Нийслэлийн Өргөө амаржих газар нь Монгол Улсын хамгийн том төрөх эмнэлгүүдийн нэг юм.
Ойролцоогоор 305,000 эмэгтэй нийтдээ оршин суудаг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй болон Багахангай дүүргийн эмэгтэйчүүд тус эмнэлгээр харьяаллынхаа дагуу үйлчлүүлэх эрхтэй бөгөөд энэ нь нийслэл хотын нийт эмэгтэй хүн амын 39 орчим хувь гэсэн үг юм (2020 оны тооцоолол).
Нийслэлийн Өргөө амаржих газар дотроо 70 орчим ариун цэврийн өрөөтэй боловч харамсалтай нь тэдгээрийн аль нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр баригдаагүй байдаг байна. 2021 оны 7 дугаар сарын 30-нд Германы элчин сайдын яамны дэд тэргүүн хатагтай Рутенберг "Lean in Mongolia" ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тэдний "Ийм болгоё" хөдөлгөөний төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээр үйлчлүүлэх нөхцөл байдлыг сайжруулж, Өргөө амаржих газрын ариун цэврийн өрөөг жишиг хэлбэрээр тохижуулах юм. Энэ төсөл бусад эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх нөхцөлөө сайжруулах сэдэл өгч, үлгэр жишээ болно хэмээн бид найдаж байна.