/2022.01.18/ Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, үр дүнгээ танилцуулжээ. Үүнээс гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны хөнгөлөлт үзүүлснээс болж 7.3 тэрбум төгрөгийн өр үүссэн талаар онцолсон байна. Тодруулбал:
“Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан билээ. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэр гарсан. Үүний үр дүнд 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн байна.
Энэхүү өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна.
Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, хөндлөн чиглэлийн шинжилгээгээр Сангийн яам, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БОАЖЯ хоорондын уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, босоо чиглэлийн шинжилгээгээр Засгийн газар нь салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжиж ажиллаагүй зэргээр харилцан хамаарал алдагдсан байна.
Эх сурвалж: Аудитын хороо