/2021.12.29/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Тус орон сууцанд Багахангай дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг дүүргийн ЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хамтран зохион байгуулж, иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авсан юм.
Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэн дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д ирүүлэн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, зорилтот найман бүлгийн 94 өрхийг шалгаруулжээ. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлбөрөө төлж барагдуулах бөгөөд нэг ам метрийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгосон байна.
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэдэд түлхүүрийг нь Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, "Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал М.Говьсайхан, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон албаныхан гардуулан өглөө.
Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр зам, 90 км хатуу хучилттай авто замаар холбогддог. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 он гэхэд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, энэ хугацаанд 2400 сурагчтай сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 90 ортой эмнэлэг, 200 оюутантай МСҮТ, 70 км авто зам, 5400 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн.
Цаашид Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжүүлэх бөгөөд Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо.
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэд ийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Багахангай дүүргийн иргэн Ц.Сүрэндорж: -Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл явагдаж байна гэж сонсоод, ямар ч байсан бүртгүүлээд үзье гэж бодоод өргөдлөө өгсөн. “Та шалгуурт тэнцсэн байна. Байрныхаа түлхүүрийг аваарай” гэсэн мэдээг сонсоод чихэндээ итгээгүй. Би энэ дүүрэгт насаараа ажиллаж, амьдарсан. Маш их баяртай байна.
Багахангай дүүргийн иргэн П.Саруул: -Залуу гэр бүлийн төлөөлөл болж түрээслээд өмчлөх байранд хамрагдсандаа маш их баяртай байна. Залуу гэр бүлүүдийн хамгийн том асуудал бол өөрсдийн гэсэн орон сууцтай болж гал голомтоо бадраах юм. Урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр таван жилдээ төлбөрөө хуваагаад төлнө гэдэг бол маш том боломж. Манайх хоёр хүүхэдтэй. Шинэ оны босгон дээр өөрсдийн гэсэн байрандаа орж байгаадаа баяртай байна.
Эх сурвалж: Улаанбаатар.мн