/2022.01.06/ УИХ-ын чуулганаар Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Тодорхой мэргэжлийн холбоодыг улстөрчид даргалж сүүлдээ маш их асуудал дагуулдаг. Тухайлбал, Спортын болон урлагийн холбоод байна. Үүнд ямар зохицуулалт хийх вэ. Энэ бол буруу. Мэргэжлийн хүмүүс нь холбоодоо хариуцаад явдаг баймаар юм. Төрийн захиргааны хүмүүс төрийн ажлаа олигтойхон хийгээд явах хэрэгтэй.
Төрийн бус байгууллага, холбоодуудын тоо замаа алдчихсан гэдэг нь хуулийн төслийн дүгнэлтээс харагдаж байна. Тус хуулийг батлахтай холбоотойгоор 143 хууль дагаж өөрчлөгдөж байна гэхээр ТББ-ын бүртгэл замбараагаа алдсан байна.
Төрийн бус байгууллага байгуулж бизнес хийдэг тохиолдол бий. Энэ асуудал дээр ямар зохицуулалт орж ирэх вэ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо: Холбооны бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор хуулийн төслийн 9 дүгээр зүйлд "Холбооны үйл ажиллагаанд хориглох зүйл, холбооны удирдлагад тавигдах хязгаарлалт"-ын тухай оруулсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр холбоодууд улс төрийн нөлөөллөөс ангид, ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.
Мөн 9.2-т холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтныг ажиллахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан.