/2021.07.30/ Шатахууны үнэ нэмэгдсэн муу мэдээтэй ч Монгол Улс 2024 он гэхэд дотооддоо газрын тос үйлдвэрлэх үйлдвэртэй болох эхлэл тавигдаад байгаа. Үйлдвэр байгуулах ажил хэвийн үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл,төсөл инженерчлэлийн үе шатаас бүтээн байгуулалтын шатандаа оржээ.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд Энэтхэгийн 130 орчим, Монголын талаас туслан гүйцэтгэгч 230 гаруй, нийт 350 гаруй хүн ажиллаж байна. Тэд лаборатор, агуулах, анхны тусламж, гал командын байр зэрэг технологийн бус барилга байгууламжууд, усан хангамжийн байгууламжууд, үйлдвэрийн доторх авто зам, шугам хоолойн сувагчлалын ажлуудыг гүйцэтгэж байна. Тун удахгүй 30 мянган м3 цэвэр усны нөөцийн савны суурийн цутгалтын ажил эхлэнэ.
Харин дараагийн үе шатны ажлын (EPC2,3,4) ерөнхий гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс мэдээлж байна. Түүхий тос дамжуулах хоолойг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил ч зэрэгцээд явж байгаа юм байна. Нарийвчилсэн ТЭЗҮ-ээр Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, импортын ачаа барааны саатлаас үүдэлтэйгээр ашиглалтанд орох хугацаа багадаа нэг жилээр хойшилж буй. Гэсэн ч алдсан цаг хугацааг нөхөхөөр төсөл хэрэгжүүлэгч компани маш их хичээл зүтгэл гарган ажиллаж байгаагаа дуулгалаа.
Манай улс өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй болсноор шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлөөс бүрэн ангижрах уу?
Газрын тосны үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний өртөг зардлын 80-85 хувь нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнээс шалтгаалдаг. Энэ үнийг урьдчилан таамаглахад хэцүү, нэг жилийн дотор баррель нь 140 доллар байсан тос 40 доллар хүртэл унаж байсан тохиолдлыг бид мэднэ. Тэгэхээр энэ үйлдвэрийн эдийн засаг дэлхийн зах зээлийн үнэтэй хамааралтай харагдаж байна. Харин энэ хамаарлыг үгүй болгох анхны сэдлийг энэ оны 1-р сард УИХ-аар баталсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулиар гаргаж иржээ. Монголын төр газрын тосны түүхий эдийн өөрийн түшиц газартай болсноор энэ хамаарлаас холдох боломжтой.
Төр өөрийн өмчийн түүхий тосоо өөрийн өмчийн үйлдвэртээ үнэгүй ч өгч болох дархан эрхтэй болно. Энэ хэрээр бензин, түлшээр хөдөлдөг бүхэнд хүрч очих шатахууны үнийг хямдруулж чадна. Үр дүн нь мэдээж тээврийн үнэ шингэдэг бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төсөр, иргэдийн гар дээрх мөнгө үнэ цэнтэй болох нь ойлгомжтой. Том зургаараа төр газрын тосны стратегийн ордоо өөрийн өмч болгон авснаар газрын доорх баялгаа иргэн бүр өмчлөх боломж бүрдэх юм.
Нөгөө талаар Засгийн газар түлш шатахууны үнийг дотооддоо бодлогоор зохицуулах боломж бий болно. Импортын шатахууны үнээр талхныхаа үнийг “удирдуулсаар” байгаа бидэнд үүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй нь өнөөдрийн нөхцөл байдлаас ч харагдсаар байна.
Орчин үеийн, өндөр технологи бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил манай улсад цоо шинэ учраас алхам тутамд сорил, бэрхшээлүүд ч тулгарч байна, ололтууд ч гарч ирсээр байна. Огт байгаагүй шинэ салбарыг дагаад шинэ стандарт, шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ туршлага бий болж байгаа нь ГТБҮ манай улсад шууд болон дам байдлаар асар их ач холбогдолтой гэдгийг илэрхийлнэ.
Ямартаа ч монголчууд бидний хэдэн арван удаа шав тавьж, тэр хэрээр итгэл алдарсан, хүлээлт өндөр байгаа нефтийн үйлдвэр газар дээр өндийсөөр байна. Монголд барилгын ажлын улирал богиныг хэлэх үү, дээр нь нэмээд цар тахал ханцуйнаас чангаасаар байгааг хэлэх үү амаргүй нөхцөл байдалд бүтээн байгуулалт өрнөж буйг төсөл хэрэгжүүлэгчдээс бусад нь анзаарч сайн мэдэхгүй байх шиг...