/2021.12.14/ Их Британид ковид-19-ын шинэ хувилбар болох "Омикрон"-ны "давалгаа" хурдацтай тархаж байна.
Даваа гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсад омикроны хувилбараар анхны нас баралт бүртгэгдсэнийг мэдээллээ. Тэрээр вакцинжуулалтын клиник дээр сэтгүүлчдэд хэлэхдээ: "Энэ бол вирусын арай хөнгөн хувилбар гэж бодож байна, гэхдээ энэ хувилбар нь хүн ам дунд хурдацтай тархаж байгаа нь айдас төрүүлж байна" хэмээжээ.
Мөн тус улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид Омикроны халдвар өмнөх хувилбаруудаас ялгаатай байгааг анхааруулсан байна.
Өнөөдрийн байдлаар "Омикрон" хувилбарын 3,137 тохиолдол бүртгэгдсэн ч бодит тоо нь илүү байх магадлалтай. Мөн Лондон дахь халдварын 40 орчим хувь нь Омикрон байж магадгүй гэжээ.
Их Британи улс энэ сарын эцэс гэхэд насан хүрсэн бүх хүнийг бүрэн дархлаажуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн хоёрдугаар тунг хийлгэснээс хойш 6 сарын дараа нэмэлт тунд хамрагдах хугацааг 3 сар болгож наашлуулжээ.