/2021.12.15/ Ард түмний дунд “Жижиг” нэрээрээ алдаршсан чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн цэргийн заан Б.Санжаагийн спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулж өгөв.
“Токио-1964” зуны олимпын наадамд анхлан оролцсон тамирчдын нэг нь Б.Санжаа. Тэрбээр Токиогийн дэвжээнд эхний барилдаанаа тэрхүү олимпод түрүүлсэн О.Ватанабэтэй хийн ялагдсан ч дараа нь Филиппиний бөхийг цэвэр ялж, Монголын олимпчдын анхны цэвэр ялалтыг авчирч байв.
Мөн 1966 оны ДАШТ-д Монголын багаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, V байр эзэлсэн билээ.
Б.Санжаа гуай шагнал гардан авсныхаа дараа “Токиогийн олимпод би 80 гаруй кг-аас хасаад 63-т орж байлаа. Над шиг ингэж жин хассан тамирчин Монголд байхгүй дээ. Олимпод явахын өмнө би хамаг сайчуудтай нь түүж барилдана гээд хэлчихсэн юм. Гэтэл сугалаагаар жингийнхээ хамгийн сайн бөх О.Ватанабэтэй эхний даваанд таарчихдаг юм. Сайхан үзнэ гэж бодсон ч их хурдан ялагдсан. Харин дараа нь олимпын анхны цэвэр ялалтыг авчирч байлаа.
Уг нь дараагийн даваанд барилдах байсан ч ЗХУ-ын бөхийг дэмжих үүднээс намайг шууд хасчихсан. Хоёр систем нэгнийгээ дэмжих ёстой гэсэн бодлогын золиос нь болоод өнгөрсөн дөө. Тэгж их жин хасаж өөрийгөө зовоочихоод тэмцээний дундуур хасагдсандаа харамсаж явдаг.
Өнөөдөр МҮОХ миний багахан амжилтыг үнэлж ийм сайхан шагналаа гардуулсанд талархаж байна. Танай хамт олонд амжилт хүсье” гэв.
Эх сурвалж: МҮОХ