/2021.12.30/: Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярих юм.
Энэ тухай 12 дугаар сарын 29-нд буюу өчигдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Эмили Хорноос иш татан CNN мэдээлэв. Энэ мэдээллийг дараа нь Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталжээ.
Хорн хэлэхдээ, Байден дээд түвшний шууд яриа хэлэлцээ чухал гэж үзэж байна гэв.
Удахгүй болох яриа хэлэлцээний үеэр Байден нэгдүгээр сарын 10-нд болох Москва, Вашингтоны хоёр талын хэлэлцээний талаар хэлэлцэх бодолтой байгаа гэнэ.
Хорн нэмж хэлэхдээ, АНУ-ын засаг захиргаа Европтой өргөн хүрээтэй хэлэлцээ хийж, Украинтай хиллэдэг ОХУ-ын хил дээр Орос цэргийн тоог нэмэгдүүлж байгаа гэх асуудлаар нэгдсэн зохицуулалт хийж байна.
Утсаар хийх яриа хэлэлцээр оройн цагаар болно гэж Песков тодрууллаа.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ, Вашингтон Европын холбоотнуудтайгаа хамтран аюулгүй байдлын талаархи ОХУ-ын саналыг хэлэлцэхэд бэлэн байгаа ч зарим санал нь АНУ болон Европын хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэв.
Стратегийн тогтвортой байдал, аюулгүй байдлын асуудлаарх Орос-Америкийн хэлэлцээ нэгдүгээр сарын 10-нд болно. Үүний дараа нэгдүгээр сарын 12-нд Европын аюулгүй байдал, Украины нөхцөл байдлын асуудлыг НАТО-Оросын зөвлөлийн хурлаар, нэгдүгээр сарын 13-нд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай хэлэлцэнэ.
12 дугаар сарын 17-нд ОХУ-ын ГХЯ аюулгүй байдлын баталгааны тухай Орос, АНУ, НАТО хоорондын хэлэлцээрийн төслийг нийтэлжээ. Баримт бичгүүдээс харахад тус холбоо Украин болон Зүүн Европ, Өвөркавказ, Төв Азийн бусад мужуудад цэргийн ажиллагаа явуулахаас татгалзах ёстой ажээ.
Эх сурвалж: iz.ru