Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилчдыг "Гэрээт" болгож байдлыг дордуулахгүй хэмээн Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос тавьсан шаардлагад УИХ, Засгийн газраас хариу өгөөгүй тул дахин хэвлэлийн хурал зарласан юм.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг албан хаагчдыг гэрээт ажилтан болгохыг улс орон даяар эсэргүүцэж байна. Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш настай, 470-550 мянган төгрөгийн цалинтай. Түүнээс гадна баталгаатай ажлын байр, ажилласан жилээс хамаарч 2 саяас 12 саяын тэтгэвэр авна гэсэн хүлээлттэй ажилладаг. Дээрх зэрэглэлээр цалинждаг 50 мянга гаруй ажилтан байна.
Ажилчдын эрх ашгийг ҮЭ-ийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр шийдвэр гаргасан нь тэдний амьдралын нөхцөл байдлыг дордуулах нөхцөл үүсэж байна. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлж Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна."
Бид энэ шаардлагад ажилчдынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг тусгасан. Хувийн хэвшилд төрийн үйлчигээний ажлыг шилжүүллээ гэхэд хувийн хэвшил нь ашгийн төлөөх байгууллага байдаг тул хүүхдүүд аюулгүй орчинд байх, хөгжих үйл ажиллагаа алдагдана. Хүүхдэд зарцуулах цэвэрлэгээний зардал 5 мянга байлаа гэж бодоход хувийн хэвшил ашгаа бодоод гурван мянгаар тооцох магадлалтай. Тогооч нар ч хүүхдэд таарсан хоол хийх эсэхэд эргэлзэж байна.