ЭМЧ: Сэтгэл гутралын талаар
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Сэтгэл гутралын талаар

"Сэтгэлийн дархлаа" буланд "Сэтгэл гутрал" -аас хэрхэн урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дархлаатай болоход тань туслахаар Focus on the Family байгууллагын сэтгэл зүйч Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.

Сэтгэл гутралыг гуниглах, сэтгэлээр унах, уйтгарлах мэдрэмжтэй андуурах байдал ажиглагддаг. Сэтгэл гутрал энэ мэдрэмжүүдээс ямар ялгаатай вэ?

Сэтгэл гутрал нь гуниглах, уйтгарлах, сэтгэл түгших, айх зэргээс маш их ялгаатай. Гуниглах, сэтгэл тавгүйтэх нь хүнд байдаг энгийн сэтгэл хөдлөлийн нэг илрэл юм. Харин "сэтгэл гутрал" нь бие даасан тусдаа сэтгэцийн нэг төрлийн эмгэг, өвчин гэж үздэг.

Удаан хугацаанд, олон хоног сэтгэлээр унах, гуниглах нь сэтгэл гутралтай болоход нөлөөлөх үү? Энгийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдээ сэтгэл гутралаас яаж ялгах вэ?

Сэтгэл гутрал нь хоёр төрлийн мөн чанартай. Сэтгэл гутрал маш далд хэлбэрээр явагддаг. Өөрөөр хэлбэл бие махбод дээр яривал уушгины хатгалгаа туслаа гэхэд шууд мэдэгдэхүйц зовиур өгдөг шиг анзаарагдахгүй. Тиймээс хүмүүс хэт ачаалалтай ажлаад, ядрах, ямар нэг дарамтнаас үүссэн түр зуурын стресстэй андуураад байдаг. Гэхдээ бие махбодид мэдэгдэхүйц хүчтэй илэрч гарч ирэхгүй ч гэсэн амьдралын хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж, доройтож, суларч байдаг. Үүгээр сэтгэл гутралыг таньж мэдэх боломжтой.

Өдөр тутмын амьдралын үйл ажиллагаандаа эрүүлээр сэтгэх, шийдвэр гаргах чадвар буурах, баярлаж хөөрдөг байсан зүйлсүүд нь утга учиргүй, баяр хөөргүй болох, хэтэрхий бухимдуу болох, нойрны дэглэм алдагдах зэрэг олон шинж тэмдэгүүд гардаг.

Хоёр дох далд хэлбэр нь улирлын шинжтэй харшил, астомтай адилхан сэтгэл гутрал нь гэнэт хөдлөөд зүгээр болчихдог. Гэхдээ үргэлжлэх хугацаа нь маш удаан байдаг. Зүгээр болчихоод дахиж давтагдаад энэ нь хоёроос гурван жил далд хэлбэрээр удаан хугацаанд үргэлжлэх боломжтой байдаг. Энэ бол сэтгэл гутрал өвчнийг таньж мэдэх нэг мөн чанар юм.

Энэ хоёр төрлийн мөн чанар нь юунаас шалтгаалаад хүмүүст илэрдэг вэ?

Хүнээсээ шалтгаалаад янз бүрээр илрэнэ гэсэн ойлголт байхгүй. Сэтгэл гутрах өвчин нь өөрөө дотроо маш олон янз байдаг. Энгийн хэлбэрээс маш хүнд хэлбэр лүү, богино хугацаагаар, давтамжтайгаар гээд янз бүрээр явагддаг.

Сэтгэл гутралыг энгийн, дунд зэргийн, хүнд гэсэн гурван хэлбэрт хуваадаг. Шалтгаан бол маш олон. Биологийн, генетикийн, удамшлых, нийгмийн гэх мэт шалтгаанууд байна. Ажлаасаа гэнэт халагдах, санхүүгийн дарамтанд орох, харилцаан дээр асуудал үүсэх, тэр ч бүү хэл тэтгэвэрт гарахад сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй байдаг.

Бодисын солилцооны өөрчлөлт, архаг өвчнүүдээс болж сэтгэл гутралд орж болно.

Сэтгэл гутралд ороход нөлөөлж байгаа эдгээр шалтгаануудыг эрэмбэлэх юм бол аль шалтгаан нь илүү их тохиолддог вэ? Манай улсын хувьд аль шалтгаан нь давамгайлж байна вэ?

Нийгмийн шалтгаантай сэтгэл гутрал илүү их байна гэж үзэж байгаа. Нийгмийн нөхцөл байдал, хэт их хотжилт, энгийн амьдрах ёстой хүмүүсийн амьдрал асар их ачаалалтай, бухимдалтай байна. Хүн өөрийнхөөрөө хамгийн сайнаараа сайхан байх гэж хичээсэн ч харамсалтай нь бидний амьдарч буй нөхцөл байдал, орчин сайхан биш байна.

Манай улсын хувьд хүмүүсийн хувь хүний хөгжил сул байгаа. Өөртөө санаа тавих, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нийтээрээ хангалтгүй байгаа учраас сэтгэл гутралд амархан өртөж байна.

Монголд сэтгэл гутралтай хүмүүс хэр их байдаг вэ?

Сэтгэцийн өвчний төрөл, ангиллуудаар СЭМҮТ-өөс гаргасан 7 жилийн өмнөх судалгаа байдаг. 2010 оноос өнөөг хүтэл хугацаанд сэтгэл гутралын эмгэг ихэссэн гэж үзэж байгаа. Энэ судалгаагаар нийт хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутралын өвчнөөр өвчилсөн гэсэн тоо байдаг. Одоо бол энэ хувь илүү их нэмэгдсэн болов уу гэж ажиглагдаж байна.

ДЭМБ-аас барууны орнуудад эмэгтэйчүүдийн дунд таван хүний нэг, эрэгтэйчүүдийн дунд найман хүний нэг нь бүхий л амьдралыхаа туршид дор хаяж нэг удаа ямар нэг төрлийн сэтгэл гутралаар өвдөж, энэ эмгэгт өртсөн байдаг гэсэн судалгаа гаргасан.

Тэгэхээр сэтгэл гутрал нь маш нийтлэг тохиолддог эмгэг гэж ойлгож болно. Энэ судалгаагаар цаашдаа дэлхий нийтийг хамарсан, хамгийн их тулгамдсан өвчлөл бол сэтгэл гутрал байх болов уу гэсэн таамаглал байдаг.

Сэтгэл гутрал энгийн, дунд, хүнд хэлбэрээр явагддаг гэж та хэлсэн. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа гуниглах, сэтгэлээр унах тохиолдол гарлаа гэхэд өөрийгөө сэтгэл гутралтай болчихсон юм болов уу гэж эргэлзэх үе гарах болов уу. Эдгээр хэлбэрүүд нь ямар байдлаар илрэх вэ? Хувь хүн өөрийгөө хэрхэн шинжиж мэдэх вэ?

Анзаарч мэдэх боломжтой.

1. Энгийн хэлбэрийн сэтгэл гутралын үед өдөр тутмын амьдралдаа хэвийн оролцоно. Гэхдээ аливаа зүйлд хүсэх тэмүүлэл нь багасаж, амархан ядардаг, ачаалал даах чадвар идэвхи буурах шинж тэмдэг илэрдэг.

2. Дунд болон архаг сэтгэл гутралын хэлбэрийн үед илэрдэг хамгийн нийтлэг, ноцтой шалтгаан бол өөрийгөө маш их буруутгах, юм болгоныг өөртөө тусгаж аваад надаас л боллоо, би чадахгүй, би муу гэдэг хандлагатай болох, амьдрал, ертөнц дэлхий тэр жигээрээ утга учиргүй болсон мэт санагдах, үүнээс улбаалаад амиа хорлох бодол төрөх, амьдралаа дуусгая гэсэн хүсэл төрж эхэлдэг. Энэ бол сэтгэл гутралын хүнд хэлбэрлүү орж байгаагын илрэл юм.

Хүн гэдэг амьд организм таван хэсэг бүрэлдэхүүнээс бүрддэг. Гадаад байдлаараа нийгмийн, бие физиологийн , оюун ухаан, зүрх сэтгэлийн, сүнсний хэрэгцээ гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгвэл сэтгэл гутрал нь хүнийг бүхэлд нь хамарч эдгээр таван хэсэгт нөлөөлдөг.

Жишээ нь ажил сургуульдаа хэвийн оролцох боломжгүй, ажил хийх сонирхолгүй болох зэргээр нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт нь нөлөөлнө.

· Бие махбодийн хувьд янз бүрийн өвчлөл үүсэх, нойргүйдэх, хэт их унтах гэх мэтээр нөлөөлөх, гадаад төрхөндөө анхаарал хандуулж чадахаа больж хэт их турах, таргалах гээд шалтгаанууд гардаг.

· Оюун санааны хувьд оюунлаг чадвар буурах, шийдвэр гаргаж чадахгүй, анхаарал төвлөрөл буурч, ой санамжинд хүртэл нөлөөлдөг. Хүний тархины ерөнхий үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг бор гадаргуун урд хэсэгт маш их эмгэг үүсэж, үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг учраас хүний тархи эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээлэл дээр ачаалалж ажиллаж эхэлдэг.

· Зүрх сэтгэлийн хувьд амьдралых нь үнэ цэнэ алдагдаж эхэлдэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусдыг үнэлэх үнэлэмж, сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор харилцааны асуудлууд үүсдэг.

Өөрийгөө үнэхээр гунигтай байна уу, эсвэл үнэхээр нэг л биш байна уу гэдгээ хүн өөрөө л хамгийн сайн мэдэрч, мэднэ. Өөрийгөө анзаараад нэг үзээрэй. Жирийн үед би ямар байдаг, гэтэл одоо би ямар байна гээд харьцуулалт хийгээд анзаарч ажиглаж болох юм. Өөртөө санаа тавьж анхаарч чадна гэдэг нь нэг төрлийн боловсрол юм шүү дээ.

Сэтгэл гутралд амархан өртөх гээд байдаг эрсдэлтэй хүн гэж байх уу?

1. 35 -45 насны эмэгтэйчүүд, 40-өөс дээш насны эрчүүд сэтгэл гутралд өртөх байдал өндөр байдаг. Жишээ нь байгалийн гамшиг, ойр дотны хүнээ алдах, тодорхой хэмжээний бодитой томоохон зүйлс сэтгэл гутралыг дагуулах эрсдэлтэй.

2. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд төрөхөөс өмнөх, төрсний дараах сэтгэл гуртал гэж байдаг.

3. Өсвөр үеийнхний хувьд би өөрөө хэн бэ гэдгээ олж таньж мэдэх гэж яваа насан дээрээ аав, ээжээсээ хангалттай хайр халамж авч чадахгүй, тэднийг ойлгохгүй, чиглүүлэхгүй, санаа тавихгүй байгаагаас болж сэтгэлээр унах, сэтгэл гутрах эмгэгрүү хөтлөгдөх эрсдэл үүсдэг.

Ингээд харахад сэтгэл гутрал бол яг энэ бүлэг хүмүүс илүү өртдөг гээд хэлэх боломжгүй. Бүх насныхан сэтгэл гутралд автах эрсдэлтэй байдаг.

Жирэмсний үеийн болон төрсний дараах сэтгэл гутрал гэдэг зүйл нилээн их байгаа шиг ажиглагддаг. Тэгэхээр эмэгтэй хүн бүр энэ үедээ заавал сэтгэл гутралд ордог уу? Энэ онцлогоос шалтгаалж үүссэн сэтгэл гутрал нь хэр хугацаанд үргэлжилдэг вэ?

Жирэмсний өмнөх ба дараах сэтгэл гуртал гэж тусдаа нэр томъёо байна. Эмэгтэй хүн бүр энэ үедээ сэтгэл гутралд тодорхой хэмжээгээр өртдөг. Жирэмсний үе, төрөх, төрсний дараах үеүүд бол хувь хүнд гарч байгаа сэтгэл санаа, бие махбод, оюун санааны гээд бүх талаараа маш том өөрчлөлтөнд ордог. Тухайн хүнд цоо шинэ зүйлсүүдийг хүлээн авах, дасан зохицох, өөрийн болгож хүлээж авах гэдэг дээр шилжилт явагдаж байгаа учраас тодорхой хэмжээгээр хямрал явагддаг. Гэхдээ хүн бүр сэтгэл гутралд орохгүй. Зарим эмэгтэйчүүд хөнгөн байдлаар даван туулж байхад, зарим эмэгтэйчүүдэд маш хүндээр тусаад, сэтгэл гутралын хүнд хэлбэрлүү орох ч тохиолдол бий.

Төрсөн эмэгтэйчүүдийн хувьд түүнийг байгаагаар нь ойлгох, хүлээж авах орчин нөхцөл, хань, гэр бүл, ойр дотны хүмүүсийн хайр халамж туслалцаа маш их хэрэгтэй байдаг. Ийм харилцаа халамж байгаа үед энэхүү амьдралын онцлог үе, хямралаа маш сайн даван гарч чадна гэсэн үг.

Сэтгэл гутралд орчихсон, шинж тэмдэгүүд илрээд байгаа хүмүүс магадгүй энэ ярилцлагыг уншиж байгаа бол сэтгэл гутралаа хэрхэн даван туулах вэ? Ямар эмчилгээ шаардлагатай вэ?

Хамгийн чухал зүйл бол болж байгаа үйл явцаа бусадтай хуваалцаж гаргах ирэх юм. Мэдээж тааралдсан хүнтэйгээ хуваалцана гэсэн үг биш. Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаад цаг аваад уулзаад ярилцаад, зөвлөгөө авах зэргээр сэтгэл зүйн засал эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хүнд эрүүл харилцаа маш чухал. Өөрийнхөө итгэдэг, сайн таньдаг, дэмждэг, зөвлөгөө өгдөг, дотны найзыхаа хүрээнд болж байгаа үйл явц, бодож байгаа зүйлээ, мэдрэмжээ гаргаж хуваалцах нь чухал юм шүү. Харилцаа гэдэг нь өөрөө сэтгэл гутралд маш их нөлөөлдөг.

Сургуулийн орчинд аваад үзэхэд нэг нэгнээ дээрэлхэх, сэтгэл зүйн болон үгэн гадуурхал нь хүүхдүүдийн дунд байдаг. Ажлын байранд ч гэсэн ажлыхаа хэн нэгнийг сэтгэл зүйн байдлаар дарамт үзүүлэх нь сэтгэл гутралтай болоход нь маш их нөлөөлдөг.

Тэгэхээр ийм асуудлуудыг туулж байгаа, зовлон дундууд явж байгаа хүн байгаа бол сэтгэл зүйчид хандаж, хуваалцаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Сэтгэл гутралын өвчин бүрэн эмчлэгдэх үү? Сэтгэцийн өвчин гэхээр хүмүүс эмчлэгдэдгүй гэж ойлгоод байдаг л даа?

Маш хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай, олон жил ийм байдалтай явчихсан бол хий юм харах, янз бүрийн сэтгэцийн эмгэгүүдээр дагалдаж өвчлөх, солиорох ноцтой байдал үүсдэг. Ийм тохиолдолд эрчимт эмчилгээнд орох шаардлагатай.

Хөнгөн төрлийн сэтгэл гутралтай бол хувь хүн өөрийнхөө хөгжил, эрүүл ахуйн ойлголтоо дээшлүүлээд анхаараад явахад өөрийгөө эмчлээд даваад гарах боломжтой.

Хөнгөн сэтгэл гутралыг маш сайн дэглэмтэй амьдралын зөв хэв маягаар зохицуулаад эдгээх боломжтой гэж ойлгож болно.

Сэтгэл гутралын хувьд хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй нэг шалтгаан бол нарны гэрэл дутагдах. Зарим улс орнуудад цаг уурын онцлогоос үүдэлтэй маш удаан сар жил бүрхэг байдагтай холбоотойгоор үүсдэг сэтгэл гутрал гэж байдаг. Үүнтэй адилхан манай нөхцөлд олон хоног сараар бид хүйтний улиралд байдаг учраас нарны гэрлийг сайн авах, мэдрэх боломж дутах, гадагшаа наранд гарахгүй байх нь сэтгэл гутралд бас нөлөөлдөг байх нь.

Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралтай бол өглөөний наранд алхах, дасгал хийх, шим тэжээлтэй хоол хүнс идэх, тогтмол цагт унтаж нойроо сайн авах нь маш сайн эмчилгээ болдог.

Нийгэм ийм их стресстэй байхад бухимдахаас яах билээ гэсэн хандлага хүмүүсийн дунд байдаг. Нэг талаараа хэтэрхий өөгшүүлээд бүр илүү стрессдэх нөхцөлөө бүрдүүлээд байх шиг. Тэгэхээр нийгмийн стресст бага өртөж, бухимдалгүй амьдрах орчноо хүн хэрхэн бүрдүүлэх вэ?

Шаардлагагүй бол жолоо барихгүй байхаас л эхэлнэ. Анзаараад байхад хүмүүс их бухимдалтай, түрэмгий байна. Зүгээр л юм ярих гэхэд урдаас нь зүгээр хариулж чадахгүй байх жишээтэй. Нийгэм стресстэй гэж яриад байгаа боловч үүнийг хэн бүрдүүлж байна гэхээр хүмүүс өөрсдөө л бий болгоод байгаа шүү дээ. Хувь хүний боловсрол, хөгжил дутмаг байгаагын нэг илрэл юм уу даа.

ЕБС-ын сурагчдад түмэн бодис гэж хичээл ордог шиг нийгмийн харилцаа, эелдэг зан чанар гэж юу вэ?, соёлтой зан гэж юу вэ?, ариун цэвэрч байдал гэж юу болох, бусдыг хүндлэх гэх мэт сэдвүүдээр яагаад хичээл орж болохгүй гэж. Энэ тал дээр манайхан асар доройтолтой явж байгаа шүү дээ.

Хүмүүсээ боловсруулахаас гадна хувь хүн өөрөө энэ талаар хичээгээд судлаад, мэдлэгтэй болчихвол нийгмийн стресс багасах боломжтой.

Сэтгэл гутралд өртөхгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Өөрөөс шалтгаалаагүй сэтгэл гутралд орох олон хүчин зүйлс байна. Гэхдээ өөрөөсөө шалтгаалж сэтгэл гутралд ороод байгаа бол мэдээж арга хэмжээ аваад засах боломжтой. Нийгмийн харилцаан дээр яах хэрэгтэй, ажил дээрээ ямар байх хэрэгтэй, бие махбодийн хувьд зөв тогтмол цагт унтахаас өгсүүлээд сэтгэл гутралаас өөрийгөө хамгаалаад явах бүрэн боломжтой.

Оюун санааны хувьд өөрийгөө байнга идэвхитэй байлгаж шинэ зүйл сурч байх хэрэгтэй. Аливаа зүйлийг үнэ цэнэтэй гэж тооцож харах нь чухал юм. Хүнийг аз жаргалтай баяр хөөртэй болгож байдаг зүйл бол харилцаа. Гэр бүл, нийгэм, найз нөхдийн зөв эрүүл харилцаа гэх мэт.

Өөртөө илүү их анхаарал, санаа тавья гэж бодож байгаа бол “халамжлагч” буюу ментортой байх нь чухал. Таныг хөгжүүлдэг, танд хөрөнгө оруулалт хийдэг, боловсроход тусалдаг харилцаанууд маш сайн нөлөөтэй байдаг. Ганц халамжлагч бус өөрийн хүсэл зорилго, дотоод сэтгэлийн хэрэгцээнээсээ хамаараад аль төрлөөр өөрийгөө хөгжүүлмээр байна түүндээ тохирсон хүнийг хайгаад, асуугаад харилцаа үүсгээд олон халамжлагчтай болж болно. Амьдралын тань туршид ойр дотно алхах, тэр хүний амьдралын хэв маягаас нь сайн зан чанар, зуршлыг үйлдлээс нь үлгэрлэн суралцах, оюун санааны хувьд цэнэглэж байдаг, болж бүтэхгүй хандлагыг тань засаж залруулж байдаг тийм хүнтэй болох нь олон сайн талтай.

О.Батбаяр: Хил дээр хязгаарлалт хийхгүй бол, нэг сарын дараа халдварын 10 мянган тохиолдол өдөрт  бүртгэгдэнэ
О.Батбаяр: Хил дээр хязгаарлалт хийхгүй бол, нэг сарын дараа халдварын 10 мянган тохиолдол өдөрт бүртгэгдэнэ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.