/2022.01.10/ Нийслэлийн агаарын чанарын асуудлаар БОАЖЯ, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл өгч байна.
Өнгөрсөн долоо хоногт "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэр дээр гарсан галын ослоос шалтгаалж нийлүүлэлт дээр ямар нэг тасалдал үүсэхгүй, шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй талаар мэдээллээ. Тус үйлдвэр өдөрт 3200-3600 тонн шахмал түлшийг нийлүүлж байгаа бөгөөд баяр наадмын өдрүүд буюу Цагаан сарын үеэр шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ гэлээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, "Энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал шахмал түлшний борлуулалтын явуулын цэг ажиллуулна. Ингэхдээ өндөрлөг цэгт байрладаг, борлуулалтын цэгээс алслагдсан айл өрхөд шахмал түлш борлуулна.
Түүнчлэн өнөөдрөөс амьжиргааны түвшин доогуур айл өрхийн шахмал түлшний картыг цэнэглэж өгөх ажлыг эхлүүлж байна" гэлээ.