ХЭҮК: Эмэгтэйчүүдийн эрх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Эмэгтэйчүүдийн эрх

Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн эрх

/2022.01.19/: Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүүдэд шууд болон шууд бусаар хамаарах бүх эрхийг тодорхойлсон ойлголт.

Үүнд хүйсээр ялгаварлан гадуурхах ба хүчирхийллээс ангид байх, нөхөн үржихүй, улс төр, эдийн засгийн нийгэм, соёл, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн адил тэгш оролцох, хөдөлмөрлөх, сурч боловсрох зэрэг хүний бүхий л эрхүүд хамаарна.

Эмэгтэйчүүдийн эрхийг бусад хүний эрхээс онцгойлон авч үзэх нь эмэгтэйчүүдийн бие махбод, физиологийн ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхахгүй байх, тэднийг хүйсийнх нь хувьд дорд үзэхгүй байх, тэд эрхээ эдлэх боломж бололцоог тэгш бүрдүүлж, эрхийн хэрэгжилтийн баталгааг эрэгтэйчүүдийн адил түвшинд хүргэх явдал юм.

Эмэгтэйчүүдийн эрхийн баталгааг хангах чиглэлээр олон улсын олон тооны гэрээ, конвенцуудиас эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц нь хамгийн чухал юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1979 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уг конвенцыг баталж 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба Монгол Улс 1981 онд нэгдэн орж түүний Нэмэлт Протоколыг 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр соёрхон баталсан.

Энэхүү конвенц нь дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эрхээ эдлэх боломж, бололцоо харилцан адилгүй, эмэгтэйчүүдийг алагчлах үзэл оршсоор байгаа өнөө үед эмэгтэйчүүдийн эрхийг бусад хүний эрхээс тусгайлан баталгаажуулж, эмэгтэйчүүдэд хамаарах хүний эрхийн асуудлыг иж бүрэн, цогц байдлаар баталгаажуулж өгснөөрөө чухал ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн эрхийг уг конвенцоор баталгаажуулж өгснөөрөө эмэгтэйчүүдийн эрхийн тухай олон нийтийн ойлголтыг улам өргөжүүлж, үндсэн эрхээ эдлэхэд нь саад тотгор болж буй соёл, зан заншилд нөлөөлөх эрх зүйн үндсийг бий болгосон.

Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хангах тухай төрийн бодлогыг 1924 оны анхдугаар Үндсэн хуулиас эхлэн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Үндсэн хууль" болон Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад хуулиар баталгаажуулсан.

Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улс "Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”-д 2008 онд нэгдэн орсон бөгөөд "Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлсэн байна.

Эх сурвалж: ХЭҮК

Гэр бүлийн хүчирхийллийн 130 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ
Гэр бүлийн хүчирхийллийн 130 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.