитай сум. Оюу Толгойг онилсон компаниуд цаашид улам бүр итгэлтэйгээр Монголд, Өмнөговь аймагт, Ханбогдод хөрөнгө оруулалт хийнэ.

-Уул уурхайн салбарт ямар мэссэж өгөх бол?
-Оюу Толгойд өнөөдөр ил уурхай ажиллаж жилдээ 150 – 160 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэж байгаа нь хүчин чадлаараа дэлхийд 30-р байр хавьцаа эрэмблэгдэнэ. Харин далд уурхай ашиглалтад орсон тохиолдолд 5 жилийн дотор жилдээ хагас сая тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэх хүчин чадал эзэмшинэ гэдгийг дэлхийн уул уурхайн салбарынхан бүгд мэдэж байгаа. Жилд хагас саяас дээш тонн зэс олборлодог уурхай дэлхийд гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Тэдний эгнээнд орно. Уул уурхайн том төслийг унагаадаг биш, хэчнээн сорилттой байсан ч үргэлжлүүлж чаддаг улс орнуудын нэг юм байна гэж биднийг харна.

Дотооддоо бол бид амиа аргацаасан олон жижиг уурхайгаас хөгжлийн түнш болох дунд ба том уурхайнуудтай улс болох шилжилтийг хийж байгааг олон нийт тэр бүр анзаарч хараагүй байж магадгүй. Гэхдээ энэ үйл явц алгуур боловч зогсолтгүй өрнөж байгаагийн нэг илэрхийлэл нь Оюу Толгойн далд уурхай бүтээн байгуулалтаас олборлолт уруу шилжиж байгаа энэ жишээ юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тоос шороо намдаж, дотроос нь бодит дүр зураг тодрон харагдана.

-Танд баярлалаа.

АНУ цахим валют гаргах уу?
АНУ цахим валют гаргах уу?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.