/2021.12.15/ Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгох буюу хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдсан.
Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, "Иргэдийн дунд нэг төөрөгдөл явж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн байгууллагын үйлчилгээний ажилтнуудын орон тоог шууд цомхотгоно гэсэн буруу ойлголт байгаад байна. Энэ салбарын 50 мянган албан хаагч байдаг.
Төрийн байгууллагуудыг чадварлаг орон тоотой, цомхон, цахим, ил тод байлгах хүрээнд дунд урт хугацааны төлөвлөлтүүдийг хийхээр зорьж байна. Тэрнээс биш ирэх жилээс эхлэн шууд орон тоог цөөлж, хувийн хэвшлийн харьяанд өгнө гэсэн зүйл байхгүй. Энэ нь өөрөө боломжгүй юм.
Дээрх ажлыг хийхэд нэлээд бэлтгэл ажил, судалгаа шаардагдана. Хувийн хэвшилд шилжвэл янз бүрийн бүтэц, схемтэй байна. Одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчид маань ямар нэг ААН, бүтцэд шилжсэн ч төрд үйлчилгээгээ үзүүлдгээрээ үзүүлнэ. Он гараад шууд орон тоог нь цомхотгоно гэсэн зүйл байхгүй" гэв.