/2022.01.06/ УИХ-ын чуулганаар Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Нэг хүн хэд хэдэн холбоодын тамгатай, тэргүүн нь болчихсон яваад байдаг. Үүнийг дагаад салбарынхнаа хооронд нь хувааж, талцуулдаг асуудал байдаг. Тиймээс холбоод үүсгэн байгуулах, тэргүүнийг хэрхэн сонгох талаар хэрхэн зохицуулалт хийж байгаа вэ.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Нэг иргэн хэдэн ч удаа холбоонд гишүүнээр элсэх боломжтой. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийн асуудал. Одоо байгаа бүртгэлээс харахад хамгийн дээд тал 34 холбоог үүсгэн байгуулж, удирдаж байгаа хувь хүн байна. Яваандаа холбоодын үйл ажиллагаа цэгцэрч, санхүүгийн ил тод байдал сайжраад ирэхээр энэ асуудал шийдэгдэх байх гэж харж байна. Гэхдээ нэг хүн нэг холбоо үүсгэн байгуулах эрхтэй гэж хязгаарлах нь хуулийн зохицуулалтын хувьд боломжгүй.