Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч даамжрах явцтай, голдуу үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатингаршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл, түүний цоргын бүтэц уйланхай, шохойжилт, чулуу үүсдэг гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг архаг нойр булчирхайн үрэвсэл гэнэ.
Шинж тэмдэг
- Өвдөлт нь тархмал ба бүслэх маягтай, зүүн мөр, дал, сүвээ, ар нуруу руу ороож дамжина.
- Нойр булчирхайн биж хам шинж- шүлс савирах, бөөлжис цутгах, бөөлжих, хоолонд дургүй болох, гэдэс дүүрэх, өөх тостой хоол, сүү сүүтэй цайны зохимж муудах
- Арьс шарлах, эцэж турах
- Аюулхай орчим хөндүүрлэх
- Тосорхог гялалзсан наалданги шингэнээр суулгах
Шалтгаан
- Архаг хордлого /архины/
- Элэг цөсний замын эмгэг
- Өөх тос уургийн солилцооны эмгэг
- Ходоод, дээд гэдэсний эмгэгүүд
- Нойр булчирхайн шүүс ялгаруулах замын эмгэг гэх мэт шалтгаануудаас болж үүсдэг.
Хүндрэл
- Нойр булчирхайн уйланхай
- Нойр булчирхай шохойжиж хатуурах
- Чихрийн шижин
- Үүдэн вен болон дэлүүний венд бүлэн үүсэх
- Нойр булчирхайн цоргын нарийсал
- Цус алдалт
- Гэдэсний түгжрэл
- Хоёрдогчоор үүссэн элэгний үрэвсэл
Оношлогоо
- Хэвлийн хэт авиан шинжилгээ
- Компьютер томографи
- MRI
- ERCP
Эмчилгээ
Эмчилгээний сонголтыг өвчтөний нас, шинж тэмдэг зовиурын байдалд үндэслэн шийднэ.
Архаг нойр булчирхайн үрэвслийн үед нойр булчирхайн шүүрэл ялгаралтыг бууруулах эм уухыг зөвлөдөг.
Эмийн эмчилгээнээс гадна архаг нойр булчирхайн үрэвсэлийн үед илэрдэг зовиурыг бууруулж, урьдчилан сэргийлах аргууд:
- Өлөн байлгах
- Аюулхайд хүйтэн жин тавих
- Шүлтлэг шингэн уулгах /хорсол/
Шинж тэмдэг, зовиур хүнд илрээгүй тохиолдолд
- Архи хорих, шаардлагатай үед архины эсрэг эмчилгээ хийлгэх
- Цөсний замын болон цөсний хүүдийн эмгэгийг цаг алдалгүй эмчлэх
- Ходоод болон дээд гэдэсний эмгэгийг цаг алдалгүй эмчлэх
- Зөв хооллох