/2022.01.06/ ХӨСҮТ-ээс цаг үеийн мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
Дубай, Тайланд, Туркээс ирж байгаа бүлэг аялалд явсан иргэдээс маш олон зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдаж байна. Тиймээс иргэд хил давсан эрсдэл, шинэ хувилбар вирусын тархалт бусад оронд өндөр байгаа учраас аялалаа сайтар төлөвлөх шаардлагатай байна.
Зөөвөрлөгдсөн 106 нислэгээс 59-өөс нь буюу хоёр нислэгийн нэгээс нь зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч байна. ХӨСҮТ үүн дээр тандалтын судалгааг гаргаж хариу арга хэмжээ авч байна. Сүүлийн нэг сар гаруй хугацаанд ЗӨСҮТ, НЭМҮТ-үүдтэй хамтран ажиллаж байна. Мэргэжлийн байгууллага, цагдаа, тагнуул, УОК-той хамтран ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын 815 дугаар тушаалын дагуу тусгаарлалтын байранд гурав хоног байх хугацаанд шинжилгээ авч байна. Энэ хугацаанд 98 тохиолдол илэрсэн байна. Эдгээр мэдээлэлээс ойрын хавьтлын судалгаа хийгдэж, өрх болон харьяа орон нутгийн нэгж рүү илгээж байна.
Хилийн боомт дээр хариу арга хэмжээ хэрэгжиж байна.
Томуугийн үндэсний төвийн мэргэжилтэн мэдээлэл өглөө.
Жил бүрийн хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин дэгдэж эрүүл мэндийн салбарт ачаалал бий болдог. Сүүлийн хоёр жилд энэ төрлийн өвчлөл улирал хооронд байсан бөгөөд томуугийн вирус харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас эхлэн Ази, Номхон далайн бүсийн улсуудад томуу, томуу төст өвчлөлийн үүсгэгчүүд орчилд орж өвчлөл нэмэгдсэн байна. Манай улсын хувьд мөн адил 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэн байна.
Мөн Монгол улсад томуугийн А хүрээний H3N2 вирус бүртгэгдсэн бөгөөд томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Үүнд толгой өвдөх, хоолой өвдөх, гэдэсний халдвар илрэх шинж тэмдэг байгаа юм.