/2021.12.27/ Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр КОВИД-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
- "Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр омикроны нөхцөл байдал хүндэрч байна. Одоогийн байдлаар Францад 100 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж байна. Лондон хотод амьдарч байгаа 20 хүн тутмын нэг нь омикрон хувилбараар өвчилсөн байна. Эмнэлгийн ажилчдын 20-30 хувь нь халдвар авсантай холбоотой ажилдаа очих боломжгүй байна.
Омикрон хувилбарын давалгаа орж ирсэн тохиолдолд вакцины гурав, хоёр тунтай иргэд байгаа ч гэсэн халдвар авна. Ялангуяа эмнэлгийн ажилчид өвчилсөн тохиолдолд, заасан хугацаанд гэртээ тусгаарлагдана. Ингэсэн тохиолдолд хүний нөөцийн асуудал үүснэ.
0-5 насны хүүхдийн өвчлөл АНУ-д 50 хувиар нэмэгдсэн байна. Вакцингүй 11-ээс доош насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн өвчлөл эрс нэмэгдэхээр байна. Дээрх шалтгаан байгаа тул гадаадаас ирсэн иргэдэд тусгаарлалт хийж байна. Гадаад оронд халдварын тохиолдол илрэх нь ихэсч байгаа учраас эрсдэл маш өндөр байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлын 50%-ийг онгоцны буудал дээр сөрөг байсан мөртлөө, 3-4 дэх хоног дээрээ эерэг илэрсэн иргэд эзэлж байна.
Гэртээ тусгаарлагдаад 3-4 дэх хоног дээрээ шинжилгээ өгөх хэрэгтэй байсан иргэдийн 30% нь л шинжилгээ өгсөн. Үлдсэн хувь нь гадуур яваад, өөр хүмүүстэй уулзаад байсан. Гадагшаа явж байгаа жуулчид үнэхээр эрсдэлтэй байна. Бид хил дээр хязгаарлалт хийхгүй бол нэг сарын дараа өдөрт 10 мянган тохиолдол бүртгэгдэх нь. Үүнээс 3 мянган иргэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай байлаа гэхэд, бидэнд тийм хүнийг эмнэлэгт хэвтүүлэх бололцоо байхгүй.
Файзер вакцины үйлдвэрлэгч компаниас -60-аас -90 хэмийн хүйтэнд буюу гүн хөлдөөгчинд байгаа вакцины дуусах хугацааг гурван сараар сунгасан мэдэгдлийг ДЭМБ, Ковакс хөтөлбөрөөр дамжуулсан. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн бүх оронд. Учир нь ингэж хадгалсан вакцинд ямар нэг өөрчлөлт орохгүй байгааг судалсан. Дараагийн шатнаас эхлэн бүх вакцинаа есөн сарын хадгалах хугацаатай үйлдвэрлэдэг болсон.
Манай улсад энэ жил хадгалах хугацаа нь дуусах вакцин байхгүй. Аль түрүүлж дуусах вакциныг нь түрүүлж ашигласаар, арваннэгдүгээр сард дуусгасан" гэв.