/2021.12.07/ БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг Улаанбаатар хот дахь салбараараа дамжуулан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаас ярилцлага авлаа. Ярилцлагын агуулга удахгүй болох Бээжингийн өвлийн олимпийн талаар байв. Ярилцлагыг сийрүүлэн хүргэе.
-Энэ удаагийн өвлийн олимпод Монгол Улс хэдэн тамирчинтай оролцох вэ?
-Одоогоор гүйлтийн цанын хоёр тамирчин эрхийн болзлоо хангаад байна. Тэшүүр, цана, биатлоны тамирчид маань олон улсад бэлтгэлээ ханган, олимпийн эрхийн тэмцээн уралдаанд оролцож байна. Нэгдүгээр сарын 15-нд олимпод оролцох тамирчдын эрх эцсийн байдлаар баталгаажна.
-Албаны хэдэн хүн дагалдаж явах вэ?
-Энэ удаагийн олимпод Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад дагалдах зочинг хассан. Тэгэхээр МҮОХ-ны төлөөлөл, спорт холбоодын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагч, эмч, сэтгүүлч гэсэн цомхон бүрэлдэхүүнтэй оролцоно.
-Зарим улс орны удирдлагууд өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлохыг уриалж байна. Та тамирчин байсан хүний хувьд, мөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Спорт улс төрөөс ангид байх ёстой гэж Олон улсын олимпийн хорооны хартид маш тодорхой заасан байдаг. Тиймээс олимпийн наадмыг ямар нэг байдлаар бойкотлох нь буруу гэж бодож байна. Бид юуны өмнө олон жилийн турш хөлс, хөдөлмөрөө зарцуулсан тамирчдынхаа эрх ашгийг бодолцох ёстой. Бүх л олимпийн хороод хамгийн түрүүнд тамирчдынхаа эрх ашгийг хамгаалдаг. Тэр ч утгаараа сая цар тахлын хүнд үед олимпийн их гэр бүлийнхэн маань Токиогийн олимпыг тасалдуулалгүй амжилттай зохион байгуулсан. Дараагийн олимпийн наадам ирэх онд Бээжин хотноо болно. Олимпийн хороод маань дуу хоолойгоо нэгтгэж, олимпийн наадамдаа амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний олимпийн хороо