М.Дагва: Шинэ тохироогоор Засгийн газар болон Рио Тинто хоёул ХОЖНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Дагва: Шинэ тохироогоор Засгийн газар болон Рио Тинто хоёул ХОЖНО

/2021.12.14/ Рио Тинто компаниас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд таван санал бүхий захидал илгээжээ. Энэ талаар хөндлөнгийн шинжээчийн байр суурийг сонсохоор ШУТИС-ийн багш М.Дагватай цөөн хором ярилцлаа.

ЕРӨНХИЙ САЙД, УИХ ДАХЬ ТҮР ХОРОО ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙГАА НЬ ХЭЛЭЛЦЭЭГ ЭЦЭСЛЭНЭ ГЭДЭГ МЕССЭЖ БАЙХ

-Рио Тинто компаниас Ерөнхий сайдад хаягласан албан захидалд манай Засгийн газарт таван саналыг тавьсан байна. Үүнийг Та хэрхэн харж байна вэ?
-Энэ удаагийн хэлэлцээрийн хувьд нэг онцлог байгаа нь өнөөг хүртэл талууд тодорхой асуудлууд дээр нэгнийхээ баримталж буй байр суурийг тандах, ойлгож авах уулзалтуудыг л шат шатанд хийгээд яваад байсан. Рио Тинто, Туркойз Хилл компанийн захирлуудын хамтарсан захидлын хувьд Монгол Улсын Засгийн газрын тавьж буй гол шаардлагуудыг хангах суурь механизмуудыг санал болгосон байдлаар бичигдсэн. Өнөөдөр /2021.12.13-нд/ Ерөнхий сайд, УИХ дахь түр хороо хамтарсан мэдэгдэл хийж байгаа нь уг механизмуудын хүрээнд хэлэлцээг цааш нарийвчилж, эцэслэнэ гэдэг “мессэж” байх гэж ойлгож байна.

-Таван санал дундаас хүлээж авч боломгүй саналууд байна уу. Жишээ нь, Дубайн гэрээг цуцлах шаардлагагүй шүү дээ гэдэг ч юм уу?
-Би сая хэлсэн, Монгол Улсын талаас тавьж буй гол шаардлагуудыг хэрхэн хангах механизмуудыг санал болгосон захидал байна гэж. УИХ-ын 92-р тогтоолоор Дубайн гэрээг сайжруул гэсэн, тиймээс Рио Тинто цуцлавал цуцлая гэсэн байна. Дубайн гэрээнд 2015 он хүртэл хуримтлагдсан санхүү, татварын асуудлуудаар санал зөрөлдөөнийг арилгах, далд уурхайг барьж байгуулах ажил ба түүний санхүүжилт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, төслийн дотоодын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх арга механизмуудыг тодорхойлсон байдаг.

Оюу Толгойн 34%-ийг эзэмшихтэй холбоотой өр, зээлийг Рио Тинтогийн саналын дагуу тэглээд, зардлын хэтрэлтэд нь хөндлөнгийн аудит оруулаад, далд уурхайд 2023 оны дунд хүртэл хийх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто хариуцах юм бол Дубайн гэрээний 4, 5-р бүлгүүд цаашдаа ач холбогдолгүй болно.

Дотоодын бизнесийг дэмжих болон засаглалын асуудлуудыг нь бусад гэрээндээ тусаад явах байх. Нөгөө талаас Оюу Толгой төслийн хувьд барилга, бүтээн байгуулалтын үе шат нь ерөнхийдөө шувтарч, operation буюу олборлолт уруугаа шилжих гэж байна. Цаашид Дубайн гэрээг орлох ямар нэг гэрээ шаардлагатай гэвэл тэр нь дан ганц барилга, бүтээн байгуулалтын асуудал бус олборлолтын явцад гарч болзошгүй асуудлууд уруу түлхүү хандсан, үүний зэрэгцээ Оюу Толгойд цаашид баригдах далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхтэй холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгосон цогц бичиг баримт байх биз.

-Ер нь яагаад Рио Тинто ийм хэмжээний буулт хийх болов оо гэж хүмүүс бас гайхаж, эргэлзэж байх шиг?
-Миний бодлоор, нэлээд олон хүчин зүйлс өнөөдрийн нөхцөл байдал руу хөтөлсөн. “Би хожъё, чи алд” гэдэг зэрлэг капитализм суурьтай бизнесийн харилцаа дэлхий даяар явахаа больж, “Би хожъё, чи ч хож, өөр хэн хожмоор байна” гэдэг, тогтвортой хөгжлийн зарчим бизнесийн философид түрж орж ирсэн нь их нөлөөлсөн байх. “Яагаад Рио Тинто буугаад өгчхөв, хариуд нь юу хүсээд байгаа юм” гэх хүмүүс байна. Одоо энэ төслийн бүтээн байгуулалт нь дуусаад үйл ажиллагаа руугаа шилжиж байна. Өнөөдрийг хүртэл өчнөөн тэрбум доллар зарцуулчихсан.

Цаашдаа ажлаа хийгээд, ашигт малтмалаа гаргаж ирээд, татвар, зээлээ төлөөд, ашгаа хүртээд явах тухай л асуудал. Энэ үйл ажиллагаа нь илүү олон жил үргэлжилнэ. Магадгүй 60, 70 бүр зуун жил. Тиймээс энэ урт хугацаанд үргэлжлэх үйл ажиллагааг явуулахын тулд найдвартай суурийг бэлдэж өгөх шаардлагатай. Түүнийг л хийцгээж байна. Энэ бол талуудын хожил юм.

-Аль нэг нь хожсон гэхээсээ илүүтэй Ц.Даваасүрэн гишүүний хэлсэнчлэн “Бид нэг завин дээр байсных” гэж та бас бодож байна уу?
-Ордыг бүрэн судалж байж төслийг эхлүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн боломж байдаггүй нь уул уурхайн бизнес дэх том эрсдэл. 2008, 2009 он хүртэл цуглуулсан мэдээлэл, түүн дээр Рио Тинтогийн хийсэн судалгаа, тооцоо, төсөөлөлд голлон тулгуурлаж талууд тус бүрдээ авах үр ашиг, хүлээлтээ тодорхойлж, гэрээ хийн, төслөө эхлүүлсэн. Явцын дунд мэдээлэл нэмэгдэж, төслийн шийдлүүд өөрчлөгдөж, зах зээл хувьсаж, зардал нэмэгдэж, талууд ойлголцож, бас үл ойлголцож явсаар өнөөдөртэй золгож.

Рио Тинто өнөөдөр definitive буюу бизнест байж болох хамгийн нарийвчлалтай тооцоо хийгээд үзэхэд бодит байдал анх төсөөлж байснаас хүнд байна ш дээ гэж хэлсэн. Энэ нөхцөлд Засгийн газар байж болох хамгийн ухаалаг үг хэлсэн нь “анхнаасаа л та бүхний хийсэн судалгаа, тооцоонд итгээд, та бүхнээр менежментээ хийлгээд, та бүхнийг хараад өнөөг хүртэл явж ирлээ ш дээ. Анх ярьсан харьцаагаар үр ашгаа хүртэх арга замыг хамтдаа хайцгаая” гэж.

Ингэснээрээ Монголчууд бүгдээрээ нэг завин дээр гарсан төдийгүй, уг завиндаа Рио Тинто, Туркойз Хилл, Рио Тинтогийн хөрөнгө оруулагчдыг ч татаад суулгачихсан гэж ойлгож байгаа.

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙГ ОРХИОД ГАРАХ ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ШАХВАЛ "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭЭРЭМДДЭГ" ГЭДЭГ ХОЧ Л ЗҮҮХ БАЙЛГҮЙ

-Туркойс Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчид манай Засгийн газартай барьцаад байгаа нэг мэдээлэл яваад байсан шүү. Та мэдсэн үү?
-Туркойс Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчдийг талууд аль аль нь их сайн ойлгож, сонсож ажиллах ёстой. Рио Тинтод гэхэд менежментийн зардал гэх мэт хэлбэрээр Оюу Толгой төслөөс мөнгөн урсгал орж байгаа. Монгол улсын Засгийн газарт Оюу Толгойн хайгуул эхэлсэн 2000-аад оноос хойш өнөөдрийг хүртэл татвар болон шууд бус олон хэлбэрээр орлого орж байгаа. Харин жижиг хувьцаа эзэмшигчдэд нэг бол хувьцааны үнэ өсөхөөр нь буцааж зарах, эс бол уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаар ногдол ашиг хүртэх ийм л хязгаарлагдмал боломж бий. Ер нь хаа газар жижиг хувьцаа эзэмшигчид л хамгийн ядруу байрлал дээр байдаг даа.

-Гадны хөрөнгө оруулагчид өнөөдрийн нөхцөл байдлыг яаж харах бол?
- Шинэ тохироогоор Монгол улсын Засгийн газар ба Рио Тинто хоёул хожиж, Оюу Толгой төслийг олборлолт уруу нь амжилттай шилжүүлж, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг нь хангаж чадвал гайхалтай эерэг мессэж болно.

Манайх 34% эзэмшихтэй холбоотой зээлээ хаалгаад, улмаар хөрөнгө оруулагч талыг ойрын хэдэн жилд Оюу Толгой төслийг орхиод гарах хэмжээнд хүртэл шахвал мэдээж хөрөнгө оруулалтыг дээрэмддэг гэдэг хоч л зүүх байлгүй.

​​-Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй гэж байгаа. Гэхдээ цаашдаа монголын талд өр үүсэхгүй байх ямар механизмыг өөрчилсөн бэ гэдэг асуудал үүсээд байгаа юм?
-Буцааж төлж чадахгүй бол өр, чадаж байвал зээл гэдэг үг байдаг байх аа. “22 тэрбум долларын өр үүснэ” гэдэг тооцоог Оюутолгойн ТУЗ-ын гишүүн Баясгалан бидэнд хэлсэн шүү дээ. Баясгалан захирлын уг мессэж хүчтэй байсан учраас яг энэ эрсдэлийг хаах шийдлийг Рио Тинто санал болголоо.

Рио Тинтогийн саналыг хүлээж авах тохиолдолд Оюу Толгойн ногдол ашиг Эрдэнэс ОТ компани уруу хэзээнээс орж эхлэх, ногдол ашгаар төслийн хугацаанд хэдий хэр орлого орж, мөнгөн урсгалын хуваарилалт яаж өөрчлөгдөхийг Баясгалан захирлын амнаас ойрын үед бүгдээрээ сонсох байх гэж найдаж байна.

Далд уурхайн үйл ажиллагаатай холбоотой цаашид явцын хөрөнгө оруулалтын хэрэгцээ гарна. 2023 оны дунд хүртэлх нэмэлт зардалтай холбоотой монголын талд нэмэлт өр үүсгэхгүй гэдгийг дөрөвдүгээр заалтаараа санал болгосон байна лээ. Энэ чинь механизм нь мөн биз дээ.

ЦАСАН УРУЙГ ЗОГСООХ БОЛОМЖГҮЙ. ХЭН ХЭН НЬ
МАШ ТОМ ХОХИРНО

-Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах гэж тавдугаар зүйл дээр заасан байна лээ. Энэ асуудал олон жил ярьж байгаа ч шийдэгддэггүй ээ. Тиймээс албан ёсоор захидалдаа оруулсан байх даа?
-Энэ ийм юм л даа. Хэлэлцээр нэлээд цаг авахаар байдаг, гэтэл далд уурхайн олборлолтыг эхлүүлэхгүй бол ажлууд саатаж, дахиад тэрбумаар яригдах зардал нэмэгдэх эрсдэл байгаад байдаг.

Рио Тинтогийн захидалд “Ямар ч байсан оноос өмнө хариу өгчхөөрэй” гээд байгаа нь он гарангуут далд уурхайн олборлолтыг эхлүүлэх гээд байгаа юм.

Далд уурхай дахь хүдрийн биетийг улаар нь огтлон, өөрийн жингээр нь эвдэж нураах технологи ашиглаж олборлолт хийнэ. Төсөөлвөл, уулын уруу цас бөөрөнхийлж өнхрүүлчихээд, өөрөө урд нь гараад гүйж эхэллээ гэж бодъё. Тэр жижигхэн бөмбөг замд дайралдсан нойтон цасыг өөртөө нааж улам томорно уу гэхээс багасахгүй бас зогсохгүй бөгөөд та зогсох л юм бол няц даруулна. Ердөө л тэр юм.

Улаар огтлох технологи бол нэг булангаас нь эхлээд нураалаа гэхэд зогсох учиргүй, тийм боломжгүй. Зогсоовол хүдэр цааш нурахаа больж, та дахиад эхлүүлэхийн тулд маш их нөөцийг хаяж, технологи чинь хүндэрч, осол аваар гарч, зардал чинь өснө.

Олборлолт нэгэнт эхэлбэл далд уурхайг Нэгдүгээрт, цахилгаанаар таслахгүй байх ёстой. Хоёрдугаарт, мөнгөөр таслахгүй байх ёстой. Гуравдугаарт, төрийн шийдвэрээр зогсоохгүй байх ёстой. Энэ бол тоглоом биш. Цасан уруйг зогсоох боломжгүй. Хэн хэн нь маш том хохирно.

Тиймээс Рио Тинтогийн саналыг “Гол зарчмуудаа дээд түвшинд тохироод, далд уурхайн олборлолтоо эхлүүлчихье. Тохирсон зарчмын раман дотор хэлэлцээрээ цааш үргэлжлүүлье” гэж хэллээ гэж ойлгож байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлын төгсгөлд Хууль зүйн дэд сайд Солонгоо мөн иймэрхүү санаа хэлсэн байсан.

-Гүний уурхайн үйл ажиллагаа ингээд эхлэхэд ойртлоо. Эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн угтаж байгаа бол?
-Ойрын хэдэн жилд нөөц нь дуусаад хаагдаж байгаа болон шинээр ашиглалтанд орж буй зэсийн уурхайнуудын балансыг харвал дунд хугацаанд буюу 2030-аад он хүртэл зэсийн нийлүүлэлт тийм ч хангалттай бус, ногоон эдийн засагт шилжих шилжилттэй холбоотой металлын суурь эрэлт 2050 он хүртэл өсөх төлөвтэй байгааг харуулсан төрөл бүрийн судалгаанууд байна. Энэ нь манай Засгийн газар хэлэлцээрт “гэдийх”, Рио Тинто тал баргийн “гэдийлт”-ийг тэвчээд өнгөрөөх хөшүүрэг болсон нь тодорхой. Ч.Сайханбилэг ерөнхий сайдын Засгийн газрын үед ийм нөхцөл бүрдээгүй, 2012 оны супер цикл дуусаж, уул уурхайгаас хөрөнгө оруулалт “дайжих” урсгал эхэлчихсэн, Дубайн гэрээнээс дээр сонголт муутай л байлаа шүү дээ.

-Рио Тинтогийн албан захидал дунд “Энэхүү шийдвэрийг гаргахад амаргүй байсан бөгөөд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй үнэ цэн” гэж дурьдсан байсан. Оюутолгойн үнэ цэн ер нь энэхүү захидалтай холбоотойгоор хэр өсөх вэ? Манай Засгийн газар Рио Тинтогийн санал болгож буй механизмаас өөр шийдэл сөргүүлэн тавих хувилбар байж болох уу?

- Онолын хувьд байж болно. Гэхдээ Оюу Толгой төслийн хувьд тухайн хувилбаруудын аваа, өгөөг бодохын зэрэгцээ Монгол улсын уул уурхайн салбар болон Монгол Улсын макро эдийн засгийн хэмжээнд хожил, хожигдлоо давхар бодох шаардлага гарна л даа.

Нэгд, Оюу Толгой дээрээ ярихад Риогийн санал болгосон хувилбарын санхүүгийн модель дээр 53/47 харьцаа ойролцоогоор хангагдаж байгааг нотолчих юм бол Оюу Толгойн 34%-иа хадгалаад үлдчихнэ, Риотой зарчмаа тохироход цаг алдахгүй, далд уурхайгаа эхлүүлчихнэ.

Богино хугацаанд ийм амжилтад хүрсэн Засгийн газар 2024 он хүртэл Баялгийн сангийн хууль, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга, төрийн өмчит уул уурхайн компанийн реформ зэргийг дараагийн далайлтаар хийгээд, миний олон жил мөрөөдөж буй “критикал минералд суурилсан дипломат бодлого” руу ч орж амжаад, уул уурхайг сүүлийн 10 шахам жил гацчихаад байгаа 6 тэрбумын “хавхнаас” нь гаргаж, 20 тэрбумын орлоготой салбар болгох үсрэнгүй хөгжил уруу нь хөтлөхийг хэн байг гэх вэ.

34% -ийг эзэмшиж буй Эрдэнэс ОТ гэхэд л өргүй, орлогын сайн төсөөлөлтэй компани болчих тул Эрдэнэс Зэс гээд компани 2023 онд тэрбум долларын IPO хийх гээд явж байна гээд төсөөлье л дөө.

Эсрэг саналын хувьд ямар нэг хувилбар зүтгүүлье гэхэд Риогийн санал болгосон хувилбартай харьцуулсан тооцоо хийж, ойлголцол хийх хугацаа, хүчин чармайлт, энэ хооронд далд уурхайн олборлолтыг эхлүүлэх эсэх, коронагийн дараах эдийн засгийн сэргэлтээс манай улс хоцрохгүй хөдлөх боломжоо хэрхэн хадгалах гэхчлэн олон л хүчин зүйлс тооцох болно. Онолын хувьд байж болно л доо.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Шилдгийн шилдэг тамирчин“-аар шалгарлаа
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Шилдгийн шилдэг тамирчин“-аар шалгарлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.