/2022.1.25/ Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох, хөндлөн малтлагын ажил эхэлж байна. Энэ нь гүний уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж буй түүхэн өдөр гэсэн үг. Энэ талаар бид эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Цувралаар орох ярилцлагын эхэнд Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Р.Амаржаргалаас авсан тодруулгыг хүргэж байна.
-Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох хөндлөн малтлагын ажил эхэлж байна. Гүний уурхай эхэлж буй энэ үйл ажиллагааг та хэрхэн харж байна вэ?
-Хөндлөн малтлагын нарийн ширийнийг мэдэхгүй. Хэрвээ ажил явж байгаа бол эрхбиш ямар нэгэн тохиролцоонд хүрсэн байлгүй дээ.
-Энэ нь олон улсад ямар мессэжийг өгөх бол?
-Олон улсын томоохон төсөл урагшлаж байгаа нь тодорхойлолтоороо хөрөнгө оруулагч нарт сайн мэдээ болно. Гэхдээ гараад явсан бусад хөрөнгө оруулагчид буцаад иртэл нэлээд хугацаа шаардах байх даа. Мөн хөрөнгө оруулагч нар зөвхөн Оюутолгойн төслийг шалгуур болгох нь юу л бол. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ерөнхий орчин, ялангуяа тогтвортой орчин хэр бүрдэж байгааг анзаарах болов уу.
-Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Гүнийн уурхай ажиллаж эхэлснээр манай эдийн засагт үзүүлэх шууд болон дайвар нөлөөлөл нь эерэг гэсэн судалгаа дүгнэлт эртнээс яваа. Миний хувьд эцсийн бүтээгдэхүүний буюу хил давуулж буй хүдэр зэргийн тоо хэмжээ, агууламж, бүтцэд маш нарийн хатуу хяналт тавьж чадах уу гэдгийг одоо сайн анхаарах ёстой гэж бодож байна. Говийн эко систем тун эмзэг, ялангуяа ус ашиглалтын асуудал онцгой анхаарал татах ёстой. Техник, технологийн аюулгүй байдлын асуудал ч хөндлөнгийн тогтмол хяналтанд байх ёстой.
-Оюутолгой төслөөр дамжин орж ирэх орлогын зарцуулалтад ямар хяналт байх ёстой гэж та бодож байна?
-Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн үе шиг эффектэй хөрөнгө оруулалт нэг дор энэ төсөл дээр одоо орж ирэхгүй. Төсөл бүрэн хэмжээгээр өгөөжөө өгч эхэлтэл зай ч бий. Гэхдээ ирэх орлогыг төсвөөр дамжуулан үр өгөөжтөй зарцуулах, ийш тийш цамаан загнаж цацаад байхгүй байх баталгаатай эрх зүйн болон бусад орчин чухал юм аа.
-Танд баярлалаа.