/2022.01.24/: Хятадын төрийн телевиз Жек Ма-гийн компанийг авлигын хэрэгт холбогдсон гэж буруутгаж байна
Хятадын төрийн телевизээр Алибабагийн тэрслүү үүсгэн байгуулагч Жэк Ма-д дахин нэг цохилт үзүүлэх баримтат кино үзүүлжээ. Түүний "Ant Group" компанийн тухай яригдаж байгаа бөгөөд энэ киноноос харвал тус компани авлигын дуулиант хэрэгтэй холбогдож байна гэж Financial Times бичээд, эрх баригчидтай сөргөлдөх үеэр Магийн эзэнт гүрэн аль хэдийн олон тэрбум долларын хохирол амссан гэдгийг сануулж байна.
Хувийн компаниуд БНХАУ-ын Коммунист намын Ханжоу дахь салбарын тэргүүн асаны ахад үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон бусад төрлийн дэмжлэг үзүүлснийх нь хариуд “асар их хэмжээний мөнгө” шилжүүлсэн гэж үзэж байгаа юм. Удирдагч асан авлигын хэргээр наймдугаар сард баривчлагдсан байна. Ант групп нь Ханжоу хотод төвтэй ба тус компани 2019 онд намын даргын дүүгийн эзэмшиж байсан хоёр үйлдвэрийн хувьцааг худалдаж авснаар хотод хямдралтай газар авсан гэж таамаглаж байна.
Ма-гийн компанийг кинонд шууд нэрлээгүй ч Ант групп нь тус кинонд дурдсан дөрвөн компаниас ганцаараа дотоодын хөрөнгө оруулагч байсан ба үлдсэн гурав нь гадны хөрөнгө оруулагчид гэнэ. Уг киног Хятадын Коммунист намын Сахилгын төв хорооноос бүтээжээ. Төрийн телевизээр гарч байгаа материалууд намын байр суурийг илэрхийлж байна.
Ма болон Бээжингийн хоорондох сөргөлдөөн 2020 онд эхэлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын дарга Ши Жиньпин өөрийн биеэр Ант группын хувьцааны арилжааг түдгэлзүүлэх тушаал өгсний дараа эрх баригчдыг Ма шүүмжилсэн юм. Магийн компани капиталжуулалтын хувьд асар их алдагдал хүлээсэн бөгөөд 2021 оны аравдугаар сард шинжээчид нэг жилийн дотор тэрээр хөрөнгийнхөө гуравны нэгийг (36 хувь) алдсан гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Лента