/2022.01.11/: Хоёр орны албаны хүмүүс Женевт өндөр эрсдэлтэй хэлэлцээ хийсний дараа Орос АНУ-д Украиныг довтлох бодолгүй байгаагаа мэдэгдлээ.
Даваа гарагт долоон цаг үргэлжилсэн уулзалтын дараа хоёр тал хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцов.
Гэвч яриа хэлэлцээний дараа томоохон ахиц дэвшил гарах шинжгүй байна.
Украинтай хиллэдэг хилийн ойролцоо Оросын 100 мянга орчим цэрэг байгаа гэж үзэж байгаа нь дайралтаас болгоомжлоход хүргэж, барууны улсуудын зүгээс сэрэмжлүүлэг хийхэд хүргэж байна.
Хэрэв Орос Украинд цохилт өгөх юм бол АНУ хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.
Харин Орос Улс Москвагийн барууны орнуудтай сөргөлдөөнд учирч болох эрсдэлийг дутуу үнэлж болохгүйг АНУ-д анхааруулсан байна.
ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид хамтран ажиллагсаддаа Украин руу довтлох ямар ч төлөвлөгөө, зорилго байхгүй гэдгээ тайлбарласан" гэж мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ, Оросууд АНУ-ын хамтрагчиддаа "Манай цэргийн хүчнийхэн байлдааны бэлтгэлийг хангах бүх арга хэмжээг өөрийн нутаг дэвсгэрт хийж байна" гэж хэлсэн бөгөөд "үүнтэй холбогдуулан хурцадмал байдал үүсэхээс эмээх шалтгаан байхгүй" гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман хэлэлцээг талууд аюулгүй байдлын талаар илүү сайн ойлгоход түлхэц өгөх зорилготой "илэн далангүй" хэлэлцүүлэг гэж тодорхойлсон байна.
Энэ бол Орос, Америкийн дипломатууд Украины асуудлаарх сөргөлдөөн болон НАТО-г зүүн Европоос ухрахыг Оросын тавьсан шаардлагын талаар нүүр тулан ярилцах анхны боломж байсан.
Хэдийгээр зөвшилцөлд хүрээгүй мэт байгаа боловч хоёр тал санаа зовнилоо илэрхийлж, цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломжыг олгох ёстой гэсэн шаардлага тавьжээ.
Гэсэн хэдий ч хоёр талын хоорондын үл ойлголцол хэвээр байна. Нөхцөл байдлыг намжааж, цэргээ Украины хилээс холдуулахыг АНУ Орост уриалсан ч ийм зүйл болох эсэхийг баталсан ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Орос Улс НАТО-гоос Украиныг гишүүнээр элсэхгүй гэх баталгаа өгөхийг шаардсан. АНУ үүнийг шууд няцаасан. АНУ хоёр улсад цэргийн сургуулилт, пуужингийн байршуулалтыг хязгаарлах зарим асуудлыг санал болгосон боловч энэ нь Орос Улсад хангалтгүй байгаа бололтой.
Зарим хүмүүс энэ яриа хэлэлцээ нь ажил хэрэгч шинжтэй байсан, тэдний хэлэлцээр хурцадмал байдалд ороогүй, Орос Украин руу довтлох бодолгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэж байгаа бол АНУ-ын албаны хүмүүс Орос улс хямралыг дипломат аргаар шийдвэрлэх талаар нухацтай хандаж байгаа эсэхэд эргэлзэж байгааг зарим хүмүүүс тэмдэглэсэн байна.
Хатагтай Шерман хэлэхдээ, " Орос улсын тавьсан саналыг, тэр дундаа НАТО Украиныг хэзээ ч эвсэлд элсүүлэхгүй байх амлалт өгөхийг шаардсан нь АНУ-ын засгийн газарт "таагүй" байдал үүсгэсэнээр АНУ яриа хэлэлцээрт ухрахад хүргээд байна гэв.
"Бид НАТО-гийн эвсэлд үргэлж чухал байр суурь эзэлдэг ба НАТО-гийн нээлттэй хаалганы бодлогыг хэн нэгэн шүүмжлэхийг зөвшөөрөхгүй" гэж тэр хэлэв.
Ноён Рябков яриа хэлэлцээ нь "бизнесийн шинж чанартай, мэргэжлийн" болсон гэж хэлсэн ч хурцадмал байдлын "эрсдэлийг дутуу үнэлж болохгүй" гэж АНУ-д анхаарууллаа.
Женевийн хэлэлцээ нь энэ долоо хоногт АНУ, холбоотнууд болон Оросын албаны хүмүүс хоорондын хэд хэдэн уулзалтын эхнийх нь бөгөөд үүнд Брюссель дэх НАТО-гийн төв байр, ОХУ-ыг багтаасан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын байнгын зөвлөлийн хурал зэрэг болно.
Гэвч даваа гаригийн уулзалт АНУ-ын Европын холбоотон, тэр дундаа Украины оролцоогүйгээр болсон ба хатагтай Шерман болон АНУ-ын бусад албан тушаалтнууд Украин, Европ, НАТО-г аливаа шийдвэрт оролцуулна хэмээжээ.
Даваа гарагийн өглөө ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл Фонтеллес Оросыг түрэмгийлэх боломжтой хэвээр байна гэж үзэж байгаагаа мэдэгдэв. “Хилийн нөгөө талд Оросын 100 мянган цэрэг байна. "Тэд тэнд кофе уухаар очоогүй байх аа!"
ЕХ-ны "хүчтэй хамтын ажиллагаа, зохицуулалт, оролцоо"-гүйгээр юу ч тохиролцохгүй гэж ноён Боррел нэмж хэлэв.
Орос улс Украинд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгүй гэдгээ удаа дараа няцаасаар ирсэн. Өнгөрсөн сард Оросын засгийн газар Украиныг хэзээ ч НАТО-д элсэхгүй гэсэн амлалт өгөх зэрэг хэд хэдэн шаардлагыг нийтэлсэн.
Эх сурвалж: BBC