/2021.12.15/ Европын Комисс Шенгений бүсийг шинэчлэх санал гаргажээ. Хөгжлийн шинэ стратегидаа тэд коронавирусын тахлын сургамж, Европын холбоо болон Беларусийн хил дээрх цагаачлалын хямралыг харгалзан үзэхийг хүсч байгаа гэнэ.
Шенгений шинэчлэлийг хийхээ өнгөрсөн намар зарласан ба ЕХ-ны тэргүүн Урсула фон дер Лейен мэдэгдсэнээр Шенгений бүсийн чөлөөт хөдөлгөөнийг хадгалахын зэрэгцээ түүний периметрийн дагуу хяналтыг чангатгах гэнэ.
"Санал болгож буй өөрчлөлтүүд нь Европын холбооны хүрээнд зохицуулалтыг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Европын холбооны нийтлэг гадаад хил, түүнчлэн Шенгений бүсийн дотоод хилийг зохицуулахад тулгарч буй хүндрэлийг даван туулах илүү сайн арга хэрэгслээр улс орнуудыг хангах болно" гэж мэдэгдэлд дурджээ.
Беларусь, Польш, Литва, Латвитай хиллэдэг хилийн нөхцөл байдал шиг цагаачлалын хямрал гарах үед одоо байгаа шалган нэвтрүүлэх цэгүүдийн тоог цөөлөх, Европын холбооны гадаад хилийг хамгаалах арга хэмжээг чангатгах, дүрвэгсдийн хүсэлтийг авч үзэхийг санал болгосон байна.
Үүнээс гадна Европын Комисс нь Европын холбооны гишүүдийг эргүүлэн хүлээн авах тухай хоёр талын хэлэлцээр байгуулах, шинэчлэх, хил орчмын бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудын хооронд илүү үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгохыг уриалж байна. Жишээлбэл, хууль бус цагаачдыг Европын Холбооноос гадуур биш, харин хууль зөрчсөн этгээд шууд ирсэн Европын улсаас албадан гаргахад тусална гэж Европын холбоо үзэж байна.
Европын холбоо мөн 2015 оны цагаачлалын хямрал, террорист заналхийлэл, тахлын улмаас зарим улс орнууд хэрэглэж байсан дотоодын хилийн хяналтад тавих журмыг оновчтой болгохыг санал болгож байна. Хэрэв нийтлэг аюулын тухай ярьж байгаа бол Европын комиссын үзэж байгаагаар дээрх арга хэмжээг Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр батлах ёстой. Ямар ч тохиолдолд Шенгений бүс нутаг дахь хөдөлгөөнийг хязгаарлах нь зөвхөн эцсийн арга хэмжээ болж, хязгаарлагдмал хугацаанд хэрэгжих ёстой гэж үзэж байгаа ажээ.
"Өнөөдрийн бидний дэвшүүлсэн саналын дагуу бид нөхцөл байдлын ерөнхий үнэлгээ хийсний дараа хилийн хязгаарлалтыг зөвхөн эцсийн арга хэмжээ гэж үзсэн тохиолдолдавч шаардлагатай хугацаанд хэрэгжүүлэх болно" гэж Европын комиссар Илва Йоханссон сэтгүүлчдэд мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улс 2022 оны эхний хагаст Европын холбоог тэргүүлж байх хугацаандаа Шенгений шинэчлэлийг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Европ гадаад хилээ илүү сайн хамгаалах хэрэгтэй гэж тэр мэдэгдсэн юм.
Европын холбооны мэдэгдсэнэээр удахгүй болох шинэчлэлийн гол зорилго нь Шенгений бүсийн оршин суугчид болон зочдын аюулгүй байдлыг хангах явдал юм. Энэ нь "Европын холбооны орнуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог бэхжүүлэх, ялангуяа цагдаагийн албыг сайжруулах" гэсэн үг юм. Европын Комисс нь Европын холбооны байгууллагуудын дэмжлэгийг авч харилцан уялдаатай аюулгүй байдлын системийг бий болгохыг дэмжих болно.
Эх сурвалж: Риа новости