/2022.1.17/: Үндэсний статистикийн хорооноос 2021 оны арванхоёрдугаар сарын нийгэм эдийн засгийн байдлыг өнөөдөр танилцууллаа.
Тус хорооноос гаргасан мэдээллээр нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 38.8%-иас 4.1 дахин өссөн байна. Мөн гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ.
Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого нэмэгдсэн боловч газрын тосноос бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ буурчээ. Экспортын 92%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна.