/2021.12.15/ УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай мэдээлэл хийлээ. Тэрээр:
- "Монгол Улсад өнөөдрийн байдлаар тэтгэвэр авч байгаа 450 мянган иргэн байна. Тэдгээр иргэд хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа ар гэрийнхэн нь төлдөг байдлаар шийдэгдэж явж байна. Нас барсны гэрчилгээг хүртэл зээлээ төлж байж авдаг тул үүнийг чөлөөлөх ёстой гэх хуулийн төсөл санаачилсан юм. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийт 240 мянган зээлдэгчийн 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй байсан иргэдэд нэг сая хүртэлх төгрөг олгож байсан нь зөв зүйтэй алхам юм.
Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь 300 мянга орчим байна. Бараа, бензиний үнэ маш их хэмжээгээр нэмэгдэж, инфляцийн түвшин хоёр оронтой тоонд хүрсэн. Энэ цаг үед тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй амьжиргаанд хүрэлцэхгүй байна.
900 орчим мянган хүн "ЯДУУ" ангилалд орсон. Энэ дотор тэтгэвэр авагчид гол хувийг эзэлж байна. Энэ хүмүүсийн асуулдлыг шийдэх хүрээнд дээрх хуулийг боловсруулж байгаа юм.
Монгол Улсын хуулиар тэтгэвэр авах насыг нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, эрэгтэй 65, эмэгтэй 60 нас руу улирал тутам нэмэгдэж байгаа. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэй 75 насалж байна. 65 насандсаа тэтгэвэрт гарсан эрэгтэй хүн нэг жил тэтгэвэр аваад л нас барах нь шударга бус зүйл.
Учир нь насаараа НДШ-ээ цаг тухайд нь төлөөд, үүнийхээ хэргийг гаргаж чадахгүй байгаа юм. Дээрх хуулийн төсөл нь үүнийг шийдэх боломжтой юм. Тэтгэвэр тэглэсэн цагаас хойш нийт 71 мянган иргэн 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг ахин авсан байна.